“Мах Маркет” ХХК-ийнхан ажилчдадаа 120 мянган төгрөгийн үнэтэй бууз хүчээр шахаж байна уу

-“Оюу Толгой” компанид нийлүүлсэн махнаас нь үс гарсан гэх шалтгаанаар торгууль тавьж, тэрийгээ Мах бэлтгэх дамжлагын ажилтнууддаа хуваан тооцсон гэх”-

Монгол Улсад сүүлийн 15 жилд томоохон ажлын байр үүсгэн, улс дамнасан үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр цөөнгүй байгуулагдсан. Эдгээрийн нэг нь “Мах Маркет” ХХК билээ. Анх 2001 оноос мах бэлтгэл, мал нядлагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө эхлэн боловсруулах, бэлтгэн шулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах таван цехээс бүрдсэн боловсруулах үйлдвэртэй, сэврээх, гүн хөлдөөх, хадгалах 17 агуулахаас бүрдсэн хөргөх үйлдвэртэй, итгэмжлэгдсэн лабораторитой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж болтлоо өргөжин тэлж, Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр болж гаргуун амжилт үзүүлсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Бас ч үгүй Монголын урдаа барих томоохон ажлын байрыг бэлтгэж, олон зуун хүний ахуй амьдралд нэмэр болж байгаа гэхэд болно.

Гэвч нүсэр том үйлдвэрийн байгууламж, чанарын нэр хүнд, олон хүнийг хоолтой нь залгуулж буй буянтай ажлын цаана хөндөхөөс аргагүй асуудал нуугдаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус компанийн хамгийн хүнд ажил болох мал нядлагаа, мах шулалт, сортолж ялгах ажиллагааны хэсгүүдэд олон хүн ажиллаж байгаа.
 

Бага цалинтай хэрнээ 120 мянган төгрөгөөр бууз авах нь шударга уу


Дээрх хүмүүс ажил үүргийнхээ дагуу ажлын цагийн турш усны гутал өмсөх, хурц хутга, хэрчигчтэй тулж ажиллах, өчүүхэн төдий үс хялгас, яс үртсийг нягт шалгах, түүхий махны дэргэд өдөржин байх гээд хүнд нөхцөлд ажилладаг. Гэтэл дээрх хүмүүст компанийн зүгээс ямаршуу байдлаар дарамт учруулдаг талаар тус компанийн хэсэг ажилчид бидэнд зовлонгоо тоочин ярьж байсан юм.

Тухайлбал, тун удахгүй Сар шинийн баяр болж, үндэсний гэгдэх цорын ганц уламжлалт өдрүүдэд монголчууд дор бүрнээ бэлтгэж байна. Энэ баярыг тэмдэглэхэд чамгүй зардал гарна. Харин “Мах Маркет” компанийн зүгээс бүх ажилтандаа үйлдвэрийнхээ тус бүр 120 мянган төгрөгийн үнэ бүхий буузыг “шахах”-аар завдаж байгаа аж. Энэ байдлаа ил зарласан төдийгүй, эсэргүүцсэн хүмүүсийн өөдөөс “Та нар компаниа бодох хэрэгтэй” гэх үгийг хэлдэг гэнэ.
Уг нь тус компанид маркетингийн баг, санхүүгийн хэлтэс гэж байгаа. Тэдний үүрэг бол зах зээлийг судалж, үйлдвэрлэлийн хэмжээгээ зөв тооцоолон, шударга өрсөлдөөний зарчмаар бизнесийн үйл ажиллагаа явуулах явдал. Гэтэл тэр том үйлдвэрийн ажилтан бүрт 120 мянган төгрөгтэй тэнцэх бууз шахах байдал үүстэл илүүдэл гаргаж орхисон бололтой. Багахан тооцоо хийвэл, энэ компани 100 ажилтантай гэж бодож үзвэл даруй 12 сая төгрөгийн буузыг зах зээлд борлуулалгүй, буузны онц шаардлагагүй ажилтнууддаа хүчээр шахах замаар зардлаа нөхөхөөр зэхэж байна гэж ойлгогдохоор буй юм. Харамсалтай нь “Мах Маркет” ХХК-ийн хүний нөөц 100-хан хүнээр зогсохооргүй “аварга” гэдэг нь хэнд ч тодорхой. Дараагийн бага шиг тооцоог хийхэд, тус компанийн дундаж цалин 700 мянган төгрөг байна гэж үзвэл, татвар шимтгэлийг хасаад нэг ажилтан гар дээрээ 567 мянгыг л арай хийж авна. Гэтэл энэ багахан цалингаас нь дахиад 120 мянган төгрөгийг буузаар тулгавал тухайн хүний ар гэр сар шинийн баяраа 447 мянган төгрөгт багтаан хийж, цаана нь унааны мөнгө, өөр бусад зардлаа нөхөх мөнгийг авч үлдэх болж буй юм. Уг нь 120 мянган төгрөгөөр тарган хонины мах 20 кг, нэгдүгээр гурил 20 км-ыг элбэг гэгч нь аваад, өөрийн дуртай буузаа тааваараа хийхээр санагдах юм.

