ХасБанкны Гүйцэтгэх захирлаар М.Болд томилогдлоо
ХасБанкны толгой компани болох  Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны 7-р сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлаар Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал М.Болдыг ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар томилж, одоогийн Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очирыг тус банкны Ерөнхий захирлын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Магваны Болд нь 2011 оны 1 дүгээр сарын 1-ээс одоог хүртэл ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө ХасБанкны Ерөнхийлөгчөөр 3 жил, Гүйцэтгэх захирлаар 2 жилийн хугацаанд ажиллаж байсан юм.

Тэрээр арилжааны банк, Монголбанк, Олон Улсын Валютын сан, Дэлхийн банк зэрэг гадаад дотоодын санхүүгийн байгууллагуудад удирдах болон зөвлөх шатанд ажиллаж ирсэн, энэ салбарт 20 гаруй жилийн арвин туршлагатай шилдэг удирдах ажилтан юм. Мөн тэрээр 2008 оноос Исланд улсын Өргөмжит консулын албыг хашихын зэрэгэцээ 2007-2010 онуудад Монголын Банкуудын Холбооны Дэд ерөнхийлөгч, 2011 оноос Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

М.Болд нь 1986 онд Будапешт хотын Эдийн Засгийн Их Сургууль, 2001 онд Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийг эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр төгссөн, олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.

Компанийн засаглалаар тэргүүлэгч, “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” болох ХасБанкийг ирэх он жилүүдэд удирдах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн авч байгаа М.Болд захиралдаа ХасБанкны нийт хамт олны нэрийн өмнөөс эрч хүч, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Бусдад түгээх
  • gplus