Украинд осолдсон Малайзын нисэх онгоцтой холбоотой мэдэгдэл гаргажээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ гишүүн улсуудын Элчин сайд буюу Байнгын төлөөлөгчдөөс бүрддэг тус байгууллагын Байнгын зөвлөл долоо хоног тутам хуралдаан хийдэг. ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл энэ сарын 18-ны өдөр хуралдаж, Малайзын МН-17 зорчигч тээврийн онгоц Украинд осолдсонтой холбогдуулан мэдэгдэл гаргав.

Энэхүү мэдэгдэлд ЕАБХАБ-ын 57 гишүүн улс ОХУ, Украин, ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагааны хүрээнд гал зогсоох нөхцлийг бүрдүүлж, улмаар Украины зүүн хэсэгт үүссэн хямралыг эцэслэхийн төлөө байгааг илэрхийлэв.

ЕАБХАБ-ын Ажиглагчдын тусгай баг болон олон улсын байгууллагын холбогдох бусад төлөөлөгчдийг ослын газарт цаг алдалгүй оруулах, аюулгүй байдлыг нь хангахыг мөн шаардсан байна. Сүйрсэн онгоцноос үлдсэн хэсэг, тоног төхөөрөмжийн хэсэг, амь үрэгдэгсдийн эд зүйлсд хүрэх, устгах, хөдөлгөхөөс зайлсхийж, осол болсон газрыг хөндөхгүй байхыг уриалав.

Мөн мэдэгдэлд нээлттэй, ил тод, бие даасан олон улсын мөрдөн байцаах ажлыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-тай хамтран Украин, Малайз, Нидерландын Засгийн газрын болон бусад холбогдох техникийн, шүүх эмнэлгийн болон бүс нутгийн экспертуудын оролцоотойгоор эхлүүлэх уриалгыг дэмжиж буйгаа Байнгын зөвлөл илэрхийлсэн байна.

Дээрх мэдэгдлийг гаргасантай холбогдуулан Вена дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Г.Батжаргал ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлэг, Ажиглагчдын тусгай баг зэрэг нэгжүүдийн Украин дахь нөхцөл байдлыг намжаах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргав.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.