Долоо хоногийн тойм
Парламент өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулах товыг парламент тогтоолоо.  Мөн АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног өнгөрлөө. Улс төрийн хоёр дахь том намын хувьд өнгөрсөн сонгуулиас хойш намын шинэчлэлийг хийхээр ийнхүү намын даргын сонгуулийг эхлүүлээд байгаа билээ.  Тэгвэл өнөөдөр АН-ынхан намын даргаа сонгоно. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох содон үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлав.

Ингэснээр тогтоолын төслийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны зургадугаар сарын  26-ны өдөр явуулахаар болсон юм. Харин гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын  10-11-ний өдөр явуулахаар товлов.

Ахмадууд “Насны хишиг”-ээ хүртэнэ

Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу парламент  Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулиар ахмадуудад "Насны хишиг"-ийн тэтгэмжийг жил хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгох хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт батлагдлаа.
Тодруулбал,  65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг хишиг болгон олгохоор боллоо.
Манай улсад 65-аас дээш насны 121 мянган иргэн бий гэсэн судалгаа гарчээ.

АН-ынхан АТГ-т мэдүүлэг өгөв


Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т сүр дуулиантайгаар хоёр дахь удаагаа мэдүүлэг өглөө. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т очиж мэдүүлэг өгсөн тухай мэдээлэл гараад байгаа юм. Түүнийг ямар хэргээр  АТГ-д  мэдүүлэг өгснийг албаныхан нууцалж байгаа. Зарим эх сурвалжийн хэлснээр “Хөгжлийн банк”-ны асуудлаар экс Ерөнхий сайд мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байгаа юм.

Г.Ганбаярын баатарлаг үйлсийг өндрөөр үнэлэв

Галын аюулаас дөрвөн хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэсгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяр өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Түүнийг  Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнаж, урамшуулсан бол хотын удирдлагууд хүлээн авч уулзан, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшуулсан юм. Мөн  ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж нар хүлээн авч уулзлаа. Улмаар түүний байгуулсан баатарлаг үйлсийг өндрөөр үнэлэн хугацааны өмнө цагдаагийн ахлах дэслэгч цол олгож, сарын үндсэн цалингаар шагнаж урамшуулсан билээ.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.