Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахгүй бол татварын өр нэмэгдэнэ
​Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх  татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа. 

Жолооч та ашиглахаа больсон автомашинаа бүртгэлээс хасуулж амжаагүй яваа бол татварын өр хуримтлагдаж байгаа гэсэн үг. Эвдэрсэн болон ашиглалтаас бүр мөсөн гарсан автомашиныг эзэмшигч 30 хоногийн дотор бүртгэлээс хасуулах хуультай. Энэ тохиолдолд улсын үзлэгт хамруулж, татвар төлөх шаардлагагүй болдог. Гэтэл иргэд автомашинаа бүртгэлээс хасуулаагүйгээс, олон жилийн татварын өр үүсэх тохиолдол их байдаг аж.
 
Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаал гарснаар өнгөрсөн хоёрдугаар сараас тээврийн хэрэгслийн бүртгэлийг цэгцлэх жилийн аян зарласан. Аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд бүртгэлээс хасуулж амжаагүй байгаа тээврийн хэрэгслээ цэгцэлж авах боломж бүрдээд байгаа юм.
 
2011-2016 онд техникийн үзлэгт ороогүй 95770 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Автотээврийн үндэсний төвийн www.transed.mn вэб сайтад гаргажээ. Эндээс иргэд регистрийн дугаараа, аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн регистрийн дугаараа тус тус оруулан, тодорхой мэдээлэл авах боломжтой.
 
Хэрэв таны эзэмшилд байгаа авто машин ашиглагдахаа больсон бол та дараах материал бүрдүүлэн, бүртгэлээс хасуулах юм. Үүнд: 
 
-Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах хүсэлтийг эзэмшигч аймаг, дүүргийн Замын цагдаагийн албанд гаргана
 
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
 
-Улсын дугаарын тэмдэг хавсаргана
 
Ашигладаггүй автомашинаа бүртгэлээс хасуулж чаддаггүй зарим иргэд улсын дугаар, гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдол байдаг аж. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд жолооч нар журмын дагуу 75 мянган төгрөг төлж авах ёстой. Аяны хүрээнд үүнийг хөнгөлж Улсын тэмдэгтийн хураамжийн заалтын дагуу хамгийн доод хэмжээгээр гэрчилгээний хураамжид 8000 төгрөг, улсын дугаар авахад 16 мянган төгрөг буюу нийт 24 мянган төгрөг төлөх боломжтойгоор зохицуулж өгчээ.
 
Монгол Улсын хилээр 2011-2016 онд нийт 8000 тээврийн хэрэгсэл гараад буцаж орж ирээгүй аж. Гаалийн ерөнхий газрынхны мэдээгээр аж ахуйн нэгжүүд ачааны автомашиныг БНХАУ-д, иргэд суудлын автомашиныг ОХУ- руу гаргаж борлуулчихаад улсын бүртгэлээс хасуулдаггүй байна.
 
Хэрэв дээрх шалтгаанаар тээврийн хэрэгслээ гадаад улсад борлуулчихаад улсын бүртгэлээс хасуулаагүй байгаа бол иргэд Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанд хандан олон жил хуримтлагдсан татвараа төлөхгүйгээр зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж болох 7000 төгрөг төлөөд хасалт хийлгэх боломжийг олгож байгаа юм байна.
 
Монгол Улсын хилээр 2011-2016 онд нийт 8000 тээврийн хэрэгсэл гараад буцаж орж ирээгүй аж.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.