Ц.Дашдорж: Аймаг, нийслэлийн удирдлагуудад удирдамж өгч, хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонссон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэдээлэлдээ “Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох”, мөн 9 дэх хэсэгт “Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,9 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх”-ээр Засгийн газарт чиглэл өгсөн. Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн тус хуульд заасан үндэслэлээр цуцлах хуулийн зохицуулалттай. Уг асуудлыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэсэн 37 дугаар зүйлээр зохицуулж байна. Хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах дөрвөн үндэслэлийг заасан бөгөөд уг асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Түүнчлэн Байнгын хорооны тогтоолын 10 дахь хэсэгт “..түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг шилжүүлэх боломжтой. Иймд 2014 оны Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох боломжтой болсон тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох асуудлыг дэмжиж байна гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авахын зэрэгцээ саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийж буй ажлын талаар тодруулга авсан юм. Түүнчлэн тэрээр АНУ-ын туршлага судлахад холбогдох газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэн тэргүүнд нөхөн сэргээлт хийлгүүлэх тухай баталгаа авдаг. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгж баталгаа болгож мөнгө байршуулдаг юм байна. Иймд гадны сайн туршлагыг нэвтрүүлэх үүднээс уг хуульд тусгах санал илэрхийлж байсан юм.
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ, лицензийн зохицуулалтыг тухайн аймаг, нийслэл өөрөө шийдвэрлэж байгаа нь тус яаманд хүндрэл учруулж байна. Иймд аймаг, нийслэлийн удирдлагуудад удирдамж өгч, хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар яам, газар болон Засаг дарга нар нэг тогтолцоо дор ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн хуульд нөхөн сэргээлт хийх төдийгүй мөнгө байршуулах тухай асуудал тусгагдсан байгаа гэв.

Ийнхүү “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл, УИХ-ын гишүүдийн саналыг сонссоны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдрийн хуралдааныг дүгнэж, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм. Уг тогтоолын төсөлд тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд түдгэлзүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэрэг чиглэлүүд тусгагдсан байна.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Засгийн газарт чиглэл өгөх тухай найман зүйл бүхий Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.