Энэ компанитай холбоотой асуудал үүгээр дуусахгүй бололтой. Энэ нь “Мах Маркет” ХХК-иас авсан махнаас үс гарсан, хиамнаас нь яс гарсан гэх гомдол олон гардаг гэнэ. “Гэнэ” гэхийн учир нь, эдгээр гомдолд дурдагдсан яс, үсийг “хохирсон” этгээдүүд “Мах Маркет”-ийнханд харуулан, холбогдох газруудад гомдоллосон, хяналтын шинжилгээ хийлгэсэн тохиолдол бараг л байдаггүй бололтой. Хамгийн гол нь, компанийн удирдлагууд хийгээд хянаж шалгадаг мэргэжилтнүүд нь энэ гомдлын мөрөөр үйлдвэрлэлийн шалгалт явуулсан нь бүр байхгүй.

Тийм атал, “хохирогч”-ийн хохирлыг барагдуулсан тул компани хохирсон гэх шалтгаанаар мах бэлтгэх дамжлагын ажилтандаа торгууль тавьдаг гэнэ. Хамгийн сүүлийн жишээгээр, “Оюу Толгой” компанид нийлүүлсэн махнаас нь үс гарсан гэх шалтгаанаар торгууль тавьж, тэрийгээ Мах бэлтгэх дамжлагын ажилтнууддаа хуваан тооцсоноор нэг хүнд 120 мянга гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна. Бас нэг хэрэглэгчийн хиамнаас яс гарсан учраас бараг тэр хэмжээний торгууль ч мөн гарч иржээ.

Ингээд нийлүүлж тооцохоор, буузны 120 мянга, “үсний” 120 мянга гаруй, “ясны” бараг 120 мянга гээд 360 мянган төгрөгийг ажилтан тус бүрийн цалингаас ёстой л өм авахаар болчихсон байгаа гэнэ. Дээр дурдсан 447 мянган төгрөгөөс яг хэд үлдэхийг тооцохыг ч хүссэнгүй.
 

“Мах Маркет” ХХК-ийн албаны хүмүүс тодорхой хариултыг өгсөн нь зөв байх


Ингээд бид энэ талаар тодруулахаар тус компанийн 7555-.... дугаартай утсанд холбогдон Дотоод хяналтын ажилтан Цэрэнбаатартай ярихад “Энэ мэдээллийг манай ажилтнуудаас өгсөн үү. Би удирдлагууддаа мэдэгдэнэ. Эргээд өөртэй тань хариу барья” гээд утсаа тасласан юм. Ингээд бид зөвхөн нэг талын эх сурвалжийг баримтлахгүйгээр МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Одоогоор “Мах Маркет” ХХК-ийн бүтээгдэхүүнтэй холбогдсон гомдол аль нэг иргэн, компаниас ирсэн тохиолдол гараагүй” гэв. Тэгвэл тус компанийн удирдлагууд яг ямар шийдвэр, баталгаа, шинжилгээний хариунд үндэслэн дээрх торгууль, шийтгэлийг ногдуулаад байгаа юм бол гэдэг нь хачирхалтай. Түүнчлэн дээрх мэдээллийг өгсөн ажилчид өөрсдийг нь халах вий гэдгээс ихэд болгоомжилж нэрээ хэлэхийг хүсэхгүй байсныг дурдах нь зүйтэй байх. Яг үнэндээ аливаа нэгэн байгууллагад болж буй хууль бус үйлдлийг дотор нь ажиллаж байгаа хүмүүс мэднэ үү, гэхээс бус гадаад ертөнцөд байгаа иргэд мэдэх ямар ч боломжгүй гэдгийг хэн хүнгүй л мэднэ.

Тиймээс дээр бичигдсэн зүйлийн аль нь үнэн, аль нь худал вэ гэдэгт “Мах Маркет” ХХК-ийн албаны хүмүүс тодорхой хариултыг өгвөл зохилтой болов уу.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэрэглэгч 2017-02-11 04:41:07
    зөв. хулхи бууз баншаа өөрсдөө идэг.
    103.212.117.129
    Мэдэгдсэн Хариулах
  • улсын юмыг зориудаар дампууруулж 2017-02-10 05:38:04
    бүх юмаа төр хувийнхнаас буцааж авах нь зөв хувийнхан бол ард иргэдийг сорон мөлжигч хувалз цайчихсан луйварчингууд шүү дэ төр бол ядахдаа цалингаа өдөөд бна шү...
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol hun 2017-02-10 05:28:18
    yagaad mongol companiud iim ydarsan setgehguitei baidag ym be MAK, NARAN, MAH MARKET. Darga n mashin huuhendee mungu gamgui hayad neeh peediisen ymnud bga da
    124.158.109.41
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-10 05:08:51
    хувийхан иймл бгашдэ энэ юуч биш зарим нь бүр хэдэн сар юуч өгөхгүй гээч за тэр ажиллаж бга орчин нөхцөлтэй бол ярихч юм биш төр хувийнхнаас юмаа буцааж авьяааа...
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах