А.Баасандорж: Дэлхийд алдартай онлайн захиалгын үйлчилгээг бид үзүүлж байна
Дэлхийн үүд Монгол хүн бүрт нээгдэж,  Монгол хүний очоогүй газар нутаг, улс орон гэж үгүй болжээ. Тив дэлхийн өнцөг булан бүрт ажил амины хэргээр зорчиж буй Монголчууддаа зориулан олон улсын нислэгийн тийз борлуулах үйлчилгээг эрхэлдэг Air Мarket ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар тус компанийн  ерөнхий захирал А.Баасандоржтой ярилцлаа. Тус  компани нь олон улс, орон нутгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын чиглэлээр 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  олон улсын IATA холбооны гишүүн 200 гаруй авиа компаниудын баталгаат үнэ бүхий  тийзийг иргэдэд санал болгодог байна.
 
Манай улсад Олон улсын агаарын тээврийн /IATA/ холбооны гишүүн 11 компани үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж нислэгийн тийз борлуулдаг компаниуд нь хямд үнэ, үйлчилгээнийхээ чанараараа өрсөлддөг шүү дээ?  

Олон улсын агаарын тээврийн холбооны /IATA/ гишүүн байгууллага болох авиа компаниуд нь олон улсын худалдааны журмаар нислэгийн үнэ тарифаа харилцан, хэлэлцэж тогтоодог юм.

Тиймээс манай компани тус холбооны гишүүн байгууллагын хувьд IATA-гийн сүлжээнд зарлагдсан үнээр, ямар нэгэн нэмэгдэлгүйгээр иргэдэд тийз борлуулдгаараа давуу талтай. Зарлагдсан үнэ дээр илүү мөнгө нэмж зарах эрх гишүүдэд байдаггүй юм.

Ер нь манай компанийн үйлчилгээг “Нэг цэгийн үйлчилгээ”-тэй адилтгаж болно. Жишээ нь Америк явах гэж байгаа хүн хамгийн хямд үнээр тийз авахын тулд олон газрыг судалдаг. Сөүлээр дайрч нисэх хувилбараар Korean Air-ийн монгол дахь салбарт, эсвэл  Москвагаар дамжихаар Aeroflot-д  ханддаг ч тэдний тийзийн үнэ манайхтай яг ижил байдаг. Нэг үгээр хэлбэл Олон улсын агаарын тээврийн холбооны /IATA/ гишүүн байгууллагуудын тийзний үнэ дэлхийн хаана ч байсан ижил байдаг тул олон газраар явж цаг заваа үрж, чирэгдэхгүйгээр үйлчлүүлэх боломжийг бид иргэдэд олгодог юм.
 
Манай улс руу нислэг үйлддэггүй олон авиа компани байдаг. Тэдний тийзийг танайхаас өөрсдийнх нь зарласан үнээр авч болох уу?

Бололгүй яах вэ. Манай компани Олон улсын агаарын тээврийн /IATA/ холбооны гишүүн хэдий ч  монгол руу нислэг үйлддэггүй Shintaro, British airways, Lufthansa,  United airlines гээд нислэгийн 350 гаруй компанийн тийзийг өөрсдийнх нь тогтоосон үнээр бичих боломжтой.

Жишээ нь Австрали руу явах олон арга  байна. Улаанбаатараас Air Chinа-аар нисэж Бээжингээс дамжих, Korean Air-ээр Солонгосоос дамжин нисэх, эсвэл галт тэргээр Бээжин ороод тэндээсээ хоёр талдаа 300 ам.доллараар нисэх гэх мэт онцгой үнэ сүлжээнд зарлагдсан байх тохиолдол ч бий.  

Иймээс бид /IATA/-гийн сүлжээнд зарлагдсан үнийг судалж, хооронд нь харьцуулж байгаад үйлчлүүлэгчдээ хамгийн ашигтай байх хэд хэдэн хувилбараас санал болгодог. Нэг үгээр хэлбэл үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг нэгт тавьсан үйлчилгээ маань бидний  хамгийн том давуу тал юм.
 
Үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг нэгт тавьдаг гэж та сая хэллээ. Тийзийн хямд үнээс гадна, үйлчилгээний давуу талаа тодотговол?

Бид зөвхөн тийз захиалахаас гадна суудлын захиалга хийдэг. Сэнсэн хөдөлгүүртэй онгоцны хойд тал, жет хөдөлгүүртэй орчин үеийн онгоцны урд талд хамгийн чимээгүй байдаг юм. Олон цаг дамжин  нисэж байгаа хүнд дуу чимээ гэдэг хэцүүхэн  асуудал шүү. Их ч ядраадаг. Харин суудлаа урьдчилж  захиалснаар энэ асуудлыг шийднэ. Мөн цонхон талд суудал авах эсэх, гурван эгнээ суудлын алийг нь сонговол танд ая тухтай байх гээд, хүүхдийн болон цагаан хоолтой хүмүүсийн хоолны захиалгыг урьдчилан өгөх нь ч бидний үүрэг юм. Мөн аль ч онгоцны буудалд байдаг бизнес класс лонж 39 ам.доллар байлаа гэж тооцоход, манай компаниар үйлчлүүлж байгаа хүмүүс урьдчилан захиалга өгч 10 ам.доллар төлснөөр дараагийн нислэг хүртлээ энд амарчих боломжтой. Үнэндээ онгоцны буудлаас авах ганц аяга хоолны мөнгөөр, олон төрлийн хоолноос сонголтоо хийгээд зогсохгүй, ая тухтай орчинд амраад авах боломжийг бид санал болгож байгаа хэрэг л дээ.

Мөн бид байнгын үйлчлүүлэгчиддээ зориулан худалдан авсан үнийн дүнгээс нь хамааран тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх, олон улсын авиа команиудын  урамшуулал давхар уншигдах Air bonus хөнгөлөлтийн карт гаргаад байна.
 
Өмнө нь нислэгийн тийз авахын тулд заавал аль нэг салбарт очдог байсан. Харин одоо онлоайнаар захиалгаа өгчихдөг болж. Ер нь дэлхийн хөгжил хаашаа чиглэж байна? Та бүхэн хаана нь явна вэ?

Зөвхөн салбаруудаараа л дамжин хүрдэг байсан үйлчилгээ маань одоо онлайн орчинд хөгжиж байна. Дэлхий дээр амжилттай яваа онлайн захиалгын Kayak, Orbitz, Travelocity зэрэг компаниудтай яг ижилхэн үйлчилгээг бид үзүүлж байгаа. Дэлхийн жишигт хүрсэн энэ үйлчилгээгээ улам бүр боловсронгуй болгохоор  www.airmarket.mn сайтаа хөгжүүлж байна.

Тухайлбал Америк, Европ, Зүүн өмнөд азийн орнуудаар хямдхан нисдэг IATA-гийн гишүүн бус IATA, Easy jet, Ryan air, Air Asia, Jet Airways зэрэг авиа компаниудын тийзийг бид өөрсдийн захиалгын жагсаалтад энэ оны 2-р хагас гэхэд оруулчихсан байхаар төлөвлөж байна гээд олон ажил бий.

Онлайн захиалга хөгжихийн хирээр онлайнаар төлбөр тооцоо хийх нь ч их болсон. Сүүлийн үед манай үйлчлүүлэгчид Голомт банкны Зэс кредит картаар тийзээ захиалах нь их болжээ. Дөчин таван хоног хүүгүй байдаг болохоор Зэс кредит картаараа тийзээ захиалчихаад, тийзнийхээ мөнгөө арилжаа наймаандаа нэмэрлэж байгаа хүн их байгаа нь сайшаалтай санагдаж байгааг энд хэлмээр санагдлаа. Нэг ёсондоо олон хүнд өгөөжөө өгсөн үйлчилгээг Голомт банк үзүүлж байгаа нь сайшаалтай юм.

Ер нь Монголчууд хаашаа их аялж байна вэ?

Монголчууд 2000 оны үед Бээжин, Сөүл, Москва, Берлин рүү ихэвчлэн нисдэг байсан бол одоо Зүүн өмнөд азийн орнууд, Сингапур, Малайз, Хятадын орон нутгийн Шинжинь, Гуанжоу, Америкийн бүхий л хот руу нисэж байна. Нэг ёсондоо нислэгийн чиглэл их задарчээ. 

Харамсалтай нь сүүлийн үед монголчуудын маань эх оронч хандлага жаахан дутагдаад байна уу даа гэж бодогдох боллоо. Учир нь гадаадын нислэгийн компаниар их үйлчлүүлэх болж. Гэтэл 400,500 онгоцтой дэлхийн акулуудтай, 4,5-хан онгоцтой МИАT компани л бор зүрхээрээ өрсөлдөж байна шүү дээ. Ийм болохоор би МИАТ ХХК-ийг Монголын хамгийн мундаг компани гэж боддог.

Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цаг агаараас болоод бүх нислэг саатчихсан байхад Korean Air-т сууж байгаа хүмүүс дуугүй л сууж байдаг. МИАТ-д сууж байгаа хүмүүс хэл ам хийж байх жишээтэй. Гэтэл Солонгосчууд Korean Air-рээ нисээд Солонгос буудалдаа буугаад солонгос хоолоо идэж, эх орон руугаа мөнгөн урсгалыг чиглүүлж байна. Иймээс бид энэ хэцүү цаг үед эх оронч сэтгэлгээгээр аливаад хандаж, эх орондоо хөрөнгө оруулалт хийж, үндэсний агаарын тээвэрлэгч компаниараа нисээрэй гэж уриалмаар байна.   

Та бүхнийг тийз дамлаж, өндөр ашиг олдог гэж шүүмжлэх хүмүүс ч байдаг?

Олон улсын агаарын тээврийн /IATA/ холбооны гишүүн байгууллагууд,  жишээлбэл Японоос Герман руу нислэг үйлддэг JAL компани, эсвэл Германаас Япон руу нисдэг Lufthansa компани гэхэд олон улсын худалдааны журмын хүрээнд тийзийн үнэ, хямдралын хувь хэмжээгээ хоорондоо хэлэлцэж тогтоодог. Энэ үнийг олон улсад мөрдөж, нислэгийн тийз борлогддог юм.  

Гэтэл үүний зэрэгцээ IATA-д нэгдээгүй, холбооны системд нэвтрэх кодгүй Easy Jet, Ryan Air, Air Asia зэрэг интернэтээр тйизээ борлуулдаг  компаниуд байна.

Эдгээр компаниуд нь дэлхий даяар хийгдэж байгаа хэдэн арван сая нислэгээс хямдхан тийз борлуулдаг.

Жишээ нь Лондонгоос Герман хүртэлх тийзийг дээрх компаниудаар дамжуулан захиалъя гэж бодоход төв буудал биш, Английн хөдөө сууринд байх цэргийн ангийн  нисэх буудлаас Берлины нэг жижигхэн буудал хүртэл зорчих тийз байх жишээтэй. Энэ нислэгт нь голдуу урт насжилттай онгоц нисдэг, замдаа хоол ундгүй, хатуу суудалтай, өдөр солихгүй гэх мэт хатуу нөхцөлтэй байдаг.

Яг амьдрал дээр эдгээр компаниуд нь 20 фунт стерлингийн нислэгийн тийз борлуулсан хирнээ, ачаанаас нь 100 фунт стерлинг авах гэх мэтээр бэрхшээл учруулдаг.  Ийм ялгаатай үйлчилгээтэй авиа компаниудын тийзийг л харьцуулаад байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ үүний ялгааг хүмүүс харьцангуй ойлгодог болсон нь манай үйлчлүүлэгчдийн тоо улам бүр нэмэгдэж байгаагаас харж болох юм.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Бусдад түгээх
  • gplus