Ууж идсэнээ биш баталсан хуулиа тайлбарлаач ээ

-НӨАТ-ын хуулийг тайлбарласан бол 80 биш 800 мянган хүн буцаалт авах байсан бус уу-
 

Цахим хуудаснаа нэгэн залуу эрүүл мэндийн даатгал төлсөн мөнгөөрөө ганцхан эмнэлгийн үйлчилгээ авдаг бус спорт заал, фитнесс төвүүдээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдэлдэг байх тухай санаачилга гаргажээ. Энэ санаачилга олон ч хүмүүсийн дэмжлэг авч, зөв зүйтэй санал учраас хуульд тусгах тухай яриа гарав. Гэтэл эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна өөр бусад хөнгөлөлт эдлэх зүйл заалт Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн хуульд хэдийнэ тусгагдсан бөгөөд УИХ-аар хэлэлцэж эхэлчихээд байгаа аж. Харин иргэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй учраас аргаа барахдаа цахим орчинд бичиж, санаа оноогоо уралдуулж суугаа нь тэр л дээ. Энэ бол энгийн нэг жишээ.

Өнгөрсөн парламентад сүр дуулиантайгаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ч иргэд өнөө хэр сайн ойлгоогүй л яваа.

Тиймээс төрд төлсөн даатгалаа хэрхэн юунд зарцуулахаа мэдэхгүй хувийн төлбөртэй эмнэлэг бараадаж яваа нь худлаа биш. Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн даруйд цагдаагийн албаны эх сурвалж торгууль төлж буй жолооч нарын ихэнх нь хуулиа уншиж судлаагүйгээс дүрэм зөрчдөг тухай ярьсан байсан юм. Гэтэл эдгээр жолооч нарт хууль уншаагүй учраас өршөөл үзүүлэх бус харин ч хуулиа уншиж судлаагүй хэмээн давхар хариуцлага ноогддог гэнэ. Хуулиа мэдэхгүй, уншаагүй яваа нь мэдээж жолооч нарын буруу. Гэхдээ хуулийг хаанаас унших вэ, хэнээс мэдээлэл авах вэ гэдэг асуулт яах аргагүй урган гарч байгаа биз. УИХ-ын чуулганаар ямар хууль батлагдаж байгааг иргэд нэгбүрчлэн мэдэх боломжгүй.

Монголд хууль хэрэгжихгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь хууль сурталчлахгүй байгаа асуудал юм

Дан ганц УИХ-ын чуулганыг кабелийн хэдэн сувгаар шууд дамжуулснаар мэдээлэл авчихдаг гэвэл ёстой үлгэр. Өдрийн цагаар ямар хууль батлагдахыг хараад сууж байгаад цаг завтай хүн өнөөгийн нийгэмд гарын таван хуруунд л багтана. Цахим орчинд байнга идэвхтэй байдаг, хаана ямар хууль батлагдсаныг хайж уншаад суудаг хэсэг бүлэг ч цөөхөн. Төрийн мэдээллийн эмхэтгэлд батлагдсан хууль бүрийг хэвлэдэг ч түүнийг захиалж уншдаг нь хэд вэ гэдгийг УИХ-ын албан тушаалтнууд ойлгох цаг болсон баймаар. Монголд хууль хэрэгжихгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь хууль сурталчлахгүй байгаа асуудал юм.

УИХ-ын хавар, намрын ээлжит чуулганаар хэдэн зуун хууль батлагддаг. Нэмэлт өөрчлөлт, журам, ганц нэг зүйл заалтыг дурьдвал тоймгүй олон тоо гарна. Гэтэл эдгээр хуулийг иргэдэд тайлбарлах, ойлгуулах, ямар хууль дүрэмд хэрхэн өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгдөг, сурталчилдаг асуудал бүр таг болжээ. Өнгөрсөн парламентад хууль сурталчлах ажил ганц нэг идэвхтэй гишүүдийн ачаар хаягдахгүй явж ирсэн. УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг баталсан хууль болгоноо сурталчилдаг байлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Батзандан зэрэг идэвхтэй гишүүд УИХ-д өргөн барьсан хуулиараа сурталчилгаа хийдэг байв. Ганц нэг яамдууд баталсан хуулиа идэвхтэй сурталчилдаг байсан учраас ор тас орхигдохгүй явж ирсэн. Гэтэл энэ удаагийн парламент хууль сурталчлах ажлыг тэр чигээр нь орхилоо. Эмэгтэй гишүүд бүлэг ч байгуулсангүй. Үгүй ядахдаа байнгын хороодын дарга нар ч хэлэлцэж буй хуулийнхаа талаар хэвлэлд мэдээлэл өгөхөөс татгалздаг болжээ.

