Сайн, муу гэсэн хоёр л төрлийн физикч байдаг
Өглөөний нартай уралдан босч, өндөр, өндөр шилэн байшинд ажиллахыг  мөрөөдөх, өөдрөг хүсэл тэмүүллээр дүүрэн оюутан залуус, өглөө сэрээд өрөөсөн оймсоо асуух өвөө, эмээгийн бяцхан хүүхдүүд, үүрийг долоон цагаас үдшийн бүрий хүртэл ажилладаг эцэг, эхчүүд, Их тэсрэлт, Эйнштейний онолыг бодох эрдэмтэн судлаачид, эртний балгас, эзэнт гүрнүүдийн түүхийг судлах түүхчид, энх тайван, аз жаргалтай амьдралын төлөөх эгэл жирийн ард түмэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бас баяр хүргэе. Өнөөдөр ямар баярын өдөр билээ гэж гайхаж байж магадгүй. Та амьдралынхаа өдөр бүр баярлах ёстой. Учир нь энэ өдөр өөрөөр хэлбэл энэ одоо гэх үед ирэхийн тулд та бүхэн төсөөлж байгаагаасаа ч их замыг туулан ирсэн юм. Монголын эртний үлгэрүүдэд эхлэхдээ сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад гэж өгүүлдэг, харин бидний ирсэн газар бол сүмбэр уулыг дов байхаас өмнө, сүн далайг шалбааг байхаас ч өмнө. Мэдээжийн хэрэг тэр бол 13,7 тэрбум жилийн өмнө юм. Тэр үед бид бүгд төсөөлөмгүй өчүүхэн цэгт, төгсгөлгүй их температурт бүгд нэг доор багтаж ядан байснаас түнэр харанхуйн зүг тал бүр тийш тэсэрч, тэрбум, тэрбум оддыг үүсгэн одов. Эцэст нь нэгэн од сүйрэх явцдаа тэсэрч  эгэл нэгэн нар болон, эх дэлхийг маань үүсгэж. Ингэж л бид түүхэн эволюцийн үр дүнд ертөнцийн үүсэлтэй харьцуулахад асар хурдтай хөгжин мичнээс хүн болж, эцэст нь эхийн хэвлийгээсээ төрсөн та тал бүр тийш үсчсэн тоолж барамгүй их атом молекулуудаас тогтон үүнийг уншин сууж байгаа нь үнэхээр гайхалтай.

Бид хичнээн их зүйлийг хийж бүтээн, өөрчилж хөгжиж ирсэн ч энэ нь ертөнцтэй харьцуулахад тэг рүү тэмүүлэх тийм л өчүүхэн хэмжээтэй Дэлхий дээр л болж, өрнөж байна.

Ингэхэд энэ дэлхийн хэмжээ гэж юу яриад байна ? Бид дэлхийг яаж хэмжив ? Тэгж яривал дэлхийг бөөрөнхий гэдгийг хэн нотлох юм ?
МЭӨ 340 онд Грекийн философич Аристотель дэлхий бөөрөнхий гэдгийг хоёр аргаар тодорхойлсон.

Сар хиртэх үед саран дээр үргэлж дугуй сүүдэр үүсдэг нь дэлхийн сүүдэр гэдгийг гярхай гэгч ажигласан байна.

Мөн Алтан гадас од үргэлж хойд  зүгийг зааж байдаг. Эртний грекчүүд алтан гадас одоор зүг чигийн баримжаа авч далайн худалдаа арилжаа, аялал жуулчлал хийдэг байв. Хэрвээ дэлхий бөөрөнхий биш хавтгай байсан бол бид хаа нэг тийшээ яван явсаар алтан гадас одны хойно юмуу урд нь, эсвэл баруун юм уу зүүн талд нь гарчиж болох л байсан. Өөрөөр хэлбэл дэлхий нь бөөрөнхий биш хавтгай байсан бол алтан гадас од аль ч зүгийг заадаг байж болох юм. Ингээд бодохоор Аристотель их гярхай хүн юм.

