Тэрэлжээс эхлээд Төрийн ордонд дуусаагүй “яриа”

Долоон жилийн өмнө МАXH /тэр үеийн нэрээр/-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байжээ. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг.
 
Тэр үед ингэж “Гацуурт”-ын Л.Чинбатын Тэрэлжид байгуулаад удаагүй байсан таван одтой зочид буудлыг гайгүй сайн рекламдсан гэдэг. Үнэн хэрэгтээ энэ нь халхавч болж, 2010 оны есдүгээр сарын тэр нэгэн өдөр олон асуудлыг шийдсэн гэдэг юм билээ.
 
Тэгвэл МАН өнгөрсөн баасан гаригт Тэрэлжид дахин хурал зохион байгуулжээ. Гэхдээ тэр хурлаас Тэрэлжийн тунхаг гарахгүй. Учир нь МАН- ын нууц хурал юм байна.
 
Баасан гаригийн чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа эрх баригчид тэр чигээрээ Тэрэлжийн зүг хөдөлжээ. Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалтнууд тэнд очсон юм билээ.
 
Энэ удаад МАН-ынхан Улаанбаатараас 62 км, Горхи-Тэрэлжийн Мэлхий хаднаас нэг км-ийн зайд байрлах Resort World Terelj Hotel хэмээх дөрвөн одтой зочид буудлыг сонгожээ.
 
Энэ нууц хурлын санаачилга, урилга нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гарсан байна. Тэд гишүүдийг Тэрэлжид ийн аваачиж, Тавантолгойн ордын ашиглалтын гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”- ийн хувьчлалын талаар “ярилцсан” гэнэ.
 
Тодруулбал, Тавантолгойн ордыг он солигдохын өмнөөс яригдсан хувилбараар “Шинхуа”, “Энержи ресурс”-т ашиглуулж байж гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларыг босгох боломжтой. Цаашилбал, улсын эдийн засаг сэхээ авахад Тавантолгойн гэрээг байгуулах шаардлагатай байгаа тухай гишүүдийг ятгажээ.
 
Гэвч Тэрэлжийн энэхүү нууц хурлаар бүх гишүүн “За” гэж хэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагууд гишүүдээ зөвшөөрүүлж чадалгүй ирсэн байна. Гэсэн ч тэл төлөвлөгөө ёсоороо Тавантолгойн гэрээг өчигдөр УИХ дахь бүлгийнхээ хуралд орууллаа. УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 10 буюу баасан гаригт завсарлуулна, энэ хооронд Тавантолгойн гэрээг зурж баталгаажуулж амжина хэмээн тооцоолж буй ажээ.
 
Бүлгийн хурал үдээс өмнө эхэлж, үдээс хойш завсарлаад буцаж  орж хуралдсан юм. Эх сурвалжийн мэдээгээр Тавантолгойн гэрээний асуудалд нэр бүхий гишүүд өөр ашигтай хувилбар байх хэрэгтэйг анхааруулсан байна.
 
Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг нэлээд удаан хэлэлцсэн байна. Ер нь бол энэ асуудал гишүүдийг талцуулсан гэхэд болох ажээ. Бүлгийн хурал дугаар шилжих мөчид тараагүй байлаа.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.