Э.Мандах: Хэрэгтэн аавыг минь алчихаад энэ олон жил бидний дэргэд амьдарч байсан
Өнгөрсөн оны гуравдугаар сард ЦЕГ-аас 19 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийн хэрэгтнийг илрүүлсэн хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ хэрэг өдгөө шийдэгдэж чадаагүй байгааг хохирогчийн ар гэрийнхэн хэлж байна. Тухайн үед хэрэг үйлдсэн хүн өдгөө ял завшиж ч магадгүй байгааг хохирогчийн төрсөн охин бидэнд дуулгасан юм. Бид түүнтэй  болсон хэрэг явдлын талаар ярилцлаа.
 
-Та болсон хэрэг явдлын талаар ярихгүй юу?
 
-Миний төрсөн эцэг Маамын Элбэгзаяа цэл залуу 32 насандаа 1997 оны 8 дугаар сарын 5-ны шөнө өөрийн гэртээ бусдын гарт онц хэрцгийгээр олон удаа хутгалуулж нас барсан юм. Ард нь аавын аав миний өвөө 61 настай, эмээ 55 настай, том охин миний бие 9 настай, миний дүү 4 настай, ээж минь 32 настай ийм 5 хүн сэтгэлдээ үүрд гашуун зовлон тээсээр хоцорсон. 1997 оноос хойш эмээ өвөө хоёр маань ганц хүүгийнхээ амийг хөнөөсөн алуурчныг олох гэж хөлөө хүрэх газраа хүртэл хөөцөлдөж, цагдаагийн үүд сахиж, цөхөрсөөр эмээ 2006-10-06нд , өвөө 2009-06-10-нд тус тус хүнд өвчний улмаас өөд болсон. Ингээд хэрэг илрэх найдвар тасраад байтал 2016-03-03ны өдөр ЦЕГ-н ХМТ-ын ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголын цагдаа19 жилийн өмнөх хүн амины хэргийн алуурчинг олсоноо сүр дуулиантайгаар зарласан.
 
-Хэрэгтэн ямар хүн байсан бэ?
 
-Хэрэгтэн 22 настай байх үедээ тус хэргийг үйлдсэн, Б гэгч эмэгтэй байсан. Тэрбээр 2000 онд төрсөн эцгийгээ хутгалан ял эдэлж байсан, хутганы хэрэгт гаршсан рецедив давтан гэмт хэрэгтэн юм. Хэрэг үйлдсэн болох нь хурууны хээ, тамхины иш , ДНК-н шинжилгээ, мөрдөн байцаалтын видео туршилтаар бүрэн нотлогдож, сэжигтэн анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн.
 
-Анхны шүүх хурал хэзээ болсон бэ? Ямар ял оноосон бэ?
 
-2016.08.22-нд анхан шатны шүүх хурал болж, алуурчинд 91.2.12 буюу бусдыг онц хэрцгийгээр санаатай алах зүйл ангиар яллан, 16 жилийн хорих ял оноосон. Хурал дээр сэжигтэн хүн алаагүй хэмээн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн болно. Яллагдагчийн тал хэрэг үйлдээгүй буюу хууль буруу хэрэглэсэн хэмээн давж заалдсан ба миний бие зүйл ангийн хамгийн доод хэмжээний ялыг өгсөнийг эсэргүүцэн давж заалдсан.2016.10.04-ний өдөр Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, 16 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм.2016.11.23-ны өдөр Дээд шүүхийн хурал мөн л хэрэг үйлдээгүй гэсэн гомдлын дагуу болж, бүрэн нотлогдсон хэргийг нотолгоо дутуу, хууль буруу хэрэглэж ялласан хэмээн хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа. Хэрэг илэрсэнээс хойш ээжийн минь нурууны архаг өвчин сэдэрч, хэрхэн шийдэгдэхийг хүлээж дийлэлгүй хэвтэрт орон үхэх өдрөө хүлээн хэвтэх болсон.
 
