Тахиа жилийн өнгийг ингэж тодорхойлж байна

Д.Чойжамц: МОНГОЛЧУУДАД ОЛОН САЙХАН ЗҮЙЛ ИРНЭ

/Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба лам, гавж/


-Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр, Цагаан сарын баяраар монголчууд юу анхаарвал зохилтой вэ?

-Мичин жил монголчуудад олон сайхан зүйл авчирсан шиг ирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна. Цагаан cap бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж буй үндэсний их баяр. 60-70 жил жаахан завсарласан ч 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол хүн хэн бэ гэдгийг Цагаан cap, Наадам хоёр илэрхийлдэг. Бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөөг эдэлж байгаа энэ цаг үед монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайхан баяр.

Шинэ цагт цагаан сарын утга бэлгэдэл улам өргөжиж байна. Улаанбаатар хотод 21 аймгийн ард түмэн аж төрж байдаг. Жилийн турш ах дүү хамаатан садантайгаа уулзаж амжихгүй байх нь ч бий. Цагаан сараар уулзаж, үр хүүхдүүдээ танилцуулдаг болсон. Энэ бол их зүйлээс, элдэв муу зүйлсээс сэрэмжилж сэргийлдэг.
 
Уламжлалт баярын бас нэг сайн тал ирээдүйн элдэв барцдаас гэтэлгэж байгаа хэрэг юм. Ахас ихсээ хүндэтгэх сайхан ёсолгооноос гадна ахан дүүсээ таних их баяр юм. Баяр ёслол хэм хэмжээтэй байдгаас шинийн 3-ны өдөртөө идээ будаагаа хураадаг онцлогтой. Шашин номын үйл шинийн 15 хүртэл үргэлжилдэг. Ард иргэдийнхээ засал номыг 15 хоногийн турш хийдэг онцлогтой.

Ингээд айлчлан ирж буй гал тахиа жилдээ Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сав, шим ертөнцдөө урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.


Ж.Шинэндэнцэл: CAP ШИНЭЭ САЙХАН УГТВАЛ ТУХАЙН ЖИЛДЭЭ САЙН ЯВДАГ

/Жанчивдэчинлэн хийдийн хамба лам/



-Гарч буй тахиа жилийн өнгийг тодорхойлохгүй юу?

-Алтан унжлагат гал тахиа жилийн өнгийг харвал хотол олноороо элбэг дэлбэг ажил үйлс нь бүтсэн сайхан жил болох шинжтэй байна. Ер нь монголчууд эрт дээр үеэс өрх гэр болгон жил жилийнхээ өнгийг өөрсдөө тодорхойлохын тулд cap шинээ сайхан гаргадаг заншилтай. Тухайн улс орон, айл өрх тус бүрнээ жил жилийг cap шинийн өдрүүдээр бэлэг дэмбэрэл ерөөлөөр дүүрэн байлгаж тухайн жилдээ сайн сайхан байх өнгийг тодорхойлдог.

Мөн гал тахиа жилнээ газрын шим өгөөж сайн. Ой, цэцэрлэгт үр жимс, эмийн шим төгөлдөржинө. Үр тариа, хүнсний ногооны гарц арвин. Үхэр малын сүү арвижих сайн. Мөн монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Монголын ард түмэн урт удаан насалж, эв эетэй байж, cap шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
 

Ж.Гончигсүрэн: ЮМТАЙ БАЙЯ ГЭВЭЛ ХЯМГАДАХ НЬ ЧУХАЛ

/Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч/


 
-Гарч буй жил бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тахиа жилд юуг aнxaapax ёстой вэ? 

-Тахиа өндөглөдөг амьтан. Алтан гахай жил гэдэг шиг үр хүүхдэд ээлтэй, өсөн дэвших ирээдүйтэй сайхан жил байна. Зурхайн ёсонд хаврын урь орсон тэр өдрийн махбодыг тооцоолон бодож "Салан дагцал” буюу “Үхэр” зургаа гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг. Энэ жил үхрийн өнгө нь цагаан.
Шороон үхрийн зураглалаас жилийн байцыг үзвэл залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван cap болоод дөрвөн улирлын эхэнд хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй.

Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Аянга цахилгаан, салхи жавар элбэг байна. Ер нь монголчууд бид эрдэм боловсролоо хичээх учиртай. Өөрөө өөрийгөө боловсруулах, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах нь чухал.
 

Д.Нямсамбуу: НАР, САРНЫ ТООЛЛыГ ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭХЭЭС ХАМААРНА

/“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж/


 

-Цагаан cap ойртож байна. Цаг хугацааны хувьд зөв, буруу гэсэн маргаан байнга гардаг. Та юу гэж үзэж байна?

-Шар зурхай ёсоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-нд хооронд Цагаан cap буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиодог. Энэ нь нар, сарны тооллыг тохируулж буй л хэрэг. Түүнээс биш ирээдүйд 2026 оны хавар ч юм уу, умардын циклон түлхүү түрээд, Монгол орчмын цаг агаар олон жилийн дунджаас илүү хүйтэн болохыг тооцож мэдээд Цагаан сараа хойшоо хийж буй хэрэг биш.

Дэлхийн тойрсон олон арван хиймэл дагуулаас авсан хэдэн сая мэдээллийг хамгийн супер компьютерүүд тооцоод ч Катрина хар салхины прогнозыг зургаан цагаас илүү хийж чадахгүй байсан юм шүү дээ. Нэгдүгээр сарын 20-нд илүү хүйтэн байсан. Хоёрдугаар сарын 20-нд цаг агаар нэлээд уярсан байна. Бидний амьдран суугаа бүст дэлхий нартай харьцах тусгал, өдөр уртасч, богиносохоос хамаарч хэсэг хугацаанд дулаан, хэсэг хугацаанд хүйтэн байдаг.

Дулаан байх хугацааг нь зун гээд хүйтнээс дулаанд шилжих завсар үеийг нь хавар гэж нэрлэсэн байна. Товчдоо байгальд өөрт нь яг одоо хавар эхэллээ гэж үзэх товгор, хяналтын зүү үгүй бөгөөд хаврын эхэн cap гэж бид л дунджилж, зохиож, нэрлэдэг гэсэн үг. Нийтийн тооллоор бол бүр гуравдугаар сараас хавар эхэлнэ. Хаврын урь бол Төгсбуянт зурхайгаар тав хоногийн өмнө орсон шүү дээ.
 

О.Оюунчимэг: ОНЦГОЙ ЗАСАЛТАН ОЛОН БАЙНА

/Зурхайч, академич/

-Гарч буй гал тахиа жил зурхайд ямар төлөвтэй буув?

-Монголчууддаа XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн мэндийг дэвшүүлье. Нэрнээсээ эхлээд нийт ардад минь ээлтэй сайхан жил байх болов уу. Айлчлан ирж буй тахиа жилийн төлөв зурхайн зурлагад залууст /дунд суудалтай/ сайн. Нялхаст /түмэн олон/ дунд, өвгөд хөгшдөд /дээд суудалтай/ муу болой. Дээд ихэс энэрэхүй бээр улс орноо тэтгэн эдийн засаг, сайжрах ч хямрал үргэлжлэх нигуртай Газар шим өгөөж сайтай, Хүнс ногооны гарц арвин, газарт байгалийн гамшиг буй.

-Засал номын тухайд та юу хэлэх вэ?

-Тахиа жилд онцгойлон анхаарах засалтай хүн олон байна. Үүнд:

A. Туулай-дүсгэр буюу их харш.
Б.Морь, хулгана-шишид бага харш
B.Үхэр, могой-Ивээл жилийн буюу түнсүм засалтай.
Г. Морь, цагаан жил буюу лочар ургах жил тул гэм их гэж зурхайд буужээ.

Мөн хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засалтай. Могой, морь жилтнүүд наши дүрсүмийн засалтай /өвдөх, үхээрт орших/ тул тухайн жилтнүүд хаана, хаанаа анхаарч засал номоо сайтар уншуулах хэрэгтэй. XVII жарны “Алтан унжлагат” гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж санасан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай, Та бүхэн cap шинэдээ сайхан шинэлээрэй. Ард түмний минь өлзий жаргал тэгж байх болтугай.
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine