Ойрын хугацаанд Дархан хотод эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө
Манай орны аж үйлдвэрийн хоёр дахь том хот болох Дарханд их бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа хөвөрч байна. Үүний хамгийн тод жишээ бол “Монгол мөрөөдөл” болоод байсан нарны цахилгаан станц хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж, төвийн эрчим хүчний системд нарнаас гаргаж авсан  эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн явдал юм. Монголдоо хамгийн анхны,  хамгийн том нарны цахилгаан станц нь 10 мвт-ын хүчин чадалтай. Энэ нь  төвийн бүсийн эрчим хүчний  хангамжын тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний импортыг бууруулах хамгийн тохиромжтой, үр ашигтай хувилбарын нэг бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ онцлогтой. 



Сүүлийн жилүүдэд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдон ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээ нэмэгдэж байгаа тул төвийн бүсэд шинэ эх үүсвэр барих шаардлага бий болсон. Албаныхан олон жил бодож төлөвлөж, зөвлөлдсөний эцэст энэ ажил ийнхүү биеллээ олоод байгаа нь энэ. Дөрвөн жилийн өмнө Дарханчууд эрчим хүчний томоохон зөвлөгөөнийг зохион байгуулж,эндээс гарсан санал санаачлагаа хэрэгжүүлж чадсан явдал нь бусад аймаг, орон нутагт  үлгэр жишээ туршлага болж байгаа хэрэг юм. 

Тэгвэл өнгөрөгч баасан гарагт Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн албатай хамтран “Дархан-Уул аймгийн Эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт зөвлөгөөн-2017”-г зохион байгуулж, эрчим хүч, ус хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөвөө авч хэлэлцлээ. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Барилга хот байгуулалтын яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар урилгаар оролцсон бол аймгийн холбогдох албаныхан оролцож,  санал солилцлоо. 

Тус зөвлөгөөнийг нээж  аймгийн засаг дарга С.Насанбат "Бид 2013 онд аймгийн түлш эрчим хүчний хангамжийн байдал, түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тухайн үед зөвлөгөөнд холбогдох яам, тамгын газрын удирдлагууд оролцож тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан. Тэрхүү зөвлөгөөнөөс гарсан шийдвэр өнөөдөр бодит ажил болж хэрэгжсэн. Өнөөдрийн зохион байгуулж байгаа зөвлөгөөнөөс гаргасан санал санаачилга ч тун удахгүй бодит ажил болон хэрэгжих боломжтой” хэмээн онцоллоо. 

 

Зөвлөгөөний үеэр оролцогчид цаашид Дархан-Уул аймагт хийж хэрэгжүүлэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон ярьж, хэрхэн хэрэгжүүлэх талаар санал бодлоо уралдуулж байсан  юм. Тухайлбал энэ жил  “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 35 мвт-ийн өргөтгөлийн ажил, Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх өргөтгөх, Дулааны ажиллагааныхаа тоноглолын найдвартай ажиллагааг хангах гэсэн үндсэн  гурван том ажил хийгдэх юм байна. Цаашид Дархан хотыг орчин үеийн дэвшилтэт техник технологитой, дулаан алдагдлыг бууруулах үндсэн чиглэл бүхий, ухаалаг системтэй ногоон орчныг дээдэлсэн цогц дулаан хангамжийн системтэй болгох, хамгийн гол нь үзүүлэлт болох хүн амыг ундны усны стандартыг хангасан хэрэгцээний халуун ус, чанар стандартын шаардлага хангасан боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллах талаар  ярилцсан.



Түүнчлэн  зөвлөгөөний үеэр дан ганц Дархан хот гэлтгүй Монгол улсын эрчим хүчний эх үүсвэрийн асуудлын цаашдын чиг хандлага, хөгжлийн талаар албаныхан шинэ санаа дэвшүүлж байсан юм. Харин  Дархан хот  Монгол улсын хоёр дахь том хот гэдэг утгаараа  эрчим хүчний бааз суурь болж томоохон ажлуудын эхлэл болох боломжтойг  зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Тухайлбал, манай улс 2030 он гэхэд суурилуулсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг тавиад буй. Одоогоор сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станц Салхитын салхин парк, Дөргөний усан цахилгаан станц зэрэг гарын арван хуруунд хүрэхгүй цөөхөн. Гэсэн ч энэхүү зорилт нь 2030 он гэхэд биеллээ бүрэн олно гэж зөвлөгөөн оролцогчид тооцоолж байна. Тэдний үзэж буйгаар бол ойрын хоёр жилд 100 МВт-ын салхины эх үүсвэр, 50 МВт орчим нарны эх үүсвэрийг оруулахаар төлөвлөжээ.

Зөвлөгөөний төгсгөлд  оролцогчид зарим эрчим хүч, инженерийн шугам сүлжээний байгууламжийг он удаан жил ашигласан, насжилт ихтэй, шугам сүлжээний тоноглолын ашиглалтын хугацаа дууссан зэрэг нь хотын инженерийн байгууламжид орчин үеийн дэвшилтэт техник, технологийг дэс дараатай нэвтрүүлэх, тэр дундаа эрчим хүч, усан хангамжийн ухаалаг техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийх нэн шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж, энэ ажлыг нэн даруй хийж хэрэгжүүлэхээр  болсон юм. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-31 03:23:31
    Энэ сайхан мэдээ байнаа нарны дэлгэцүүдийн гадуур мал орохгүй нэг хашаатай хиймээр санагдах юм мал ороод гэмтээчих вийдээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах