Гэрээт ажилчны бүртгэлээр бизнес хийхээ боль
Солонгост очиж, ажиллан амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэлтэй монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гэхдээ тэд хүний нутаг руу зүгээр нэг зугаалах гэж явдаггүй. Монголынхоо ядуу, зүдүү амьдралд өвдөг сөхөрч, арга мөхөсдсөндөө л хэдэн төгрөг хуримтлуулахаар явах гэж буй. Гэтэл тэдний энэхүү хүслээр сүүлийн жилүүдэд бизнес хийдэг болоод байна.
 
Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлсэн. Бүртгэл явагдаж байгаа газруудад хөл тавих зайгүй оочер дараалал үүсээд байна. Бүртгэл гурав хоног үргэлжлэх бөгөөд бүртгүүлсэн хүмүүс Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгнө, тэнцсэн нь эрүүл мэндийн үзлэгт орохоор тунаж үлдэнэ.
 
Харин дараа нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулна. Энэ жилийн хувьд Солонгосын талаас манай 1500 залууг шилж сонгон авна гээд гэрээндээ тусгачихсан байгаа гэнэ. Харин бүртгүүлэгчдийн тоо үүнээс барагцаагаар 5-6 дахин их буюу 8000 хүн бүртгэх юм байна. Иймээс нэг ажлын байрны төлөө өрсөлдөх хүний тоо олон болох нь ойлгомжтой.
 
Угтаа бол 1500 хүн явуулах юм чинь 2-3 мянган хүн бүртгэхэд л хангалттай биз дээ. Гэтэл 8000 хүн бүртгэж байгаа нь нөгөө талаараа бизнес болчихож гэж харагдаад байгаа юм. Арай л дэндүү байгаа биз. Зарим хүмүүс бүртгэлийн гурав хоногт нь амжиж бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарласан гэж байгаа.
 
Түүнчлэн солонгосчууд энэ удаад ид хийж бүтээх насны хүмүүсийг бүртгэх шалгууртай гэнэ. Өөрөөр хэлбэл, шалгалтад 1977 оны гуравдугаар сарын 07-ноос 1999 оны гуравдугаар сарын 06-ны хооронд төрсөн иргэд хамрагдах боломжтой юм байх. Мэдээж эх орны минь ирээдүй хойч болсон залуус арай гэж очоод, Солонгосын хамаг л хүнд хучир ажлыг хийхийн тулд байдгаа барсаар байна. Тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж, эх оронд нь ажиллуулж чадвал манай залуус амьдрахын эрхэнд харь улсыг бараадан бусдын “боол” болж, бие эрүүл мэндээрээ хохирохгүй шүү дээ.
 
Манай улсын барилгын салбар, уул уурхай гээд бүгд л харийн ажилчдын үүр болоод байгаа нь нууц биш. Гэтэл ид хөдөлмөрийн насны залуучууд маань Солонгост очоод хамгийн хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим өчүүхэн л алдагдах юм бол хөл, гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдөр бүр ажилладаг. Тэгээд сардаа нэг өдөр баярладаг. Харин цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болдог гээд эмгэнэлтэй гэмээр дүр зураг бууж байгаа биз.
 
Гэтэл ийнхүү хүнд хөдөлмөр эрхлэхээр харь орныг зорих гэсэн хүсэлтэй залуусыг хэдхэн ажлын байрны төлоо хэдэн мянгаар нь бүртгэж хүндрэл үүсгэж байгаа нь хэнд ашигтай юм бол. Эхний ээлжинд бүртгэлийн хураамж гэж 24 доллар хураана. Үүнийг өнөөх бүртгүүлэх гэж оочерлоод буй 8000 хүн бүгд төлнө. Ингэхээр 192 мянган доллар цуглана. Монгол мөнгөнд хөрвүүлбэл, бараг 500 орчим сая төгрөг болж байгаа юм. Гуравхан хоногийн дотор 500 сая төгрөг босгочихно. Үүний дараа бүртгэлд хамрагдсан иргэдийг сургалтад хамруулна гээд бас мөнгө авна. Энэ мэтээр Солонгос руу явах горьдлого тээсэн залуус явсан ч, яваагүй ч 100 гаруй мянган төгрөг зарцуулах шаардлагатай болж байгаа юм.
 
Тэгвэл ингэж асуудлыг хүндрүүлэхгүй нэг ажлын байрны төлөө ихдээ хоёр хүн өрсөлдөж байхаар зохицуулалт хийж яагаад болохгүй гэж. Төр засаг гадагшаа явах иргэдийнхээ хүслээр бизнес хийхийн оронд барилга, уул уурхай зэрэг томоохон салбарууддаа залуусаа дэмжээд ажиллуулбал гадагшаа урсах мөнгөө эх орондоо тогтоож, харьд зарж байгаа хөдөлмөрөө эх орондоо зарцуулна шүү дээ. Үүнийг ухаарч, Монголдоо ажиллаад, авсан цалингаараа амьдраад байх боломжийг бүрдүүлж өгөөч эрх баригчид аа.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-03-10 11:50:09
    Уг нь эх орноо хүнээ гэсэн сэтгэлээр хийвэл асуудлыг өөрөөр зохион байгуулж болно Манай монголд төрд гарсан хүн ард иргэдийнхээ төлөө зөв зохистой юм хийдэггүй...
  • зочин 2017-03-09 07:05:51
    З хоног оочерлоод бараагүй залуус хураалгасанс мөнгөө авч чадахгүй байнаа бүртгэлийн дараа мөнгөө авч болоогүй юм байхдаа авилгагүй бол ч хэцүү бна даа
  • Эрдэнэт 2017-03-09 01:39:14
    Зөв асуудал хөнджээ. Манай эрх мэдэптнүүд арп түмнээ хайрладаггүй, байнга стресс үүсгэж алалцаан болгож байдгын бодит жишээ. Ихдээ 4000-5000 хүн бүртгэн л биз. ...
    • иргэн 2017-03-10 11:53:30
      Ард иргэдээ судалж мэдэж туслах сэтгэл байхгүй Бүх юмыг хуурамч дүр эсгэсэн өөрийн нэр алдрын төлөө хуурмаг юм хийдэг Хийж байгаа дүр зургууд зөндөө байнааа