Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалт зохион байгууллаа
Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан "Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч”  сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй сайтын 60 гаруй сэтгүүлчид оролцож Оюуны өмчийн тухай хууль, журмууд, хэвлэл мэдээллийн ёс зүйн код, Монголын сайтын холбооны Улаанбаатарын цахим тунхаг гэсэн сэдвээр  мэдээлэл авсан юм.



Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Оюуны өмчийн газрын дарга Э.Мягмардорж "Өнөөдөр цахим орчинд оюуны өмчийн зөрчил газар авч байна. Монголын сайтын холбоо Оюуны өмчийг дээдэлж, сэтгүүлч нартаа хууль эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж, сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Цахим орчинд оюуны өмчийг хамгаалах, мэдээ, мэдээллийн хулгайтай тэмцэх, хууль сурталчлах ажилд бид Та бүхэнтэй үргэлж хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдлээ.

Мөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын Улсын байцаагч С.Ганзориг "Интернет орчинд хуурамч бараа бүтээгдэхүүн сурталчлах, оюуны өмчийн зөрчилтэй бүтээлүүдийг түгээх зөрчлүүд их гарч байгаад анхаарч, реклам сурталчилгаа байршуулахдаа бүтээгдэхүүний гарал үүслийн талаар тодорхой мэдээлэл авч байхыг зөвлөж байлаа. 
 
Мөн энэхүү сургалтын үеэр сэтгүүлчдийн ёс зүйн зарчим, сэтгүүлчийн нягт нямбай үйл ажиллагааг мөрдөх, эх сурвалжаа баталгаажуулах, хамгаалах, мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй байх, аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзах нь зэрэг сэдвүүдээр Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийг Ёс зүйн хорооны гишүүн Л.Чимэддондог сургалт явуулсан юм.

Монголын сайтын холбооноос сургалтад хамрагдсан сайтуудад "Улаанбаатарын цахим тунхаг”-ыг гардуулж өглөө. Эгнээндээ 150 гаруй сайтыг нэгтгэсэн Монголын сайтын холбоо мэргэжлийн, ёс зүйтэй, шударга цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх ажлыг өөрөөсөө эхлүүлэх, мэдээ хулгайлдаг, бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг, хууль, журам болоод сэтгүүл зүйн зарчимд үл нийцэх үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудтай тэмцэх ажлыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Оюуны өмчийн газар болон бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулах болсноо мэдэгдэж байна.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.