Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолж буй. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна гэж хууль санаачлагч Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцолсон. Уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой юм.

Өнгөрсөн 2015 онд шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт 40674 иргэний хэргийн 21521 хэрэг буюу 53 хувийг нь шүүх хуралдаанаар, 13972 хэрэг буюу 34,3 хувийг хялбаршуулсан журмаар, 5181 хэрэг буюу 12.7 хувийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нийт 21521 хэргээс Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 20805 буюу 51,1 хувийг эзэлж байна. Хэрэг маргааны төрлөөр авч үзвэл 2014 онд анхан шатны шүүхээр 33996 хэрэг, 2015 онд 40674 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21242 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тоо өмнөх оноос 1209 хэрэг буюу 6 хувиар өссөн байна.

Харин Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт 2014 онд 41 маргаан, 2015 онд 70 маргаан, 2016 оны эхний найман сарын байдлаар 110 маргаан хүлээн авснаас 58 хэрэг маргааныг нийтдээ хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрыг ашиглах явдал тус улсад тун хангалтгүй байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.