Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 35 гэмт хэрэг бүртгэгджээ
Замын Цагдаагийн Албанд өнгөрөгч нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй буюу осол, хэргийн газрыг орхин явсан, зохих байгууллагад мэдэгдээгүй нийт 35 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 27 гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоон хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлэсэн байна.

Зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарсанаас осол, хэргийн газрыг орхин явах явдал нилээдгүй бүртгэгддэг аж.

Мөн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг байна.

Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугатаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг.

216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”.

216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Иймд жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг ЗЦА-аас зөвлөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.