Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 
Сар шинийн баяр тохиолоо
 
Монгол түмэн үндэсний уламжлалт их баяр "Цагаан сар"-ын баяраа өнгөрч буй долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил билгийн тооллын 17-р жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жил тохиож буй. Хүнд хэцүү өвлийг даван шинэ онтой золгож буй монголчууд бид ахмад буурлуудтайгаа золгон хүндэтгэж, гэр бүл, төрөл төрөгсдөөрөө цуглан баясдаг баярын өдрүүд үргэлжилсээр байна.
 

Сар шинийн баярт зориулан зохиогддог үндэсний бөхийн барилдаан олны анхаарлын төвд өрнөж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаяр зэрэг дөрвөн аваргаар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхөөс Монгол улсын аварга  Ч.Санжаадамба гурав дахь удаагаа сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан О.Хангай хоёр дахь удаагаа энэ барилдаанд үзүүрлэлээ.
 
 
25 мянган иргэнийг зээлийн хар жагсаалтаас хаслаа
 
Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв.

Үүнд:
-Нэг жилээс илүүгүй хугацаатай,
-Анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй,

-Нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх.
 

Энэхүү шийдвэр нь Монголбанкны зүгээс авч буй нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд  санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Энэ нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарав. 
 
БНСУ-ын визний шинэчлэгдсэн журам мөрдөгдөж эхэллээ
 
БНСУ-ын Засгийн Газраас 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал Визгүй зорчих нөхцөлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болж байгаа юм.
 

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Ингэхдээ сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстойг ЭСЯ-наас анхааруулж байна.
 
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медаль хүртэв
 
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ.Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртэв.  Энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүч сорьсон.
 

МУГТ Э.Содномпилжээ "Рио 2016" паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн. Паралимпоос хойш  анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож ийнхүү бахдам амжилт үзүүллээ.Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилласан.
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.