Оффшор данстай эрхмүүдэд өршөөл үзүүлэх үү

Төрийн өндөр албан тушаалтан оффшорт мөнгө хадгалахыг хориглох буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг дээрээ бүдэрсэн. Тэгвэл хуулийн төслийг  дахин оруулж ирлээ. Хуульзүйн байнгын хороо хуулийн төсөлд улстөрчид, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн байр суурийг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Анхны хэлэлцүүлгээр ганц хуудас хуулийн төсөл оруулж ирлээ хэмээн шүүмжлүүлсэн  оффшорыг хориглох хуулийн төсөлд Ажлын хэсгийнхэн хэд хэдэн өөрчлөлт оруулж буйг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ.

Тэрбээр “УИХ-ын Тамгын газрын судалгааны багаар судалгаа хийлгэж үзэхэд 200 гаруй төрт улсын хууль эрхзүйн тогтолцоонд оффшор гэсэн зохицуулалт байдаггүй юм билээ. Тиймээс бие даасан биш нэмэлт өөрчлөлтөөр зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Нэр бүхий гишүүдийн зүгээс гэр бүл төрөл төрөгсдийг бүхэлд нь гадаадад данс эзэмшихийг тусгайлан хуульчлан хоригло гэдэг шаардлагыг тавьж байгаа. НҮБ-ын хүний эрхийн баримт бичигт манай улс нэгдсэн орсон. Үүнийгээ Үндсэн хуульд баталгаажуулсан. 

Тиймээс нийтийн албанд ажиллаж байгаа хүний хамаарал бүхий этгээдийн үндэсний болон олон улсын хууль тогтоомжоор баталгаажуулсан эрхийг хязгаарлах нь нэгдэн орсон баримт бичгийг зөрчинө. Хамаарал бүхий этгээдүүд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаадад данс эзэмшиж байгаагаа тайлагнана. Хэрэв тайлагнаагүй бол ашиг сонирхлын зөрчил болно. 

Дансанд байгаа орлогынхоо эх үүсвэрийг тодорхойлж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжиж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт тооцно” хэмээн төслийг танилцуулав. Мөн тэрбээр “Оффшортой холбоотой харилцаан дээр уучлал, өршөөл үзүүлэх, зарлах замаар гадаадад хадгалагдаж байгаа мөнгийг Монгол Улсад оруулж ирэх боломжийг гаргана. 

ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гаргаж гадаадад эзэмшиж байгаа хөрөнгөө эх орондоо оруулж ирсэн тохиолдолд тайлбар шаардахгүй, хураахгүй гэсэн уучлал зарласан байдаг. Манай улсын хувьд 2015 онд Ил тод байдал эдийн засгийн өршөөлийн хууль батлагдсанаар 33 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон байдаг. 

Тодорхой давтамжтайгаар өршөөл үзүүлэх нь хэр зохимжтой вэ гэж үзэж байна” хэмээсэн юм. Оффшор данстнуудад уучлал үзүүлнэ гэж тодорхой хэлээгүй ч дээрх жишээтэй татварын өршөөлийн хуулийг дурдсан нь бөөрөнхий хариулт болчихов. Иргэний нийгмийн байгууллагууд ч хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлж байсан. 

Ямартаа ч оффшорт данстай гишүүдэд уучлал үзүүлж хөрөнгийг нь Монгол Улсад оруулж ирэх асуудал хуулийн төсөл дээр сөхөгдөх нь. Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр хэр­хэн үргэлжлэхээс хамаарч тодорхой болох биз. Хэлэлцүүлгийн үеэр хуу­лийн төслийн талаар зарим хүмүүсийн илэрхийл­сэн байр суурийг хүргэе.
 

Б.Лхагважав /Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч/

 

-Төрийн, нийтийн хамааралтай өмчийг эзэмших ашиглах этгээдүүд төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. 1992 онд Үндсэн хуулиа баталсан боловч төрийн нийтийн хамааралтай өмчийг хамгаалах хуульгүй байгаа юм. Энэ өмчийн хуулийг гаргаагүй учраас түүнийг эзэмших, ашиглах эрхийг түр зуур авсан этгээдүүдээр дамжуулж авсан онцгой лицензийн эрхээрээ хилийн цаана байрласан мөнгө буцаж Монгол руу орж ирэх процесс явагдаж байх магадлалтай.

Улс төрийн дуулианаар оффшорын хууль гарчих юм бол эрхзүйн маш том асуудалд орно. Монгол Улсад гадны төрийн албан тушаалтнууд данс нээлгэж болох уу. Монголд банкны данс эзэмшиж болох уу.
 

П.Сайнзориг / Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга/


-Монгол Улсын төрийн албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг зохицуулж байгаа. Бусад улс орны иргэдийн асуудлыг хуулиар зохицуулах боломжгүй. Тухайн улсын хуулиараа юу гэж зохицуулахыг хэлж мэдэхгүй.
 

Ш.Ариунаа /Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо/


-Өнгөц харахад оффшор дансыг хориглоод байгаа мэт боловч арга замыг нь нээчихсэн зүйлс ажиглагдаж байна. Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүс данс эзэмшиж болохоор ойлгогдож байна. Оффшор данстайг нотлох эрхзүйн боломж хангалттай бус гэж ойлголоо. Хамаатан садан нь оффшорт данстай байж болно гэсэн заалт байна.


Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/


-Монгол Улсыг төлөөлөөд дипломат төлөөлөгчийн газар ажиллаж бай­гаа хүмүүс тухайн орондоо данс эзэмшинэ. Бусад тохиолдолд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд данстай байхыг хориглосон. Эмчлүүлж, сувилуулахад данс нээлгээд ХОМ-дээ дурдаад хаалгасан бичилт хийлгэнэ.

Хамаатан садан нь гадаадад бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхийг хааж болохгүй. Хүний эрхийн ухралт болно. Монгол Улстай эрхзүйн талаар харилцан туслалцсан орнууд гэрээний дагуу  мэдээлэл гаргаж өгнө.
 

Д.Сүхжаргалмаа /ИХН намын Ерөнхий нарийн бичгийн дарга/


-Энэ хууль дээр ний­тийн сонсгол хийхийг хүсч байгаа. Оффшорын үйл ажил­лагааны зохицуулалтыг гэмт хэрэгтэй тэмцэх биш нийгмийн хөгжлийг хангах төрийн бодлогын үүднээс хийх хэрэгтэй байна. Энэ нь нэн тэргүүнд татвар хураалтыг сайжруулах буюу улс үндэстний нийтлэг эрх ашгийг хэрэгжүүлэх нийгмийн хөгжлийг хангах үндсэн нөхцөлийн нэг болох санхүүжилт, хөрөнгө оруулалтыг баталгаажуулахтай холбоотой.

Мөн татварын шударга ёсыг тогтоох буюу нийгмийн ёс суртахууныг хамгаалахтай шууд холбогдоно. Энэ бүхэн төр улсын оршин тогтнол нийгмийн эв нэгдлийн суурь юм. Татвар төлөх нь иргэн хүний үндсэн үүрэг гэж Үндсэн хуульд ч заасан. Иймээс оффшорын зохицуулалтыг татварын хууль тогтоомжид тусгах саналтай байна.

Хүчтэй зохицуулалт хийсэн орнуудын хандлага яг ийм байдаг. Зөвхөн гэмт хэрэгтний хойноос хөөж, хариуцлага тооцох асуудал биш. Зохицуулалтын цар хүрээ чанарыг хангахын тулд дэлхийн жишгийн дагуу улс төрийн талаас маш хатуу, мэргэжлийн талаас нарийн цогцоор нь боловсруулж батлах хэрэгтэй.

Өнөөгийн байдлаар манайд хяналттай гадаад компани гэх ойлголт байдаггүй юм шиг байна. Эрх баригч нам улс орны эдийн засгийн байдал үлэмж доройтон онц гэх зэрэгт хүрснийг хүлээн зөвшөөрч ухамсарлан яг энэ онц байдлыг харгалзан, ирээдүйг харсан байр сууринаас хандаж боловсруулж батлах нь зүйтэй.

Оффшорт нуусан 30 орчим их наяд долларын 3/1 139 ядуу, дунд орлоготой орноос гарсныг дэлхийн томоохон хэвлэлүүд цохон тэмдэглэж байна.

 Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-06 09:54:58
    Uneheer ulsiinhaa ard tumnii horongiig hulgailaad gadagshaa avaachaad zovkhon ooriigoo bodoj bgaa teneg humuus butsaaj avchruulah heregtei .
    202.9.41.132
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-01-24 16:04:28
    ene chini ylsiin möngönöös zawshsan ychraas xyraax xeregtei mön xariytslaga toots örshööl gej baixgvi.Ard tvmenee xyyrsan tyl arga xemjee awax xeregtei
    79.226.78.231
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-01-24 14:31:44
    TORD L AJILLAJ BAIGAA BOL OFFSHIROOSOO SHUUD TATGALZAH HEREGTEI TIIM HUULI BAIH ESTOI.ODOO OGSON HORONGO ORLOGOTOO BICHEEGUI LUIVARCHID BAIJ I...
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2017-01-24 04:23:59
    Мөнгөө Оффшороос оруулаад улсдаа тушаачихвал шийтгэж барих гээд яахав , чимээгүй хая.Ажлаа хийж л байг.
    202.9.40.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-24 04:14:09
    Сүхжаргалмаа мэтийн хөгшин авгай илүүц байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • 100 % hulgain mongo tul ulsiin orlogo bo 2017-01-24 03:36:37
    Offshort nuusan buh mongiig ni Mongol ulsiin buteen baiguulaltand zarzuulah heregtei Olon ulsiin baiguullaguudaar demjuuleh hergtei ! Bugd l hulgain mongo 100 %...
    49.0.186.178
    Мэдэгдсэн Хариулах