Гурван гийгүүлэгч: Та аялалд гарахад бэлэн үү

Гийгүүлэгч Сэржээ

Хүн бүхэн аялах дуртай. Тэгвэл аяллын төлөвлөгөөгөө урьдчилж гаргаснаар  зардлаа тооцож, заавал үзэх ёстой газруудаа товлож чадна. Энэ удаад би магистрын ангийг хамт төгссөн 4 найзын хамтаар,  Монголчуудын хамгийн их аялахаар ирдэг Чежү аралд 2 шөнө 3 өдөр хэрхэн аялсан талаарх төлөвлөгөөгөө жишээ болгон хүргэхээр бэлдлээ.

Уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс воны ханшийг 2 төгрөгөөр тооцож, монгол төгрөгт шилжүүлсэн гэдгийг анхаарна уу.

1. Онгоцны зардал 200,000 төгрөг          /Монголоос очих зардлыг тусад нь судлаарай/

Энэ нь Бусан-Чэжүгийн 2 талын онгоцны тийзний үнэ бөгөөд цагийг нь тулгаж авсан учир хямдралгүй үнэ юм. Хэрвээ сарын өмнө эсвэл хямдрал зарласан үед нь тийзээ захиалсан бол 100,000 төгрөгт багтаах боломжтой байсан.
Мэдээж та Монголоос аялах гэж байгаа бол үнийн дүн өөр байх нь ойлгомжтой юм. Гэхдээ та мөн л урьдчилж захиалж, хямдралын үеийг нь ашиглаж чадвал багагүй мөнгө хэмнэх болно.

2. Маршрутынхаа дагуу буудлуудаа сонгож захиалах – хүний 100,000 төгрөг

Онгоц маань оройн 5 цагт газардсан тул бид буудлын ойролцоо байх далайн эргийн Pantion буюу олуулаа байрлах боломжтой байранд буудалласан юм.  Энд 5 хүний хоногийн 200 мянган төгрөг болсон бол дараагийн өдөр буудалласан солонгосын уламжлалт “Хануг” маягийн байранд 300,0 мянган төгрөг зарцуулсан.

Ихэнх байрнууд нь 2, 4, 8 гэх мэтээр хүний тоо заадаг бөгөөд үүнээс хэтэрвэл 20-30 мянган төгрөгний нэмэлт торгууль төлдөг. Ер нь байр, буудал захиалахдаа өглөөний хоолтой эсэхийг заавал тодруулаарай. Бидний байрласан 2 дахь байр өглөөний хоолтойн дээр маш тухтай өвөрмөц орчинг бүрдүүлсэн байсан. Нэг ёсондоо төлсөн мөнгөнөөсөө давсан үйлчилгээг авч чадсан тул дараа дахин буудаллана гэж төлөвлөж байгаа. Танд хэрэг болох үүднээс линкийг нь хавсаргалаа. http://www.kasantobang.co.kr

3. Хоолны зардал – 100,000 төгрөг

Аялж буй газрынхаа онцлогийг илтгэсэн, нэрийн хуудас нь болсон хоол хүнсийг нь зооглох нь аливаа аяллын утга учир нь гэж би боддог. Чэжүд дунджаар нэг хоол 20 мянган төгрөгийн үнэтэй байдаг /үүнээс хямд бас үнэтэй нь ч бий/ бөгөөд  бид Чэжүгийн алдартай далайн хоолны газар болон Чэжүгийн SEOGWIPO.д байрлах захаар зугаалж /제주도 서귀포 매일올레시장/ тэндэхийн амттай хоолнуудыг идсэн.     Надад хамгийн таалагдсан нь “шаржигнуур пирожки”. Мөн хар гахайн махан шорлог, суши, Чэжүгийн мандарин гээд юу хүссэнээ тэнд идэж болно.

4. Үзвэр – 20,000 төгрөг

Бид энэ удаагийн аяллаараа битүү байшинд музей, үзмэр, тоглолт үзэхээс илүүтэйгээр байгалийн сайханд амарч, ойгоор алхахыг илүүд үзсэн учир үзвэрт бараг мөнгө зараагүй. Гэхдээ танд санал болгоход өмнө нь 2 удаа аялахад маань хамгийн их таалагдсан дельфиний тоглолт болон “Believe it or not” музей, мандарин түүх /түүсэн мандаринаа өөрөө авдаг/ үйлчилгээний тасалбарыг интернэтээр үндсэн үнээс нь 30%-с дээш хувь хөнгөлөгдсөн үнээр авах боломжтой.

5. Машин түрээслэх – хүний 30,000 төгрөг

Хэрвээ та олон улсын үнэмлэхтэй эсвэл солонгос үнэмлэхтэй бол машин түрээслэх боломжтой юм. Машинууд нь том жижгээсээ хамаараад янз бүрийн үнэтэй. Жижиг байх тусмаа хямдардаг.

Интернетээр захиалахад өдрийн 10 төгрөгөөр машин түрээсэлж болох бөгөөд 100%-ийн даатгалын төлбөр нь өдрийн 20 мянган төгрөг болдог. Нийт 30 мянган төгрөгөөр өдөржин машин түрээслэнэ гэсэн үг. Хэрвээ урьдчилж захиалахгүй бол 2 шөнө 3 өдрийн аяллын машины түрээс 250 мянган төгрөг болдог юм. Үүнээс гадна шатахууны зардалд 50 мянга орчим төгрөг зарцуулна гэж тооцоорой.

Танд хэрэг болох болов уу гэсэн үүднээс Чежүд аялахад шаардагдах зарим тооцооллыг  хүргэлээ. Ер нь аяллын гол утга учир нь хэдэн төгрөг зарцуулагдахад оршдоггүй. Харин аялж байгаа газраасаа таашаал авч, шинэ мэдрэмж, мэдлэгийг авах нь аяллын хамгийн сайхан нь юм. Нөхөр бид хоёрын хувьд анх аялж байхдаа танилцсан болоод ч тэр үү гэр бүлээрээ аялах дуртай. Заримдаа машиндаа хангалттай түлш хийгээд майхнаа ачаад, хүнсээ бэлдээд аялалд гардаг. Амьдралд тохиох өдөр тутмын асуудлуудыг хэсэгхэн зуурт ч болов мартаж, эргээд тэр асуудлуудаа шийдэх эрч хүчийг авдаг болохоор би аялалд дуртай.  Иймээс ч бид аялалд шаардлагдах тэр мөнгийг “Аяллын” хуримтлалын дансандаа бүтэн жилийн турш зорилго тавин хуримтлуулахдаа баяртай байдаг.

Гийгүүлэгч Номин

Энэ удаад би уншигч таныг олон орноор аялж, ажлаа хобби болгон амьдралаа сонирхолтойгоор өрнүүлдэг найзтайгаа танилцуулах гэж байна. Тэрээр бидэнд Франц улсаар аялах төлөвлөгөө гаргахад маань туслах юм. Найздаа баярлалаа.
 
Монголиан Турс ХХК-ний Гүйцэтгэх захирал Б.Оюун-Ухаан:


  Бүх зүйл Парисаас эхэлдэг гэдэг. Бүсгүйчүүдийн гангарах дуртай өндөр өсгийт,  хиймэл үс Францад үүссэн гэдэг. 14-18 зуунд Европ тивийг соёл иргэншлээрээ Франц улс манлайлж байлаа. Аль хааныг нь санахгүй байгаа ч энэхүү хаан нь их намхан, үс нь унадаг байсан тул хааныгаа эрэмгий харагдуулахын тул хиймэл үс зүүлгэж өсгийтэй гутал өмсүүлэн, бүх албатууд нь түүнийг хүндэтгэн адилхан хувцасладаг болсон гэлцдэг.

 





 



Энэ мэтээр бидний хувьд Европ тив болон соёл иргэншил, түүх нь маш сонирхолтой байдаг. Европын дундад зууны үеийн хөгжил цэцэглэлтийн хамгийн том төлөөлөл нь Франц улс тул та Парис хотод зочилсноор үүнийг нүдээр үзэж биеэр мэдрэх боломжтой.

Парист та анх удаа очихоор төлөвлөж байгаа бол аяллаа Версалын хааны ордонг үзсэнээр эхлээрэй.  Версал нь Францын хаадуудын амьдарч байсан ордон бөгөөд тэд хэрхэн аж төрж тухайн цаг үедээ ямар түүхийг бүтээж бидэнд өвлөгдөж ирснийг харах болно. Мэдээж үүний дараа та алдарт Луврын музейгээр зочилж, Христийн шашны маш үнэ цэнэтэ,  алдартай уран баримал гэх мэт 35,000 гаруй үзвэрийг шимтэн үзэх хэрэгтэй. Анх удаа бол 2-3 цаг үзэхэд л  хангалттай.

Эйфелийн цамхаг тийм өндөр биш ч Парис хот таны алган дээр тавьсан мэт л харагдана. Сайн ажиглавал Эфелийн цамхагийн дэргэдэх жижиг арал дээр америкийн эрх чөлөөний хөшөө бий. Энэ хөшөөг Францчууд америкт бэлэглэж байсан түүхийг илтгэж энд суурилуулсан юм.  Хажуугаар нь урсах Сена мөрнийг даган алхахад агуу жанжин Напелеон Банопартын Ялалтын хаалга 16 гудам бүхий хаалгыг үзэж, Элисегийн гудмаар алхан дэлхийн сор болсон брэндүүдийн дэлгүүрүүдэд худалдан авалт хийх боломжтой.

Парисын дарь эхийн сүм нь Готик стиль буюу сүмийг өндөр барих тусам бурханд илүү ойртоно гэсэн ойлголттой үед баригдсан юм. Сүм үзэхэд мэдээж үнэгүй. Парисын дуурын театр, Дина гүнжийн осол болсон гүүр, анхны халуун устай зочид буудал гэх мэтээр  үзэж харах зүйл арвин их. Зочид буудлаа аль болох хотын төвд захиалж, үзвэрээс үзвэр хооронд метрогоор зорчвол эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй.

Нислэгийн тийзээ эрт захиалвал та 1,600,000-1,700,000 төгрөгөөр авна. Мөн дээрх газруудыг үзэх аяллаа 600-1000 еврод багтааж болно. Та өнөөдрөөс хуримтлал үүсгэвэл мөрөөдөл тань нэг л өдөр биелнэ гэдэгт би итгэл төгс байна. Парис руу жилийн 4 улирлын аль ч үед аялахад тохиромжтой ч 6 сард хамгийн тааламжтай байдаг. Гэхдээ Монголчууд ихэвчлэн өвөл гадаадаар аялж, зун монголдоо амардаг болжээ.

Францчууд “Улсын өмч, хотын өмч, хувь хүний өөрийн өмч” гэсэн зүйлийг ихэд хүндэтгэдэг. Францад аялахдаа та юун түрүүнд хүнтэй мэндэлсний дараа асуултаа тавих нь тухай хүнээ хүндэтгэж буй хэрэг бөгөөд тэд илүү дуртай найрсаг ханддаг юм шүү гэдгийг санаарай.
 
Гийгүүлэгч Тогоо

Өнгөрсөн 7 хоногт миний бие Япон Улсад 3 шөнө 4 өдрийн аялал хийгээд ирсэн бөгөөд аяллын тэмдэглэлээ дараагийн дугаарт уншигч та бүхэнтэйгээ хуваалцах болно.

Бусдад түгээх
  • gplus