УИХ-ын гишүүдийг “оны ялгаа” зовоож байна гэнэ

МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Хүн бүр үүнийг мэдэж байгаа ч дахиад заавал нэг сануулмаар санагдлаа. Үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсны 40 нь цоо шинэ гишүүн байгаа. Үндсэндээ анх удаагаа УИХ-д сууж байгаа гэсэн үг. Уг нь нэг нам олонх боллоо, одоо зоригтой шийдвэрүүд гаргаад, том төслүүдээ хөдөлгөөд, хэдэн толгойгоо гайгүй ажиллуулаад явах байх гэтэл тэгсэнгүй. Намрын чуулганы үр дүнг одоо мэдлэгтэй, чадвартай хүмүүс эхнээсээ дүгнэж байгаа. Нэг их олигтой юм хэлсэнгүй. Яахав, эхчүүдэд ээлтэй чуулган боллоо гэх мэтийн жижиг сажиг, аар саар юм яриад байгаа юм. Гэхдээ улсад хэрэгтэй ажил хийв үү гэвэл бараг алга. Тэд хамгийн зоригтой шийдвэр гаргасан нь Оросын талд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаад аваад ирсэн хувийн компаниас өмчийг нь дээрэмдлээ.

УИХ-ын чуулганаар хэлэлцээд, төр өмчөө буцааж авах ёстой гээд л шийдчихсэн. Оросын талд байсан 49 хувь хэзээ ч Монголын төрийн өмч болчихсон юм, бүү мэд. За тэр ч яахав, нэгэнт болсон асуудал. Араас нь гарч ирэх үр дагавар нь удахгүй мэдрэгдэх байх. Харин МАН-ын 65 гишүүний 40 нь цоо шинэ хүн. Анх удаагаа УИХ-д сууж байгаа. УИХ-ын гишүүн болохыг хэмжээгүй эрхт хаан мэт эрх мэдэлд хүрч, уулыг нүхэлж, усыг эргүүлэх мэтээр бодсон шинэковууд цөөнгүй байгаа байх. Гэтэл нөхцөл байдал тэдний бодсоноор болоогүй бололтой. Үндсэндээ шинэ гишүүд ердөө л “утсан хүүхэлдэй” болж хувираад байна. Бүгдийг нь хэлсэнгүй, тэр дунд өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв зүйлийн төлөө тэмцдэг гишүүн цөөнгүй байгаа байх.

Гэхдээ л ихэнх нь “утсан хүүхэлдэй” болчихоод байгаа юм. Яагаад ингэж зоригтой хэлэв гэж үү. Зарим шинэ гишүүд цаагуур чинь зовлонгоо яриад явж байна гэнэ. Байнгын хороо, чуулганы хуралдааны өмнө томчууд нь утсаар ярьж, эсвэл мессэж бичээд, энэ асуудал дээр тийм байр суурь барина шүү. Ингэж саналаа өгөөрэй гэж байнга хэлдэг гэнэ ээ. Хэлдэг ч гэж дээ тушаадаг, цаашлаад дарамталдаг гэхэд болно. Тийм болохоор хуралдаа суухаас ч дургүй хүрч, УИХ-ын гишүүн гэдэг хүсээд байх албан тушаал биш юм байна гэж эхнээсээ ойлгож буй бололтой юм. Уг нь нэг бөх гишүүн чуулганы үеэр “Энэ парламентад 40 шинэ гишүүн бий.

Тэд улс орныг өөрчилнө. Шинэ үзэл бодол, бодлого тусгана” гэх маягийн юм ярьж суусан. Гэтэл шинэ гишүүн их байх тусмаа “утсан хүүхэлдэй” олширч, ердөө л томчуудын заасан замаар урагшаа л болчихоод байгаа юм биш үү. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн асуудлыг шийдэж, хууль журам баталдаг гэж иргэд боддог. Гэтэл яг начир дээрээ тийм зүйл алга. Пүрэв, баасан гарагт чуулган хуралдахад 20 гаруйхан хүн суучихаад, бие биенийхээ кнопыг дараад л, хууль баталж суудаг. Эсэргүүцсэн хүн бараг л байдаггүй. МАН нэг цул үзэл бодолтой, бүлэг дээрээ тохироод л тэгж дардаг гэж иргэд ойлгодог байх.

Гэхдээ 65 хүн бүгдээрээ нэг байр суурьтай байна гэдэг утгагүй асуудал биз дээ. Ингээд бодоод үзвэл ердөө л 4-5 эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай, зөнөж үхтлээ парламентад суусан хүний л “утсан хүүхэлдэй” болоод байгаа юм биш үү, бусад нь. Тэр дундаа МАН 2016 оны сонгуулиар баахан шинэ хүнийг оролцуулсан нь бүгд ялж, “утсан хүүхэлдэй”-н тоог үлэмж хэмжээгээр өсгөчихсөн хэрэг. Ямар сайндаа л эхнээсээ гишүүн байх, “утсан хүүхэлдэй” болохын зовлонг биеээрээ туулаад, аргаа барахдаа чуулгандаа хүртэл суухгүй байх вэ дээ.

Тэр дундаа жаахан залуу, хөрөнгө мөнгө багатай гишүүд бол хүссэн хүсээгүй л “утсан хүүхэлдэй” болох зам руугаа орно доо. Хэрвээ тэдний дүрмээр тоглохгүй бол дөрвөн жил гишүүний цалин авсан болоод л улстөрчийн замнал нь дуусна шүү дээ. Яахав, дөрвөн жил тусгай хангамжтай, халдашгүй бүрэн эрхтэй л байх болов уу. Өөр ч олигтой юм байхгүй болно. Хэрвээ улстөрчийн замналаа цааш нь үргэлжлүүлээд, яваандаа гайгүй албан тушаалд очихын төлөө явна гэвэл одоохондоо “утсан хүүхэлдэй” байхаас өөр сонголт алга. Аль ч нам ялсан байсан хэдхэн удирдагчийн зохисон загвараар л улс төр явж байна.

Бусад нь үндсэндээ “утсан хүүхэлдэй” болж, тэрийг нь дагаад, кноп дарах зориулалттай л болчихоод байгаа юм. Хамгийн гол нь шинэ гишүүн хэр их байна, тэр хэрээрээ “утсан хүүхэлдэй”-н тоо өснө. Хэрвээ 76 гишүүн бүгдээрээ хоёроос дээш удаа УИХ-д суусан хүмүүс байвал тийм амар “утсан хүүхэлдэй” болчихгүй нь тодорхой. Бас ч гэж үгээ хэлнэ, үзэл бодлоо илэрхийлнэ, үзэж тарж, үсэрч наалдана биз дээ. Гэтэл одоо бол МАН-ын шинэ 40 дотор үзэж тарж, үсэрч наалдах нь хэд билээ.

Бохь, боовны хэрүүлтэй л хэдэн хүн байна. Дээрээс нь хурал тасалсан цагаараа тэргүүлэгчид цөөнгүй байгаа юм. Хөөрхийс, өөрийн эрхээр хуралдаа сууж чадахгүй, хэлэх үг, барих байр суурь, дарах товчлуураа заалгаад байхаар заримдаа залхдаг байлгүй дээ. Одоо энд ганц л гарц байна. УИХ-ын гишүүнд өрсөлдөх насыг нэмэх. 30-35 настай,  учраа мэдэхгүй залуучууд аз нь таараад парламентад ороод ирэхээр явж явж “утсан хүүхэлдэй” болох л зам руу орчихож байгаа байхгүй юу. За тэгээд жаахан мөнгө муутай бол.

Дээрээс нь хөгшчүүл нь дарамтална. Дараа нь тойрог өгөхгүй энэ тэр гээд л. Харин 40 насныхан бол арай өөр. Ядаж тэмцэх, өөрийнхөө байр суурийг хамгаалах чадвартай болчихно. Тийм болохоор 25 нас хүрсэн хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэсэн заалтыг өөрчлөөд, 35 болгочихмоор байна. Ядаж л буурь сууна. Өглөө унтаад байхгүй, хурал таслах нь бага. Гэх мэт давуу талтай. Түүнээс биш МАН шиг үзэл бодлоо хамгаалж “дайтдаггүй”, бүх гишүүдээ базчихсан, олгой хагаравч тогоондоо хэмээх үгийг мөрдлөгө болгож, бугшчихсан намд бол аль болох цөөн “утсан хүүхэлдэй” байвал сайн. Ядаж л төрийн бодлого 10 хүрэхгүй хүний эрх ашгийн дагуу явахгүй шүү дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шал худлаа 2017-02-20 04:01:50
    Адилхан гишүүн байж өөрсдийнх нь мэдлэг боловсрол, сэтгэл зүйн ухамсараас их шалтгаалж бга. Ажилаа сайн хийхгүй бн. Хуулиа уншиж сайн судлахгүй бн. Нөгөө хэлд о...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-20 02:07:56
    40 нас яг болно, анхны хүүхдэд нь 20 гарчихна, аягүй бол өвөө, эмээ болсон байна, их олон сургууль төгслөө гэхэд 30-40 насандаа 10 жил ажил хийчихсэн байх байлг...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах