“Хүрээ” амаржих газар шинэ барилгатай болохыг хүслээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр нийслэлийн амаржих газруудаар явж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Амаржих газруудаас хамгийн их ачаалалтай, барилгын хувьд хуучирч муудсан, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь “Хүрээ” амаржих газар байв. “Хүрээ” амаржих газрын  дарга Р.Оюунханд хэлэхдээ “Манай эмнэлгийн барилга 1959 онд ашиглалтад орсон. Сүүлийн 5 жилд нийт барилгын 63 хувьд урсгал засвар огт хийгдээгүй. Мөн багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж стандартын түвшинд хүрдэггүй. Эмч, эмнэлгийн мэргэжилтний хүрэлцээ хангамж ч дутагдалтай. Барилгын ашиглалтын хугацаа дууссан нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.” гэлээ. Тухайлбал, оношилгооны багаж хэрэгсэл 20,5 хувьтай байх ёстой ч өнөөдрийн байдлаар 11,9 хувьтай, эмчилгээний багаж хэрэгсэл 41 хувьд байх ёстойгоос 21,4 хувьтай байгааг танилцууллаа.

“Хүрээ” амаржих газар нь СХД-ийн нийт 22 хорооны эхчүүдэд үйлчилдэг байна. Өдөрт дунджаар 10-15 эх амарждаг аж. Ачаалал их, орны хүрэлцээ муугаас өнөөдрийн байдлаар дутуу тээлтийн тасагт л гэхэд 11 орон дээр 28 эх хэвтэн эмчлүүлж байгааг хотын даргад дуулгаад шинэ барилгатай болохыг хүслээ. Нийслэлийн засаг дарга С.Батболд хэлэхдээ ”Хотын төвд  байрлалтай, хүн амдаа эмнэлгийн  яаралтай тусламжийг  хагас  жаран хүргэж ирсэн “Хүрээ“ амаржих газрын барилгын шинэчлэлийн асуудалд онцгойлон анхаарна.  Газрын асуудал нь шийдэгдэж, зураг төсөл нь хийгдсэн байгаа нь сайшаалтай. Гадаад, дотоодын зээл тусламжаар  эмнэлгийн барилгын асуудлыг  шийдвэрлэхэд анхааран ажиллана“ гэдгийг хэлсэн юм.  

Шинэ зураг төслөөр амаржих газрын барилгыг 6 давхар байхаар тооцож, хүчин чадлын 180 ортой байхаар тусгасан байна. Эмнэлгийн барилга шинэчлэгдэхийг дагаад боловсон хүчин, тоног төхөөрөмж гээд олон шинэчлэл давхар  өрнөдөг сайн талтайг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Ш.Төмөрбаатар хэлсэн. Ялангуяа “Хүрээ“ амаржих газрын барилгыг шинээр барихгүй бол өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжинд ч хүндрэл учирч байгааг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.