“МИНИМАЛИСТ” БУЮУ ХЯЛБАРЧИЛСАН АМЬДРАЛ
Гийгүүлэгч Сэржээ /гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг төлөөлнө/
 
Минималист хэмээх энэ үгийг монгол хэл руу хэрхэн буулгах талаар нилээдгүй бодсоны эцэст өөрт төрсөн мэдрэмжээр буюу “Хялбарчилсан амьдрал” хэмээн нэрлэсэн  юм. Миний хувьд амьдралын энэ хэв маягтай анх танилцаад жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна.  Анх "ингэж амьдрах хэцүү байдаг байх даа" гэж боддог байсан ч ихийг мэдэх тусам илүү хялбраар амьдрах арга юм байна гэдэгтэй санал нийлсэн.

Минималист амьдралын талаар сонирхдоггүй хүмүүс, энэ үзлийг "гуриа", "хорголоо тоолсон" гэх мэтээр сөргөөр харах нь элбэг. Гэхдээ минималист байлаа гээд ганц ээлжийн хувцастай, бараг тавилгагүй шахуу гэрт, амттан идэлгүй амьдрана гэсэн үг огтоос биш юм. Ийм хүмүүсийн гэрт очвол энгийн л айл байдаг.

Ер нь хэрэгцээгүй зүйл худалдан авдаггүй хүмүүсийг минималист хүмүүс гэж ойлгоход болно. Хэрэгцээгүй зүйл гэхээр хэрэгтэй гэж л авдаг биз дээ гэх байх. Тэгвэл шаардлагагүй, илүү зүйлс гэж тодотгоё.

Шаардлагагүй зүйлст юу орох вэ?  Яг одоо та тэр зүйлийг авахгүйгээр амьдраад болж байвал тэр шаарлагагүй зүйл гэсэн үг. Гэхдээ тэр зүйлийг аваад таны амьдрал илүү тухлаг, бас хялбар, хөнгөвчлөгдөж байвал тэр шаардлагатай ч зүйл байж магадгүй юм.

Би минималист амьдралд дуртай.  Гэхдээ хараахан 100% хувь өөртөө төлөвшүүлж чадаагүй л байна. Алхам алхмаар урагшилж буй.

Одоогоор гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглэж дууссаныхаа дараа авах, өмсдөггүй, таарахаа байсан хувцаснуудаа цэгцлэх, шинийг авахаасаа өмнө заавал шүүгээгээ цэгцэлдэг болсон. Гэртээ гал тогооны хэрэгсэл авалгүй жил гаруй болжээ. Болоод л байна. Хааяа зарим зүйлийг үнэхээр худалдан авмаар байдаг ч тун удахгүй дахиад л хэрэглэгдэхгүй орхигдох  тул яаран худалдан авалт хийхээ больсон. Ялангуяа баяр ёслол, найр наадмын үеэр бусдад сайхан харагдах гэж гэртээ шинэ зүйл худалдан авахаа бүр больсон.

Шийдэж чадахгүй байгаа ганц зүйл маань охины минь тоглоомууд. Гэрээ цэмцийтэл цэвэрлээд эргээд харахад л газраар нэг тоглоом.  Битгий тогло гэж хэлж чадахгүйгээс хойш тоглоомуудыг нь хураах аргыг нь зааж өгнө, хураадаг савтай болгоно. Тоглодоггүй тоглоомыг нь хаячихъя гэхээр зориг хүрдэггүй юм. Нэг л өдөр ээж нь "томоохон" зориг гарган үе тэнгийн тоглоомоор дутагдсан найзуудад нь илгээнэ дээ. Эцэст нь дүгнэхэд шаардлагагүй зүйл авдаггүй, хэрэгцээгүй зүйлээ хаяж чаддаг, нэгийг нөгөөгөөр орлуулж юмханаар юмыг зохицуулж чаддаг л бол та минималист гэсэн үг.
 
Гийгүүлэгч Номио /санхүүч/
 
Үнэндээ би өөрийгөө минималист хэв маягтай амьдардаг нэгэн гэхгүй. Үүний учир нь миний хувьд “усаа хэмнэ, цахилгаанаа салга, хэрэггүй хог худалдаж авахаа боль, тор авахгүй цүнхэлчихье” гэх байдлаас өөрөөр амьдралдаа хэрэгжүүлээд байгаа зүйл төдийлөн алга. Минималист болох гээд хүүхдүүдийнхээ тоглоомыг хаяж, өмсөхгүй хувцсыг нь бусдад тараах гэхээр нэг л болж өгөхгүй өнөөдрийг хүрлээ.  

Гэтэл бидний амьдарч буй нийгмийн хандлага өөрчлөгдсөөр...Дэлхий нийтээр чамин тансаг хэрэглээнээс татгалзаж, энгийн стрессгүй амьдрал руу тэмүүлэх болжээ. Тансаг хийцтэй нүсэр том тавилганаас илүү авсаархан, цэвэрлэхэд хялбрыг сонгож, чанартай цөөн хэдэн хувцастай байхыг эрхэмлэдэг болжээ.