Хорвоо дэлхийг таньж эхлэх 9-хөн настай үлдсэн би 19 жилийн турш шөнө бүр цус зүүдлэн нойргүй хонож, мөнхийн айдас хүйдэс дунд амьдарч ирсэн. Би хүнээс айдаг, би хүнд итгэдэггүй, гуниг тээсэн хүн болж өссөн. 4 настай үлдсэн бяцхан дүү минь аавынхаа царайг ч санадаггүй.
 
Нэгэнт илэрсэн нотлогдсон хэргийг Монгол улсын шүүх шийдэж чадахгүй бүтэн жил өнгөрлөө. 1997 онд гарсан хэргийг 1986 ба 2002 оны эрүүгийн хуулийн алийг нь хэрхэн буцаан хэрэглэж шийдэхээ мэдэхгүй, эцэст нь хэргийг анхан шатны шүүх рүү буцаан хэргийн араас хөөцөлдсөн энэ нэг жилийн цаг зав, хөдөлмөр, өр зээл тавин байж зарцуулсан сая гаран төгрөгийг минь салхинд хийсгэн бүхнийг эхний цэг дээр аваачлаа.
Шүүгдэгч энгийн нэг хүн биш, давтан хутганы хэрэгтэй гэмт хэрэгтэн. Хэрэг өөрийнх нь болон гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар бүрэн нотлогдсон. Ийм байхад Монгол Улсын Дээд шүүх хэний төлөө ажиллаж байгааг гайхаж байна. Уур нь хүрэхээрээ хүн хутгалдаг зэрлэг энэ эмэгтэй, ял завших вий гэхээс айж байна. Зүгээр суллагдаж гараад, дараагийн хэн нэгнийг хутгалж хохироовол хэн хариуцлагыг нь хүлээх юм.Ганц энэ хэргээс болж бүхэл бүтэн гэр бүл минь сүйрсэн. 5 хүн хувь заяагаараа хохирсон. Хүн амины хэрэг гэдэг үхсэний хохь, амьдын зол болоод хохирогч нь хохирсон дээрээ хохироод үлддэг байдал манай гэр бүлээр дуусаасай.
 
-Ээжийн тань биеийн байдал одоогоор ямар байгаа вэ, шүүх хурлаас хойш муудсан гэж байсан. Өнөөдрийн шүүх хуралд оролцох уу?
 
- Ээжийн бие их муу байгаа. Архаг нурууны өвчин нь хэрэг илэрсэнээс хойш хүндэрч мэдрэлдээ нөлөөлөн бүдүүн гэдэс нь мэдээгүй болж эхэлсэн. Хэвтэрт байгаа. 2017,01,12-ны 2 дах удаагийн анхан шатны шүүх хуралд ээжийгээ хэвтэрт байхад нь хүчээр босгож , 2 давхар өвчин намдаах лаа хйиж өвчнийг нь намдаагаад 2 хүнээр дамжлуулаад аваад очсон. Хурлын ирц бүрэн шүүгч , прокурор, яллагдагч , хохирогч, өмгөөлөгчид бүгд ирсэн байсан. Гэвч хэрэгтэний *хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй* гэсэн хүсэлтийг онцлон авч үзээд шүүх хурлыг ахин 2017,01,25 хүртэл хойшлуулсан байгаа. Би өвчтэй ээжийгээ хэвтрээс хүчээр босгоод аваад ирсэн , бүх хүн чинь бүрэн байна , ээж минь дараагийн шүүх хуралд ирж чадахгүй, амьд байхгүй ч байж магад тиймээс шүүх хурлыг явуулж өгөөч гэж уйлан гуйсан боловч шүүх авч хэлэлцээгүй. Шүүгдэгчийн хүсэлт ямар ч ор үндэслэлгүй. Ээж маргааш оролцож чадахгүй байх, хэлж мэдэхгүй байна
 
-Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцааснаа  юу гэж тайлбарласан бэ?
 
- Нотлох баримт бүрэн дүгнэгдээгүй , хуулийн хэрэглээний тайлбар дутуу гэсэн байсан
 
Та бүхний зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юу?
 
 -Мэдээж хэрэг. https://www.youtube.com/watch?v=2gopheJuf8I энэ линкээр ороод үзвэл 2016,03 сард алуурчинг барьсан , алуурчины хэрэг нотлогдсон , өөрөө хэргээ хүлээсэн тухай ЦЕГ-н ХМТ-с мэдээлж буй мэдээллийг харж болно. Хэрэг үйлдсэн болох нь хурууны хээ, тамхины иш , ДНК-н шинжилгээ, мөрдөн байцаалтын видео туршилтаар бүрэн нотлогдож, сэжигтэн анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн. Ийм тодорхой хэргийг яагаад буцаагаад байгааг гайхаж байна. Хуулийн хэрэглээний тал дээр бол саяхан 1998 онд үйлдэгдсэн С.Зоригийн хэрэг 18 жилийн дараа илэрлээ. Мөрдөгдөж байсан эрүүгийн хууль , илэрсэн огноо ижилхэн. Шүүх 2002 оныхоо хуулиар торохгүй шийтгээд явуулж байгааг бүгд харлаа. Олон жилийн дараа илэрсэн хэрэг дээр хууль хэрхэн хэрэглэх бэлэн жишээ бол энэ. Манай хэрэг үүнээс ямар ч ялгаагүй шийдэгдэх ёстой
 
Тухайн үед хэрэгтэн ямар учраас аавын тань амь насанд халдсан  юм бол?
 
- Ахуйн хүрээний маргалдаан. Ер нь бол хэрэг гарах үед аав хэрэгтэн 2-с өөр хүн гэрт байгаагүй. Нэг нь үхсэн , нэг нь амьд байж байна. Тэнд юу болсныг өөр хэн ч мэдэхгүй. Амьд байгаа нь юу ч гэж худлаа хэлэх боломжтой. Үхсэн хүн үг хэлэхгүй учир.
 
-Хэрэгтнийг таньдаг байсан юм уу, танай гэр бүлтэй ямар хамаатай хүн бэ?
 
- Зэргэлдээх байранд амьдардаг найзынх нь дүү охин байсан байгаа юм. Цагдаагийнхан хамар доор байсан хүнийг олж чадалгүй анхнаасаа буруу сэжүүрээр орсон , харин хожимдсон ч гэсэн олсонд нь баярлаж байлаа. Гэхдээ одоо баярлахаасаа илүү илрээгүй бол дээр ч байжуу гэж бодох боллоо. Асар хүнд сэтгэл санааны дарамтанд байна.
 
-Яагаад,  Хэрэгтний зүгээс болоод ар гэрийнхэн нь  таныг дарамталсан зүйл байхгүй биздээ?
 
- Нэгдүгээрт , хэрэг шийдэгдэхгүй удсаар алуурчин ял завшаад зүгээр гараад ирэх ч боломжтой боллоо. Миний амь насанд баталгаа алга. Учир нь энэ хүн бол 2000 онд өөрийнхөө төрсөн эцгийг хутгалж ял эдэлж байсан хутганы хэрэгт гаршсан рецедив гэмт хэрэгтэн. Гарч ирээд намайг хутгалахгүй гэх газаргүй. Уур нь хүрэхээрээ хүнийг шууд л хутгалаад сурчихсан хүн. Хоёрдугаарт, Хэрэг яаж шийдэгдэх бол гэж байнга хэргийн тухай бодож явна гэдэг ямар их дарамт гэдгийг ойлгох хэрэгтэй. Шөнө болгон гараад ирчихсэн намайг алж байна гэж зүүдэлдэг болсон. Ер нь өнгөрсөн 19 жил байнга улаан цус зүүдэлж ирсэн.  Бүтэн нойртой хонохоо байсан. Ажлын бүтээмж муудаж , мартамхай , уймраа болсон. Дээрээс нь дараагийн хуралд өгөх өмгөөлөгчийн мөнгө яаж олох вэ гэж байнга бодно. Гуравдугаарт, Хорвоо дээрх ганц хүүгээ алуулчихаад,  араас нь шаналсаар алуурчин олдохыг хүлээж дийлэлгүй өөд болцгоосон намайг өсгөж,өдий зэрэгт хүргэсэн хайрт эмээ өвөө 2-ынхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага.Үүнийгээ биелүүлж чадахгүй байх вий гэсэн шаналал бол үгээр хэлшгүй хүнд дарамт байдаг юм байна.
 
- Та бүхнээс албан ёсоор уучлалт гуйж байв уу?
 
- Хэзээ ч надаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй. Тэр ер нь бүүр сурчихсан хүн. Хүн алсандаа айсан гэмшсэн шинж огт байхгүй. Анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээж, сэтгэц нь эрүүл гэдэг нь тогтоогдож, сэтгэцийн эмчтэй ярилцлага хийж байхдаа “хэрэг илэрсэнд баярлаж байна” хэмээн биднийг тавласан. Хэрэг хийснийхээ дараа олон удаа энд тэнд ээжтэй минь тааралдаж, үг ярьж байсан байдаг. Юу ч болоогүй мэт биднийг хажуунаас ажигласаар амьдарч ирсэн гэж бодохоор аймшигтай.
 
-Хэрэгтэн эхний байцаалтаараа хэргээ хүлээсэн ч шүүх хурал дээр үйлдээгүй гэж мэдүүлсэн гэж байсан. Энэ нь ямар учиртай юм бол танд таамаглаж байгаа зүйл байна уу?
 
-Энэ бол хүн алсан алуурчин бүрийн хэрэглэдэг арга. Бүгд л шүүх дээр очихоороо алаагүй, хийгээгүй гэдэг юм билээ. Шүүхийн практикт сэжигтэний хамгийн анхны мэдүүлэг бол хамгийн үнэн байх магадалтай гэсэн шинжлэх ухааны дүгнэлт хүртэл байдаг юм билээ. Дараа дараагийн мэдүүлгээсээ тэд өмгөөлөгч аваад тэднээрээ хэлэх үгээ заалгаад явчихдаг,  үүнээс гадна шоронд хамт байгаа хүмүүс нь бол маш том багш байдаг. Тэднээсээсээ маш их зүйл сурч , заалгаж байгаа. Анхны мэдүүлэг бол хэнтэй ч уулзаагүй хэнээс ч юу ч сонсоогүй сураагүй заалгаагүй байх үедээ цэвэр өөрийн оюун санаа,зөн мэдрэмжээрээ өгсөн мэдүүлэг байдаг.
 
-Одоо та бүхний зүгээс юу хүсэж байна вэ?
 
-Монголын шүүх хүн бүрт тэгш шударга  үйлчилдэг юм бол, энэ хэргийн зүйл анги бол эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл анги. 91.2.12 гэдэг бусдыг онц хэрцгийгээр санаатай алах гэдэг  15-25 жилийн ялтай зүйл анги. Шүүх тэгш үйлчилдэг л юм бол С.Зоригын хэрэгтэй нэгэн адилаар шийдвэрлэж, 25 жилийн ялыг оноож өгөөсэй гэж хүсч байна. Алуурчин бол энгийн нэг эмэгтэй биш, удаа дараагийн хутганы хэрэгтэй, өөрийнхөө төрсөн эцгийг хутгалж шоронд ял эдэлж байсан хүн гэдгийг маш сайн харгалзан үзээсэй. Биднийг 20 жилийн турш хохироосон, таван хүний амьдралыг там болгосон , хоёр хүнийг хүлээж чадалгүй үхүүлсэн, одоо гурав дах хүн нь хэргээ шийдэгдэхийг хүлээн хоногоо тоолж байгаа гэдгийг санаасай, Хурдан шуурхай, шударга  шийдэж өгөөч гэж л хүсэх байна.
 
-Таны аав юу хийдэг хүн байсан бэ?
 
- Манай аав цэл залуу, цоо эрүүл 32-хон настай байсан. Хөдөлмөрийн бүрэн чадвартай, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байсан.
 
- Ямар учраас хэрэг гарах үед хэрэгтэнтэй хоёулахнаа байж таарсан юм болоо?Маргаан юунаас эхэлсэн бол гэх таамаг бий юу?
 
-Тэр үеийн байдлыг зөвхөн одоо үг хэлэх боломжтой амьд байгаа хэрэгтний хэлсэн үгийн хэмжээнд авч үзэж байгааг дахин онцолмоор байна. Үнэн эсэхийг нотлох боломжгүй. Ерөнхийдөө ахуйн хүрээний маргалдаан гарсан.  Аав минь алуулсан гэдэг нь ойлгомжтой байна. Илүү дэлгэрэнгүйг хэлэх нь  хавтаст хэргийн материал учир хориотой байдаг.
 
-Хэрэгтэн хэрэг хийснээсээ хойш та бүхний хажууд амьдарсаар байсан хэрэг үү?
 
-Хэрэгтэн ээжтэй минь хэд хэдэн удаа тааралдсан. Юм ярьсан. Монголд, Улаанбаатарт бидэнтэй ойр биднийг ажигласаар зэрэгцэн амьдарч ирсэн.
 
Ярилцсанд баярлалаа
 Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Novsh 2017-01-25 15:42:48
    Barimt notolgootoi xereg xyn shig shyyj chadaxgyi chichirch avligajaad baival yr xyyxded chini xar syyder ni tusna gedgiig oilgoosoi
  • Zochin 2017-01-25 12:07:29
    Manai shuuhin zarim humuus bur mungunii tuluu yu ch hiihees butsahgui yum da, tun haramsaltai!!! Huurhii ene huuhed eej ni!!!
  • Irgen 2017-01-25 06:34:04
    Ene Elbegdorj gedeg mal tsaziin yaliig tudeglzuulsnees hoish hun amini mash ih aimshigt hereguud garah bolson. Tsaziin yal baih yostoi.
  • зочин 2017-01-25 05:57:37
    шүүхийнхэн бүгд хахууль авдаг нь нотлогдоод байгаа юм биш үү.
  • ZOCHIN 2017-01-25 05:20:19
    ENE OXIND UMGUULUGCHIIN XOLSIIG N UGUX YUMSAN. SHVVX XURAL N DUUSSANY DARAA SETGEL SANAAG N AMRAAJ XAA NEGTEI (THAILAND, SINGAPORE, HONG KONG) AYALUULAX YUMSAN....
  • иргэн 2017-01-25 04:57:19
    цагдаа ажлаа хийсэн, хэрэг илэрсэн л байнашд, цагдааг элдвээр хэлээд яахав дэ, харин шүүх бол үнэн новш, дандаа хэрэгтний үгээр үг хийдэг
  • hun 2017-01-25 04:30:13
    Mungu l buhniig diildeg boljdee ter shuugch nar uuruusduu ur huuhedtei l bh hun chanaraa gargaad unen munuur ni shiidcheesei
  • иргэн 2017-01-25 04:16:41
    ямар балиар алуурчин бээ, тэр чинь
  • Irgen 2017-01-25 02:37:11
    Mongoliin shuuh tsagdaa iim l gomo mergejliin bus tsalun avch hool horoohoos iluug hiij chadahgui chadvargui atsnuud!!!
  • xonxor 2017-01-25 02:00:47
    Xaanaxiin shyyx um be
    202.9.41.148
    Мэдэгдсэн Хариулах
    • Мандах Элбэгзаяа 2017-01-25 02:03:35
      Сансарт байдаг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх
  • Мандах Элбэгзаяа 2017-01-25 01:50:00
    Mandakh Elbegzaya гэсэн хуудас руу ороод шейр хийгээд өгөөрэй. Одоо 10.30-с шүүх хурал болох гэж байна сонирхсон хүмүүс надтай холбогдоод ирж сууж болно
    • Зочин 2017-01-25 03:59:29
      Хэргийг үнэн зөв шийдэж энэ хүмүүсийн гомдлыг тайлаасай. Монголын шүүх шударга шийдвэр гаргах ёстой шүү