Биоаюулгүй байдлыг хангах  эрхзүйн орчинг сайжруулах төслийн хурал боллоо
Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Уг төслийн  анхны хуралдаан өнөөдөр боллоо.   

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр төслийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр улс орнуудын өмнө хими биологийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эрсдэлийг бууруулж урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, гамшгийг дараахь менежментийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд үндэсний хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, технологийн шинэчлэл хийх шаардлага тулгаард байгаа энэ үед төслийг эхлүүлэх хуралдааныг зохион байгуулж байна. БОАЖЯ биологийн аюулгүй байдлын асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохицуулах үүрэг хүлээн ажиллаж, хууль эрх зүйн орчныг бий болгох, сайжруулах ажлыг хийж ирсэн. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд БОАЖЯ, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо тэргүүлэн талуудын оролцоог ханган ажиллах болно” гэсэн юм.  

Биоаюулгүй байдлыг хангах гэдэг нь хувиргасан амьд организмаас хүний эрүүл мэнд, амьтан, ургамал болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх биоаюулгүй байдал алдагдсан үед үүссэн хор уршгийг арилгах, аюулгүй болгох цогц арга хэмжээ авахыг хэлнэ. Хувиргасан амьд организм гэдэг нь орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг хэлдэг байна.



Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Биологийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах тухай конвенцид 1972 онд, Биоаюулгүй байдлын Картагены Протоколд 2002 онд нэгдэн оржээ.  Биологийн аюулгүй байдлыг хангах асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороог БОАЖЯ-ны дэргэд байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн  хэдий ч биологийн болзошгүй аюул үүсэх эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах менежментийн асуудлыг цогцоор шийдвэрлэх үндэсний эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага, хүний нөөцийг чадавхижуулах, хяналтыг чангатгах нэн шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцолсон. Хуралдаанд төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл, БОАЖЯ, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, биоаюулгүй байдлыг хангах чиглэлээр үндэсний хэмжээнд хамтран ажилладаг 24 байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх төслийн хуралдаанаар хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийн өнөөгийн нөхцөл байдал, эрсдлийг бууруулах хэрэгцээ шаардлагаа нэгтгэн дүгнэж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа тодорхойлно гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.