“Дэлхий нь бөөрөнхий ба нар, сар, одод болон бусад эрхэс түүнийг тойрч эргэлдэж байдаг учир бид бол орчлон ертөнцийн төв юм” гэх Аристотелийн зөнч үзэл, санаа 17-р зууны эхээр сүүлчийн амьсгалаа хураав. Бидний мэдэхээр физикийн эцэг гэгддэг Галилео Галилей 1609 онд анхны огторгуйн дуранг зохион бүтээн Бархасбадь гаригийн зүгт чиглүүлэн нарийн ажиглалт хийсний үр дүнд дэлхий, орчлон ертөнцийн төв байх албагүй гэдгийг тогтоогоод байв. Тэр ч бүү хэл Галилей, Аристотелийн боловсруулсан олон олон сургааль, таамгуудын туршилтын аргаар үгүйсгэж чадав. Ингээд бодохоор Аристотель ердөө л нэг гярхай хүн юм(улс төр, нийгмийн хувьд тэр тэргүүлэгч сэтгэгч нарыг нэг).

Мөн Галилейтэй санал нэг байсан Германы Иохан Кеплер Дэлхий Нарыг тойрог замаар биш харин эллипс хэлбэрээр замнадаг гэдгийг тогтоосон байна. Энэхүү үйл явдлаас бараг зуун жилийн өмнө буюу 1514 онд Польшийн гэгээнтэн Николай Коперник Нар төвт санааг дэвшүүлж байсан ч тухайн үеийн шашны, сүм хийдийнхэн тэрс үзэлтэн гэхээс эмээн нууцаар ухуулга хийдэг байв. Тийм дээ ч нээх амжилт олоогүй. Ийм харанхуй төсөөлөлтэй, сэтгэлгээний эрх чөлөөгөөр боогдсон нийгэмд бус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог нийгэмд амьдарч байгаадаа талархъя. Гэвч бяцхан гөлөгөнд хоолыг нь тааруулж өгөхгүй бол гэдсээ хагартал иддэгтэй нэгэн адил эрх чөлөөгөө дагаад хууль, дүрэм ч нь хатуу байх ёстой аж.
Үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө, хүн төрөлхтний нүдийг нээх гэж Дэлхий орчлон ертөнцийн төв биш гэсээр амьдаараа шатаагдаж байсан хүн ч байна. Түүнийг Жордано Бруно гэдэг.

Энэ үеийн нийгэм тэнэг байв уу ? Ийм нийгэмд буруу зүйл ярьсан Бруно тэнэг байв уу ? Хэн мэдлээ. “Тэнэг хүн хэн нэгнийг тэнэг гэж хэлэхийг нь сонсоод, өөрөө тэнэг юм байж гэж би дооглон хэлэхэд өөр хэн нэгэн намайг хараад бас дооглож байдаг”. Туулийн тэнэг гэж байдаггүй, туулийн ухаантай ч гэж байхгүй, бүх зүйл харьцангуй. Ер нь туулийн гэдэг үг өөрөө ч тийм туулийн гэсэн утгаа илэрхийлж чаддаггүй. Орон зай цаг хугацаа хүртэл туулийн биш шинж чанартай аж.

1687 онд Исаак Ньютон “Байгалийн философийн математикийн зарчмууд” номондоо орон зай, цаг хугацаан дахь биес, тэдгээрийн хөдөлгөөний талаарх онолоо боловсруулан томъёолж.

Бид яагаад дэлхийгээс салаад сансар огторгуйн уудам руу тэнэн одохгүй байна ? Ньютоны толгой дээр ямар учраас алим унав ?
Энэ бол татах хүч гээд амархан хариулчиж болох л юм.

Гэвч таталцал гэж юу вэ ?

Таталцал бол 4 харилцан үйлчлэлийн хамгийн сул хүч нь ба хол зайд үйлчилдэг, үргэлж татаж байдаг түлхдэггүй гэсэн шинж чанартай. Мөн гравитон гэгдэх 2 спинтэй бөөмөөр зөөгддөг гэж төсөөлдөг ба таталцлын долгионыг өнгөрсөн 2016 онд илрүүлсэн. Дэлхийд алдартай Япон гаралтай Америк физикч Мичио Каку хэлэхдээ “Таталцал гэж байхгүй, гариг эрхсийг хөдөлгөж байдаг зүйл нь орон-цагийн муруйлт” гэсэн байдаг.

Таталцал гэдэг бол өөрт агуулагдах масс, энергийн нөлөөгөөр орон-цагийг муруйлгадаг зүйл гэж Эйнштейны харьцангуйн онол хариулдаг. 

Таталцал гэдэг зүйлийг яг юу бий болгоод байна?

Хүчтэй нь эрхээ эдэлж хүчгүй нь хуулиар хамгаалагдаг хүний нийгмээс ялгаатай нь гэвэл орчлон ертөнцөд их масстай нэгэн нь л ноёрхдог. Жишээ нь Нарыг тойрч буй Дэлхийн хувьд ярья л даа. Бид бол амьдрал үүссэн, тэр дундаа оюун ухаант хүмүүн амьдарч байгаа элит гариг гэж хичнээн хэлсэн ч Нар Дэлхийг тойрон дэгдэн, бүжихгүй нь ойлгомжтой. Учир нь Нар дэлхийгээс 332’926 дахин их масстай, тэр хэмжээгээрээ орон зайг, цаг хугацааг муруйлгаж байдаг. Тэгвэл яагаад бид наран дээр уначихгүй тойроод эргээд байна аа ? Кеплерийн 2-р хуулийг арай нэг өөр талаас хараад тайлбарлавал хариулт нь болох болов уу. Нарыг тойрч буй дэлхийн нэгж хугацаанд үүсгэх талбай хаана ч ижил байна. Цаад утгаараа бол энерги хадгалагдах хууль юм. Нартай харьцангуй дэлхийн потенциал энерги, нарыг тойрох дэлхийн кинетик энергийн нийлбэр тогтмол байна л гэсэн үг. Тэхээр энерги хадгалагддаггүй байсан бол ч бид наран дээр аль эрт унаад нарны иргэн, эсвэл BBQ болчих байлаа(үнэндээ унахаасаа ч өмнө хайлаад, шатах байлаа). Гэхдээ тийм зүйл амсаагүй байгаа нь нэгэн бодлын бид их азтай ч юм шиг. Аз гэдгийг өөрөөр тайлбарлавал тохиолдож болох хамгийн эерэг үр дүн юм.

Хэрвээ танд нэгэн том аз завшаан тохиож Бурхан нэг хүслийг тань биелүүлье гэвэл та юу хүсэх байсан бэ ?

Би л лав гэрлийн хурдаар аялдаг болохыг хүсэх байсан.
Хэрвээ би гэрлийн хурдаар аялаж чаддаг байсан бол хичээлээсээ хэзээ ч хоцрохгүй бүр 2 хичээл дээр нэгэн зэрэг сууж чадах байлаа. Мөн завсарлгаанаар саран дээр очиж дэлхийн бүх хүнтэй селфи хийж, өглөөний цайгаа Барак Обамагийн оройн зоогон дээр ууж, харих замдаа Эйфелийн цамхаг дээр дахин селфи хийн Facebook, Instagram-ын од болох гэх мэт ер нь яривал их юм байна. Гол асуудал нь “Яагаад ?” бид ингэж чадахгүйд л байна.

Ер нь энэ гэрлийн хурд гэж юу юм?

1676 онд Данийн одон оронч Оле Христенсен Рёмер Бархасбадь гаригийн дагуулуудын хөдөлгөөнийг  ажигласны үндсэн дээр гэрлийн хурдыг тогтоосон. Гэхдээ нарийвчлалтай бус байсан ч үүгээрээ гэрлийг эгшин зуурт тархдаггүй ба тодорхой хурдаар тархдаг гэдгийг тогтоосон юм. Үүнээс өмнө бол хүн төрөлхтөн гэрлийг бүх газарт эгшин зуурт зэрэг хүрдэг гэж боддог байж.

Бид шөнө бүр тэнгэр дэх зуун тэрбум оддыг харахдаа, зуун тэрбум оддын түүхийг, зуун тэрбум өөр цаг хугацааны мужтай нь, зуун тэрбум өөр өөр байрлалд харж байдаг. Жишээ нь таны харж буй нэгэн од 800(орчим) гэрлийн жилийн цаана байна гэж бодоход та одоогийн одыг бус, тэр одны 800 жилийн өмнөх үйл явдлыг нь харж байх юм. Харин нөгөө талаас уг одны нэгэн гариг дээр магадгүй харийн нэгэн попкорн идэнгээ өндөр хүчин чадалт дурангаараа 800 жилийн өмнөх Чингис хааны байлдан дагуулалтыг ч харж байж болох юм. Учир нь гэрэл хурдтай тархдаг шүү дээ.

Гэрлийн хурд нь үргэлж тогтмол бөгөөд орон зай, цаг хугацаа нь ажиглагчийн хурднаас шалтгаалж гэрлийг тогтмол хурдтай байлгахын тулд хувьсаж байдаг байна. Энэ бол онолын физикийн салбарт маш том хувьсгал хийсэн Харьцангуйн тусгай онол(1905 он) хэмээх Эйнштейний нээлт.

Гэрэл нь долгионлог болон бөөмлөг шинжтэй. Гэрлийн бөөмийг фотон гэдэг ба эффектив(зарим нь релятив гэдэг) масстай гэж үздэг. Тийм учир гэрлийн хурдаар аялдаг байх нь. Эффектив бус масстай та бидний хувьд гэрлийн хурдаар аялах боломжтой юу?

Гэрлийн хурдны 10%-д хүрэхэд таны масс 0.5%-иар нэмэгдэнэ, харин 90%-д хүрэхэд масс тань 2 дахин нэмэгдэх ба энэ мэтчилэн хурд тань гэрлийн хурданд дөхөн очих үед хязгааргүй их масстай болох юм. Учир нь таныг хөдөлгөж байгаа энерги масс уруу тань хувираад байгаа юм тиймээс л гэрлийн хурдаар аялахыг хүсвэл та хязгааргүй их массыг хөдөлгөх хязгааргүй их энергитэй байх хэрэгтэй ба уг хязгааргүй энерги тань хязгааргүй их масс уруугаа үргэлж хувирч байх юм.
 
Хязгаар нь үл мэдэгдэх сансар огторгуйн уудамд бид нарны туяанд дүүжлэгдсэн хумхын тоос мэт” гэх Карл Саганы гайхалтай зүйрлэл байдаг.
Орчлон ертөнцийн хязгаарыг бид үл мэднэ, мэдэхгүйгээ мэдэх тусам бид өөрсдийн хэр өчүүхэн гэдгээ мэдэрнэ.

Шинжлэх ухааны хялбаршуулсан тайлбар ихээр хийгддэг болсон одоогийн цаг үетэй Монгол улс ч гэсэн хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Үр дүн, шийдвэрт нь нөлөөлж чадахгүй байж улс төрийн хов жив, хүний өө хайн стресстэхийн оронд хар кофе уунгаа харьцангуйн онолыг бодон суух нь Монголын ирээдүйд илүү үр дүнтэй бус уу. Тэглээч массын гаргах аливаа шийдвэр нь улс төрийн нууцыг мэддэггүйнхээ улмаас удирдлагад анархи байдлын эх үүсвэрийг бий болгодог.

“Сайн, муу гэсэн хоёр л төрлийн физикч байдаг. Муу физикч шилдэг улс төрч болдог бол, сайн физикч сайн физикчээрээ л байдаг”. Тиймээс улс төрөөс илүү шинжлэх ухаанд цаг зав аа гаргацгаая.

“Мэдлэгийн их далайд мэдэхгүй зүйлтэй учирна гэдэг хамгийн том аз завшаан. Учир нь юу мэдэхгүй байгаагаа мэддэг хүн хаашаа сэлэх ёстойгоо мэддэг” гэх үгээрээ нийтлэлээ төгсгөх үү дээ.
                                   
Нийтлэлч: А.Жаргалсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөө үзмэрч 2017-02-04 15:32:23
    гурав дахь нь бөө болж тэнгэрт очиж харж үзсэнээ бууж бусдад ярьдаг.
    112.72.12.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-31 09:15:58
    Goyo niitlel bn oo. Iimerhuu niitleliig unshaad bh shig bn shuu.
    202.179.27.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-31 08:34:10
    Нийтлэгч ч гэсэн сайн муу 2 янз л байдаг, бичсэнийг нь хүн ойлгох нь байтугай бичсэнээ өөрөө ойлгохгүй бичээч нар байдаг түүний нэг нь Жаргалсайхан гуай та байх...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • BB 2017-01-31 17:45:52
      Shuumjlegch bas 2 yanz baidag. Yum heregtei ued shuumjlegch, yum buhniig shuumjlegch.
      210.4.243.177
      Мэдэгдсэн Хариулах
  • anu 2017-01-31 02:56:04
    Tuiliin UNen gej bich,tuuliin unen geh ni buruui
    172.56.4.8
    Мэдэгдсэн Хариулах