“Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд тэнэмэл амьдралтай 186 иргэнийг бүртгэлжүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор “Сүүдрээс гэрэлд” бодлогын зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг дүүргүүдийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын харьяа хэлтэс, албадын удирдлага, албан тушаалтнуудад танилцуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Энэ удаад Сүхбаатар дүүрэгт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

Хэлэлцүүлгийг нээж дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах “Өнгөрөгч оны гуравдугаар сарын 21, 22-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй гэр оронгүй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, бүртгэлжүүлсэн. Энэ ажлыг зохион байгуулахад хамтран оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, бүх хүмүүст талархлаа илэрхийлэх нь зүйтэй. Тэнэмэл амьдралтай иргэд бол амьдралын ямар нэгэн шалтгаанд бүдэрч буруу зам руу орсон байдаг. Бид эдгээр иргэдийг өгөгдсөн анкетийн дагуу бүртгэлжүүлэн гарын дардас, гэрэл зургийг авч бүртгэлд оруулсан. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Эдгээрээс 71 иргэнийг бичиг баримттай болгож, таван хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн” гэв.

Энэ үеэр нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дэд дарга Б.Отгонжаргал “Гэртээ харих зам” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсан ялангуяа энэ жилийн төсөвтөө 10 сая төгрөгийг суулгасан Сүхбаатар дүүргийн хамт олонд талархлаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд хоёр дүүрэг л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж төсөв батлуулсан байна” хэмээн тодотголоо.

Сүхбаатар дүүрэгт “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай 186 иргэнийг илрүүлэн бүртгэлжүүлжээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Нийгмийн халамжийн газрын удирдлага, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, 1-20 хорооны нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд болон Цагдаа, Эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, харилцан мэдээлэл солилцон санал бодлоо хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.