Бид хэрэггүй зүйлсийг өндөр үнээр худалдан аваад эргээд түүнийгээ хаяж чаддаггүй. Тэр бүхнийгээ эмхэлж цэгцлэх, угааж арчлахад хамаг цаг заваа зарцуулж, үүндээ стресстдэг. Харин минималист амьдралын хэв маягыг сонгосноор бид амьдралаа илүү хялбар болгох боломжтой юм.

Яагаад минималист амьдралын хэв маягийг сонгох ёстой гэж?
  1. Бид хэрэггүй зүйлд цаг хугацаагаа зарцуулах шаардлагагүй болно
  2. Хэрэггүй худалдан авалт хийхээ больж мөнгөнд хэмнэлттэй амьдрана
  3. Мөнгөө хэмнэж эхэлснээр, хуримтлал үүсгэх боломжтой болно
  4. Өдөр тутам хүн төрөлхтөний үйлдвэрлэж буй хог хаягдлыг багасгахад бидний сонголт чухал үүрэг гүйцэтгэнэ
  5. Илүү үнэ цэнэтэй зүйлсэд цаг хугацаа болон мөнгөө зарцуулж хэвшинэ. Мэдээж энэ хэв маягаар амьдарч байгаа хүмүүс үүнээс ч олон давуу талуудыг нэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Минималист үзлээс илүү санхүүгийн олон зүйлээс хэмнэлт хийхээр хичээдэг байдал маань минималист амьдралын хэв маягыг хүлээн зөвшөөрч, өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэйг минь ойлгуулсаар байна.
Материаллаг эд зүйлст бус хайртай хүмүүстээ болон өөртөө цаг, мөнгөө зарцуулах, эх дэлхийдээ ээлтэйгээр амьдрах үзэл санааг ойлгуулдаг учир та энэ талаар заавал сонирхоорой.
 
Гийгүүлэгч Тогоо /олон нийтийг төлөөлнө/

Өөрт хэрэггүй тавилга, өмсдөггүй хувцсаа хэрэгтэй хэн нэгэнд нь өгснөөс хойш би минималист хэв маягт шунан дурлах болсон юм. Иймээс ч танд минималист чиг хандлагатай хүмүүсийн өгсөн дараах зөвлөгөөнүүдийг хүргэхээр зэхлээ.

·         Онц шаардлагагүй ч худалдаж авахыг хүсч байгаа зүйлсээ 30 хоногийн жагсаалтанд оруул. Ингэж нэмэхдээ бичсэн өдрөө нэмж оруулна. 30 хоногийн дотор авахгүй байх хэрэгтэй. Харин 30 хоносны дараа эргээд харахад заримдаа авах шаардлагагүй болсон байдаг.

·         Идэж дуусаад аяга, тавгаа угаа.  Идэж ууж дууссан л бол ширээн дээрээ бохир үлдээж болохгүй, дор нь угааж цэвэрлэх хэрэгтэй.

·         Хэрэглэснийхээ дараа угаалтуураа цэвэрлэ. Гараа угаах, шүдээ угаах зэрэг үйлдлийн дараа угаалтуураа цэвэрлэж сур. Гал тогоонд ч ялгаагүй.

·         Хувцасаа тайлах бүртээ хурааж, өлгөж хэвш. Усанд орох эсвэл зүгээр л хувцасаа солих бүртээ тайлсан хувцасаа энд тэнд орхилгүй хурааж, эвхэж, өлгөж сур.

·         Тэгш гадаргуу бүрийг цэвэрхэн, хоггүй байлга. Ширээ, тавцан, шал гээд бүгдийг цэвэрхэн байлгаж сур. Хэрэггүй зүйл хэвтэж байвал даруй хурааж цэгцэл.

·         Бүх хувцаснуудаа тус тусад нь ангилж хадгалаад зөвхөн өмсөх хувцасаа гаргаж тавих. Энэ маягаар сар болсны дараа харахад өмсөхөө больсон хувцаснууд тодорч үлдэх тул хэн нэгэнд хандивлах тухай бодох хэрэгтэй.

·         Байгаа зүйлдээ хязгаар тогтоож сур. 30 хувцас, 30 ном гэх мэтээр өөртөө байх ёстой зүйлд хязгаар тавьж сур. Хэтэрвэл зайлуулах, нэмж авахгүй байх мэтээр энэ тоо хязгаараа хатуу баримтал.

·         Сар бүрийн эцэст компьютерээ цэвэрлэж, архивлаж сур.

·         Гурван сар тутамд цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлсээ ялгаж хаяарай.
 Голомт банк
Бусдад түгээх
  • gplus