Р.Чойном, О.Дашбалбар нарын мэндэлсэн өдөр

Өнөөдөр Билэг танхай яруу найрагч, Төрийн шагналт Р.Чойном, Төрийн шагналт, нэрт яруу найрагч, эх оронч О.Дашбалбар нарын мэндэлсэн өдөр тохиож байна. Р.Чойном 1936 оны энэ өдөр Хэнтий аймгийн Дархан сумын нутагт мэндэлсэн бол  О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ.

Билэг танхай яруу найрагч, Төрийн шагналт Р.Чойномын “Хүн”, “Ээждээ айлгаж хэлсэн үгс”, “Зарим заримдгуудад зориулсан шүлэг”, “Бяцхан сургаал-1”, “Залуу нас”, “Архи” зэрэг шүлэг нь эдүгээ монгол түмний сэтгэлд хоногшин үлдсэн юм.

Мөн Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ”, “Тэнгэр шиг бай”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, “Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү” зэрэг олон сайн бүтээлийг монгол түмэн андахгүй.

Тэднийг хүний зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээл туурвидаг яруу найрагчид  хэмээн одоо ч дурсан санадаг. Р.Чойном 43 насандаа энэ хорвоог орхисон бол О.Дашбалбар мөн л 42-хон насандаа хорвоог орхисон юм.

Р.Чойном: Сүүлчийн шүлэг 

Ахар богино насалсан ч их яруу найргийн

Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо

Аль ч орны урчуудын бүтээгээ нь үгүй хөшөөг

Ард түмнийхээ зүрхэн тольтноо цогцлууллаа

Хүний ертөнцөөс хүн нэг дутаж

Хүндэтгэлийн ертөнцөд хөшөө нэгийг нэмж

Эрин үеийнхээ их тэнэгүүдтэй хийсэн

Ринчиний Чойномын цусгүй дайн дууслаа.

Хэнтийн их уулын цэнгэлд шартам хормойд

Хэрлэн их мөрний цэцгийн гурван сард

Эхний шүлэг бичсэн алтан өдрөөс хойш

Эгэл миний биед хоёр хүн багтсан юм.

Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн эр би

Жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг даган

Ядуу шүлэгчийн бууринаас яруу найрагч бол

Ядрал, ялалт хоёрыг нь мөрөндөө үүрч явлаа

Энхэрхэн гоо минь ээ,

Ээмэг, бөгж, бугуйвч

Эрдэнийн чулуун зүүлт

Энэ бүхэн чинь юу юм бэ?

Хүн алттай ханшдаггүй

Хүйтэн чулууг тэвэрдэггүй

Халуун цогцсыг тэвэрч

Хайрын үгэнд уярдаг юм.

Алт үг хэлдэггүй

Алаг чулуу дуу дуулдаггүй

Яруу найрагчийг мөрөн дээрээ үүрч

Ядрал цэнгэлийг нь амссан биеэрээ

Ялалтынхаа алтан хөшөөг бүтээлээ

Үүрийн гэгээ шиг залуу зандан насаараа

Үнэ хайргүй олж авсан энэ ялалтынхаа

Үр шимийг хүмүүс та нартаа баръя.

О.Дашбалбар агсны амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн шүлгийг хүргэж байна.

Хүнд туслах агшин хайрла /Зээ хүү Ш.Дашдоржид/

Өлссөн нохдод хоол өгөхдөө би

Хачин их баярладаг.

Өлөгчин гичий цадаад явахдаа

Сайны ерөөл уншдаг.

Өнчин хүүхдэд хэдэн төгрөг өгөхдөө би

Хачин их баярладаг

Өр өвтгөсөн нялх амьтад нүдний нулимс гаргадаг.

Хүнд туслах агшин бүрийг

Алдахгүйг хичээдэг

Хүйтэн шөнө үнээ малыг өрөвддөг.

Эргэн тойронд минь юу ч боллоо гэсэн

Нинжин сэтгэлээ алдахгүй би

Энэ хорвоогийн амьтан бүхэнд

Хайр энэрэл хүсдэг би

Талд шогшиж яваа гуринхалсан чоныг

Хачин их өрөвддөг би

Тагтад урамдах бугыг ч

Хачин их өрөвддөг би!

Намрын бүрэнхийд даарсан

Цэцгүүдийг өрөвддөг би

Намайг хүн болгосон

Амьдралыг дээдэлдэг би

Манант хорвоогоос буцсан аав, ижийгээ

Хачин их санадаг би

Мартаж чадахгүй өдөржин шөнөжин зовдог би

Хүнд туслаагүй өдрүүд минь

Надад бараан санагддаг.

Хүйтний туйл, хоосон цөл шиг санагддаг.

Аяа, бурхан минь

Хүнд туслах ганц агшин ч болов хайрла

Алтан өдрүүд хайрлавал

Амьтны тусыг бүтээнэ би

Ганц өдөр, ганц өдөр

Ганц агшин, ганц агшин, ганц агшин

Газар дээр хүнд туслах он жил хайрла,

Улаан сахиус минь

1999.09.30

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-10 03:30:21
    um ma ni bad me hum/ mundag hvmvvs
    202.179.31.126
    Мэдэгдсэн Хариулах