
Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдааны ирц товлосон цагаасаа гурван гаруй цагийн дараа эхэллээ. Хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төсөлд согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд аваачиж, эмчийн хяналтад байлгах, элдэв бүдүүлэг авир гаргасан тохиолдолд хүч хэрэглэх тухай заалтыг хасахаар заажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.
Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг амь насыг нь хамгаалах зорилгоор тусгай байранд 24 цаг эрүүлжүүлж болох саналыг гишүүдийн олонхи дэмжив. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүдийн 90 хувийн саналаар дэмжлээ.
Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслөөр цагдаагийн дээд цолтой албан хаагчдын дүрэмт хувцасны төсвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад албан хаагчдын дүрэмт хувцасны төсвийг Засгийн газар батлах саналыг гишүүдийн 70 хувийн саналаар дэмжлээ.
Хүүхэд өөрийн асран хамгаалагчийн хүчирхийлэлд өртсөн бол амь насыг нь аврах арга хэмжээг авна гэсэн горимын саналыг мөн байнгын хорооны гишүүдийн 75 хувиар дэмжлээ. Албан тушаалдаа тэнцэхгүй тухай эрүүл мэндийн дүгнэлт гарсан тохиолдолд албан тушаалыг нь бууруулах заалт уг хуульд орсон байлаа. Гишүүн Б.Пүрэвдорж “Цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд ажилладаг. Албан үүргээ гүйцэтгэж явахдаа эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд албан тушаалаас нь бууруулж болохгүй. Тиймээс энэ заалтыг хасах саналтай байна гэлээ. Үүнтэй ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр санал нэг байгаагаа хэллээ. Уг санал байнгын хорооны гишүүдийн 3/2-оор дэмжигдэх дэгтэй байв. Санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд уг саналыг дэмжсэнгүй.
Ингээд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Оллоо.мн