Төрийн алба намын халааснаас гарах уу
АН-ынхны үед МАН-ынхан, МАН-ынхны үед АН-ынхан лааз өшиглөж, гудамжинд гардаг. Нам дагавал ам тосодно, эсвэл шороо үмхэнэ. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан Төрийн албан хаагч Дорж ажилтай үлдэх эсэх нь намын харьяаллаас шалтгаална. Яг ийм үйл явц өнгөрсөн жилүүдэд маш эрчимтэйгээр “хөгжсөн”.  Цэвэрлэгчээсээ эхлээд дарга нь хүртэл ялалт байгуулсан намын харьяат нэгэн байх ёстой бичигдээгүй хууль баг хороо, сум дүүргийн төвшинд илүү хүчээ авсаар байна.

Төрийн албаны тухай хууль, Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай УИХ-ын энэ оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн бүх шатны албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулах замаар томилогдох ёстой. Гэвч энэ хууль зөвхөн цагаан дээр хараар бичигдсэн чигээрээ “шарлан” үлдэж байна. Энэ зуур төрийн албаны халаа сэлгээ ялалт байгуулсан намд их бага хамаагүй ямар нэг хэмжээгээр “гавьяа” байгуулсан нэгний халаас руу орж байна. Энэ хэрээр төрийн алба үнэгүйдэж, чадавхгүй болсоор байна. Төрд туршлагатай ажлаа мэддэг албан хаагч хэрэгтэй. Гэвч дөрвөн жилийн циклээр халаа сэлгээ хийгдсээр төрийн албан мэргэшсэн чадвартай боловсон хүчингүй болж байна.

Харин МАН-ын бүлгээс энэ байдалд цэг тавихаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  УИХ-д өргөн барихаар ажиллаж эхэлсэн байна. Хамгийн эхэнд өчигдөр намын бүлгийн хуралдаанаараа энэ асуудлыг оруулж, гишүүдийнхээ саналыг сонссон байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уг хуультай холбоотой тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, бүлгийн гишүүдийн саналыг тусгалаа. Одоо мөрдөж байгаа хууль долоон бүлэг, 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хуулийн төсөл 33 бүлэг, 109 заалттай. Хуулийн гол онцлог нь төрийн албан хаагчийг улс төрөөс хамааралгүй байхаар тусгасан. Иргэдийн гол шүүмжлэл бол “Төрийн алба тогтворгүй, сонгууль бүрийн дараа өөрчлөгдөж байгаагаас төрийн албаны чадвар чансаа муудаж байна” гэдэг. Иймд хуулийн төсөлд “шатлан дэвших” заалтыг голчлон тусгасан. Тодруулбал, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх шаардлагыг тавьж байгаа. Яамны газрын даргаар ажиллах хүн төрийн албанд найман жил ажилласан байх ёстой. Энэ нь төрийн албыг чадавхижуулах гол үндэс гэж харж байна” гэв.

Мөн хуулийн төсөлд төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэхээр боловсруулжээ. Жишээлбэл, хууль бус томилгоо хийсэн, ажлаас хууль бусаар чөлөөлснийг Төрийн албаны зөвлөл болон шүүхээр тогтоосон тохиолдолд гарах хохирлыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Цаашлаад хуулийн төсөлд төрийн албан хаагчийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой тусгасан байна. Төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хараат бус Олон нийтийн зөвлөл байгуулах юм байна. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын бодлогыг олон хуулиар зохицуулж байсныг шинэ хуулиар нэгтгэн зохицуулах бөгөөд төрийн албаны чиглэлээр Засгийн газрын эрх үүргийг нэлээд өргөжүүлсэн байна. Төрийн албан хаагчийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талд анхаарч ажиллана. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлж, хууль бусаар ажлаас халагдсан, төрийн албаны шалгалтыг хууль бусаар явуулсан тохиолдолд Төрийн албаны зөвлөл тухайн шийдвэрийг хүчингүй болгохоор тусгасан байна.

Ийнхүү төрийн албыг намын халааснаас гаргах тухай асуудлыг хөндөж эхэллээ.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хаа 2017-01-24 11:20:16
    цогцэцэг сайд чинь ямар ч сонголтгүйы намын гаруудаа эрүүл мэндийн яамаар дүүргээд бөөн дампууралд оруулж байна
  • Зочин 2017-01-24 08:26:56
    Төрийн албыг НАМын халааснаас чгаргах Эрлийз хурилийзүүдийн гараас гаргах хэрэгтэй
  • Сэтгэгдэл 2017-01-24 02:48:50
    Төрийн албан хаагч байх үнэхээр хэцүү шүү, ялангуяа ах дүү нартайгаа хамт ажилладаг байгууллагад ажихллана гэдэг бол үнэхээр хэцүү, хамтаатнууд нь хэлтсийн гээд...
  • Иргэн 2017-01-24 02:33:57
    Энэ нам арай хэтэрхий их халлаа. Бүүр хэлэх ч үг алга
  • zahia 2017-01-24 02:18:06
    Нэг газраа буг болсон авигачдыг өөхжүүлэх нь нээ. хүнд суртал газар авах нээ... 6 жил тутам нэг солих нь зөв шүү дарга нараа өөрсдөө зориулсан хууль ...
  • Зочин 2017-01-24 02:14:46
    Халаа сэлгээгээ хийж дууссан одоо түүнийгээ баталгаажуулж байгаа юм МАН-ынхан АН-ынхнаас арай л илүү зангарагтай шүү, АН-ынхан ч даанч тэнэг дээ