Д.Ганзориг: Үндсэн хуулийн зүйл заалт тус бүрээр мониторинг хийх шаардлага байгаа
"Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл" эрдэм шинжилгээний хурал өчигдөр  болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригоос дараах асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагын тухай түлхүү яригдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ илүү Үндсэн хуулийн зүйл заалт тус бүрээр  мониторинг хийх шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн заалт тус бүрээр органик хуулийн зохицуулалтууд нь юу нь болж байна, болохгүй байна гэдгийг судлах ёстой. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой, үгүй юу гэдгийг ярих ёстой.

-Цэцийг улс төрийн шийдвэр гаргаж байна гэж шүүмжлэлүүд байдаг. Мөн зарим эх сурвалжууд Үндсэн хуулийн Цэц нь дээд шүү шиг байгууллага байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт үүрэгтэй. Үүргээ биелүүлж чадаж байгаа юу?

 - Дэлхий дээр Үндсэн хуулийн хяналт тавьдаг гурван хэлбэр байдаг. Нэгдүгээрт, шүүхийн бие даасан байгууллага /дотроо өөр өөр хэлбэртэй/, хоёрдугаарт , Дээд шүүх нь Үндсэн хуулийнхаа биелэлтэд хяналт тавьдаг, Гуравдугаарт, Үндсэн хуулийн зөвлөл хэлбэрээр ажилладаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Цэцийн одоо ажиллаж байгаа хүмүүс муу байна гээд дээд шүүхтэй нийлүүлчихэд болохгүй гэх зүйлгүй. Улсын Дээд шүүх дээр үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлье гээд бодоход Дээд шүүхээс гарах шийдвэр нь улс төрийн агуулгатай асуудал хөндөхөд улстөрийн агуулгатай шийдвэр гарахаас яах вэ дээ. Тэгэхээр тогтолцоондоо биш. Татан буулгаж, байхгүй болгох шиг амархан зүйл байхгүй. Ганцхан юуг хянадаг вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

-Манайх Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг их оройтож ярьж байгаа тухай ярих хэсэг байна. Бусад орнуудыг жишиг ямар байдаг юм бол?

-Дэлхийн улс орнууд Үндсэн хуульдаа 20-25 жилийн дараа өөрчлөлт хийдэг тохиолдол бий. Харин зарим нь бүр богино хугацаанд ч өөрчлөлт хийдэг тохиолдлууд бий. Он цагт баригдаж үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь өрөөсгөл.

 Үндсэн хуулийг өөрийг нь сайн судлаад дараа нь нэмж орсон хуулиудыг судлаад болж байгаа, болохгүй байгаагаа тодорхой болгосоны дараа өөрчлөх, эс өөрчлөх тухай ярих хэрэгтэй. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хуулиар зохицуулах боломж байгаа бол заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

1992-1996 оны парламент Үндсэн хуулийг  дагалдах хуулиудыг баталсан байдаг. Тэр үед Үндсэн хуульд байгаа заалтыг хуульд хуулж бичих биш заавал дэлгэрүүлж боловсруулах ёстой гэдэг зарчимтай байсан. Харин сүүлийн үед Үндсэн хуульд байгаа заалтыг гүнзгийрүүлээд  бусад хуулиар зохицуулах боломж байгаа гэдгийг харахгүй байгаа юм. Үндсэн хуулийн асуудал уу, бусад хуулийн асуудал уу гэдгийг л ялгах хэрэгтэй байгаа юм.


П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine