Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггүй
Цагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар дайлах ёсны тухай мэдээлэл хүргэе. 

Монголчуудын бүхэл махан зоогийг зум,их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс,шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна.

Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан,дээрээс нь ууцаараа бvтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу,хоёр эрүү, хоёр чих,ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хvмvvстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зүүн гараа сүвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина . Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хvндэт зочин эрэгтэй хүн зайдаг уламжлалтай.



Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч үед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно. Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггүй. Ерөөс ганц мах хүнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хөвиргыг зүсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хүзүү тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг. Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин үүн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан ууц бvтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хvндэтгэл бүхий зочиндоо зориулав. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.