Парламент бүрдээд нэг жилийн хугацаа өнгөрчихөөд байхад ганцхан С.Чинзориг гишүүн л эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэвлэлийн хурал хийж тайлбарлав. Үүний үр дүнд ээжүүдийн нийгмийн асуудал шийдэгдэж чадсан нь сайшаалтай. Н.Номтойбаяр сайд эм үнэгүй олгох тухай журмыг тайлбарлаж хурал хийснээс өөрөөр УИХ-аар ийм чухал хууль батлагдлаа гэсэн хэвлэлийн хурал нэг удаа ч болсонгүй.  Харин эсрэгээрээ намайг цахимаар тэгж дарамталлаа, миний зургийг ингэж тавилаа, би хоол идсэн, архи уугаагүй гэсэн явган хэрүүл, явуургүй пиарчдын эсрэг хэвлэлийн хурал хийж суугаа нь худлаа биш.

Хуульзүйн сайд нь хүртэл бодлогын чанартай өөрчлөлт шинэчлэлт ярихаасаа өмнө хятад иргэдийг оруулна, оруулахгүй гэсэн “жижигхэн” улс төр хийж явна. Энэ мэт жишээ маш олныг дурьдаж болно. Уг нь УИХ-ын гишүүд жилд нэг удаа хууль сурталчлах нэрээр 10 сая төгрөг авдаг. Одоо ч авсаар байгаа. Энэ мөнгөөр өдөр тутмын сонин хэвлэл, цахим сайт, телевизээр өөрсдийн батлуулсан, өргөн барьсан хуулиа сурталчлах учиртай юм билээ.


Монгол төрийн бодлого хуулиа мэддэг иргэнтэй байх бус хууль мэдэхгүйг нь далимдуулж торгож, хорьж, цагдаж, шалгадаг буруу тогтолцоо руу хэдийнэ хальтирчээ

Хамгийн багадаа л өргөн барихдаа, хэлэлцүүлгийн шатанд, баталсны дараа нийт гурван удаа мэдээлэл хийж, иргэдэд мэдээлэл өгч байж л хуулийн талаар ард түмэн бага ч гэсэн мэдлэгтэй болно. УИХ-аар түүхий хууль баталдаг, хуулиа сурталчлахгүйгээс ямар их хор хохирол учирч байгааг тоочвол цаг ч их орно, цаас ч багадах биз. Монгол төрийн бодлого хуулиа мэддэг иргэнтэй байх бус хууль мэдэхгүйг нь далимдуулж торгож, хорьж, цагдаж, шалгадаг буруу тогтолцоо руу хэдийнэ хальтирчээ.

Үнэхээр л иргэнийхээ төлөө хууль баталдаг байсансан бол Долоон буудлын Должин эмээгээс эхлээд хөдөө мал хариулж яваа Дорж, Дулмаад ойлгуулахын тулд хуулиа сурталчлах учиртай бус уу. Өнгөрсөн парламент гэхэд л хууль сурталчлах мөнгөнөөс гурван тэрбум төгрөг танаж төсвийн хэмнэлт хийсэн байгаа юм. Үр дүнд нь ямар ч сурталчилгаагүй хуулиуд хэдэн арваар “мэндэлж”, иргэд өнөө хэр хаана ямар хууль батлагдсаныг мэдэхгүй нүдэн балай чихэн дүлий явж байна.

Хамгийн ойрын жишээ дурьдахад л УИХ-аар өнгөрсөн онд баталсан НӨАТ-ын тухай хуулийг төдийлөн сайн сурталчилж чадаагүйн гор нь иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авах үед гарав. Хэрвээ энэ хуулийг зөвхөн хэдэн зуун сая төгрөгийн азтан болно гэдгээс илүүтэй сурталчилж чадсан бол 80 мянга биш 800 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтоо авах байжээ. Харамсалтай нь энэ хуулийг тойрсон сайн гэхээс илүү саар мэдээлэл давамгайлж байснаас болж маш олон иргэд буцаан олголтоо авч чадсангүй.

Үгүй ядахдаа л хөдөлмөрийн насны 600 мянган иргэд энэ талаар илүү мэдээлэлтэй байж, татвараа төлж, буцаан олголтоо ч авах учиртай юм. Гэтэл 80 мянга орчим иргэн л их бага хэмжээгээр буцаан олголтоо авчээ. Үлдсэн нэг сая гаруй иргэн ямар ч ойлголтгүйгээс хоосон хоцорлоо

Монголд найман настай балчираас 80 настай буурал гээд бүгд худалдан авалт хийж байгаа. Үгүй ядахдаа л хөдөлмөрийн насны 600 мянган иргэд энэ талаар илүү мэдээлэлтэй байж, татвараа төлж, буцаан олголтоо ч авах учиртай юм. Гэтэл 80 мянга орчим иргэн л их бага хэмжээгээр буцаан олголтоо авчээ. Үлдсэн нэг сая гаруй иргэн ямар ч ойлголтгүйгээс хоосон хоцорлоо. НӨАТ төлөгч аж ахуйн нэгж дөнгөн данган 5000 хүрч байгаа. Цаана нь 135 мянга гаруй аж ахуйн нэгж хуулийг үл тоон, ард түмнийг шулсаар байгаа юм.

Монголын хууль ингэж л хэрэгжиж байна. Ойлгуулах гэж биш иргэдээ торгож, цагдаж барьж хорих гэж хууль баталдаг учраас маш олон иргэд хуулийн золиос болж, мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүйгээс амь нас, эд мөнгө, эд эрхтэнээрээ хохирсоор байгаа юм. Сүр дуулиан болж баталсан хуулийг нь дараагийн парламентын үед хэрэгсэхгүй болгочихдог, эс бөгөөс 180 градус өөрчилж орхидог учраас монголчууд хуульгүй юм шиг амьдарсаар байгаа юм. Өнгөрөгч парламентаар баталсан Тамхины хяналтын тухай хуулийг өдгөө хэн ч дагаж мөрдөхгүй байна.

Монгол төрийн үнэлэмж өдөр бүр унаж байгаа. Улстөрчдийн баталсан хууль, хийсэн ажлыг нь дэмжих гэхээс илүүтэй баасан, шээсэн, уусан идсэнд нь анхаарал хандуулж байгаа юм. Монголын хууль гурав хоног хэмээн үл тоож, хэрэгжүүлэхийг ч тэд хүсэхгүй байгаа. Энэ нь ард түмний буруу биш. Ийм болгосон буруутан нь төр өөрөө. Хуулийг баталсан шиг баталж, сурталчилж, хэрэгжилтэд анхаарал хандуулдаггүй учраас иргэд ч адилхан үл ойшоож, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна.

Цаашид энэ хэвээр л явах уу. Монгол төрийн бодлого эзэнгүй юм шиг явсаар байх уу, улстөрчид өө. Хууль сурталчлах, хууль батлуулах ажлаа хийсэн шиг хийгээч. Монголд хэвлэл мэдээллийн байгууллага цөөдөөгүй. Бүгдэнтэй нь биш гэхэд хэсэг бүлэгтэй нь ч болов хамтраад иргэдээ соён гэгээрүүлье. Хуулийн талаар мэдлэгтэй болгоё.

Улстөрчдийн боов идсэнд анхаардаг биш бодлого ярьж байгаад нь анхаарал хандуулдаг боловсролтой, мэдлэгтэй иргэдтэй болъё. Монголын хууль гурав хоног гэдэг үгийг ч жинхэнэ утгаар нь хэрэглэж сурахсан. Тэрний тулд улстөрчид, парламент багахан анхаарч төсөвлөсөн мөнгийг нь зохих ёсоор нь хэрэглэмээр байгаа юм. Тэгж чадвал хууль ч чанартай, хэрэгжилтэд нь ч үр дүнтэй болно.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ха ха 2017-02-09 18:09:34
    ТВ-ээр их л гарсан даа. Нэртэйгээр нь толгойтой болгоны чихэнд нь хэлж зарла гэчээч
    202.9.43.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-07 08:29:23
    Хууль сайн сурталчилна гэдэг нь зайлшгүй хэрэгтэй Дэмжиж байна
    202.179.4.250
    Мэдэгдсэн Хариулах