Эрхэм гишүүдийн кнопыг эзнээ таньдаг болгоё

Аль ч парламентын үед амь бөхтэй байсаар ирсэн “кнопчид”-ын асуудал өнөөдөр хязгаараас давж, ил цагаандаа гарч байна. Уг нь монголчууд бусдын өмнөөс шийдвэр гаргах, нэгнийхээ юмыг зөвшөөрөлгүй авч хэрэглэхээс эмээдэг. Гэтэл төрийн түшээд ширээ дамжин кноп дараад явж байна. Өмнөх парламентын гишүүд үлгэр дууриалал үзүүлж чадаагүй ч  шинэ гишүүд тэднээс саарыг нь биш сайныг нь суралцмаар юм. Ядаж  хуралдаа цагтаа ирчихдэг, худал ярьдгаа больчих ёс зүйтэй баймаар. Төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн ажилчдаа хурууны хээгээр байтугай нүүрний хэлбэрээр нь таньж бүртгэдэг болоод удаж байна. Тэр ч бүү хэл 30 минутаас илүү цагаар хоцорвол бүтэн өдрийнх нь цалинг нь хасдаг. Харин манай гишүүд л парламент дамжих тусам өөрсдийгөө хамгаалахдаа илүү гаршиж байх шиг. Төр, хувийн байгууллагуудын ажил 08:30 цагт эхэлж байхад төрийн түшээдийнх 10:00 цагт эхэлдэг. Ингэхдээ 09:30 цагаас эхлэх байнгын хорооны хурал 10:00 цагт, 10:00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаан 1-2 цагаар сунаж хойшлох энүүхэнд. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы хуралдаан удирдахдаа гишүүдийг хүлээж аргаа барсандаа туслахуудад нь гишүүнээ авчрах үүрэг өгч, батлан даалгаж байхав. Эсвэл ирээгүй нэгнийхээ картыг шургуулж арайхийж ирц бүрдүүлчихээд идэж, уугаад, ширээ хэсч, гар утсаа маажаад суучихна. Зарим нь Төрийн ордон, чуулганы танхимд хөлчүү “давхиж”, хээвнэг  боорцог идэж, бохь зажилна. Сүүлдээ бусдынхаа кнопыг дарж хууль бөөнддөг боллоо. Энэ парламентын гишүүд ард түмнийхээ сонголтоор даажигнаад байна уу, эсвэл мэдлэг боловсрол нь дутаад байна уу. Олонх болсондоо эрдэж байгаа нь энэ үү.

Нэг гишүүний ард 40000 хүний эрх ашиг хөндөгддөг гэвэл гурван сая иргэний хувь заяаг 20-30 гишүүн дэнсэлж сууна гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, 40 гишүүний карт шургуулаад 10-20 гишүүн ээлжилж кноп дараад Монгол Улсын, Монголын ард түмний нийтээрээ дагаж мөрдөх хууль журмыг баталж байна. Ингэж халтуурдаж баталсан хуулийг харьяа байгууллагууд хэрэгжүүлэх гэж, иргэд дагаж мөрдөх гэж хамаг байдгаараа чардайна. Алдаж, ононо.

Эрхэм гишүүд эрхээ яаж хамгаалдгаа хоёр хо­но­гийн өмнө хан­галт­тай харуулсан.  Ерөн­хийлөгчийн санаачилсан төрийн өндөр албан тушаалтнуудыг хариуцлага алдвал эгүүлэн татдаг болгох хуулийг нийтээрээ эсэргүүцээд унагаж санаа нь амарсан. Ингэж хариуцлагаас зугтаж байгаа гишүүдийн ажлын арга барилыг өөрчлөхгүй бол болохгүй нь. Алийн болгон парламент дамжиж хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх вэ. Тиймээс эрхэм гишүүдийн ажилдаа ирдэг цагийг хурууны хээ, нүүрний хэлбэрээр бүртгэж, иргэдийн хувь заяаг дэнсэлдэг кнопыг эзнээ мэдэрч, таньдаг болгоё. Ингэхгүй бол сүүлдээ гишүүд ямар чухал хууль баталж буйгаа ч мэдэхээ болих нь. Өмнөөс нь хэн нэгэн шийдвэр гаргадаг байдал газар авлаа. Уршиг нь эргээд төрд итгэх итгэл, хүндлэл буурахад хүргэнэ. Сүүлдээ хөлсний кнопчинтой болохыг үгүйсгэхгүй. Үүнд хэвлэл мэдээллийнхэн ч чухал үүрэгтэй. УИХ телевизүүдэд нэгдсэн дүрс өгдөг байдлыг зогсооё. Тэгэхгүй бол ирсэн гишүүдээ ээлжилж зурагтаар гаргаж иргэдийг хуурч байна. Телевизүүдийг, зурагчдыг чуулганы  танхимд чөлөөтэй нэвтрүүлдэг болговол бүх зүйл тодроод ирнэ.  Гишүүд дээрх санал санаачлагыг дэмжиж ард түмэнд шударга гэдгээ харуулбал ямар вэ. Ирэх гурван жилийн хугацаанд УИХ-ын дарга кнопчидтой эвлэрч чадахгүй гэдгээ эртхэн зарлачихвал... Сонгогчид та бүхнийг харж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Харин өчигдөр сэтгүүлчид цөөнгүй гишүүнээс бусдын кноп дардаг асуудлыг хэрхэх талаар байр суурийг нь асуухад С.Чинзориг, М.Билигт, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Пүрэв­дорж, Х.Болорчулуун нарын гишүүд кноп дардаг байдлыг буруутгаж, хурууны хээ мэдэрдэг төхөөрөмжтэй болох саналыг хэллээ. Энэ давалгааг бусад гишүүд үргэлжлүүлж ойрын хугацаанд ажил хэрэг болгоосой билээ.


Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • j 2017-02-04 16:55:42
    Hogiin nowshnuud zailaach...
    66.181.185.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ичиг ичиг ичиг 2017-02-04 11:10:37
    УИХ нэг л бишээ??? Японы парламентийн гишүүн кнопоо андуурч дараад огцорч байсан.
    103.229.123.235
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-03 13:49:07
    ene khumuusiin nugliig ur khuukhed ni khojim tolno ugaasaa
    82.226.202.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2017-02-03 04:46:40
    Бусдын кноп дарвал гишүүний эрхийг цуцалдаг байхаар хууль батлаач.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • анхааруулга 2017-02-03 03:58:51
    ард түмний хоолыг хувьдаа авах гэж улайран зүтгэдгээ боль алдсан юмаа ард түмэн үр хүүхдээс чинь эргүүлж нэхэх цаг ирнэ шүү хувьд авчаад иргэдийг цалинч үгүй за...
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • busgui 2017-02-03 03:35:20
    huruunii hee unshdag burtgeliin mashin shig l bolgochihgui yu, ugaasaa tegehgui gehdee l ingej bgaa bh doo archaagui yumnuud
    122.201.23.74
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-03 02:50:04
    Ene hunuudiig haraach ee hooe
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах