Архины үйлдвэрийн зөвшөөрөл нэмж олгохгүй байх хүсэлт ЗГ-т тавина

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /НГХУСАЗЗ/-ийн хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газарт боллоо. Хуралдаанд НИТХ-ын дарга, НГХУСАЗЗ-ийн дарга Ц.Сандуй, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд болон зөвлөлийн гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд НИТХ-ын “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын хэрэгжилтийн тухай УБХЦГ-ын дарга, туслах комиссар, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэболд, НМХГ-ын дарга, зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэчулуун, Шуурхай ажлын хэсгийн орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Энхтөр нар танилцууллаа.
 

БАЯРЫН ҮЕЭР ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХЫГ ДААЛГАВ

Ц.Сандуй /НИТХ-ын дарга, НГХУСАЗЗ-ийн дарга/

-“Удахгүй монголчуудын уламжлалт сар шинийн баяр болно. Иймд хэд хэдэн чиглэлийг өгье. НМХГ-аас хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгойлон анхаарч, хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Баярын үеэр орон байрны болон халаасны хулгайн хэрэг ихэсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газрын алба хаагчид нэгдсэн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Мөн томоохон зах худалдааны төвүүдэд зөөврийн хяналтын камер байрлуулж, эргүүлийн цагдаагийн тоог нэмэх хэрэгтэй. Түүнчлэн орон нутгаас нийслэлийг зорих зорчигчдын тоо нэмэгддэг учир Замын цагдаагийн алба, холбогдох байгууллагууд анхаарч ажилла” гэлээ.
 

ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ХУГАЦААНД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ БУУРСАН

Ж.Эрдэнэболд /УБХЦГ-ын дарга, туслах комиссар/

-Арга хэмжээний үеэр нийт 71 зөрчил илрүүлж, 5639 шил архи, 577 шил шар айраг, хоёр шил дарсыг хураан авч тусгай зөвшөрөөлгүй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, нийт 36 иргэн аж ахуйн нэгжийг 5.933.000 төгрөгөөр торгосноос Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 27 иргэн, аж ахуйн нэгжийг Захиргааны хариуцлагын тухай хуулиар есөн иргэн, аж ахуйн нэгжийг 733.000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулж, бусад зөрчлүүдэд захиргааны шийтгэл ногдуулахаар материалжуулан шалгаж байна. Нийт зөрчлийн 28 буюу 39.4 хувь гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан 56 буюу 78.8 хувийг аж ахуйн нэгжээс гаргасан зөрчил эзэлж байна.

Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хугацаанд нийт 299 иргэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж саатуулагдсаныг өмнөх оны мөн өдрүүдтэй харьцуулахад 352 нэгжээр буюу 60.8 хувиар буурсан. Тогтоол хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны нэгдүгээр сарын 17-20-ны өдрүүдийн гэмт хэрэг, зөрчлийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэлээн буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 6237 дуудлага бүртгэгдсэн бол 2017 оны нэгдүгээр сарын 17-20-ны өдөр 4835 дуудлага бүртгэгдсэн нь 1402 буюу 22.5 хувиар буурчээ. Гэмт хэргийн дуудлага 528-аас 201, зөрчлийн дуудлага 4172-оос 2531, согтуугийн дуудлага 1638-аас 601, 1289-өөс 1480, хоногт бүртгэгдсэн нийт хэрэг 316-аас 163 болж буурсан байна.
 

“МӨНХЖИН ОД” ҮЙЛДВЭРИЙН 1157 ШИЛ АРХИЙГ БИТҮҮМЖИЛЖ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН

Л.Эрдэнэчулуун /НМХГ-ын дарга/

-Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хяналт шалгалтын ажиллагаа хийсэн. Хэргийн газраас “Жем интернэшнл” компанийн шар Чингис архины шил нэг, “Мөнхжин од” үйлдвэрийн “Найрсаг” архины шил, аяга, таваг угаагч шингэний сав олдсон. Худалдаанд байсан “Мөнхжин од” үйлдвэрийн 1157 шил архийг битүүмжилж шалгалтын ажиллагаа явуулсан. НМХГ, МХЕГ-т нийт 59 дээж авч шинжилсэн. Мөн энэ хүрээнд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг газруудыг шалгахад Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт хугацаа нь дууссан наполеон торт, бэлэн гоймон, ковар компот зэргийг зарж байсныг хурааж, устгалд оруулсан.
 

АРХИНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ БАЙХААР ЗГ-Т ХҮСЭЛТ ТАВИНА

Б.Энхтөр /Ажлын хэсгийн орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч/

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад НЗДТГ-т шуурхай штаб байгуулан ажилласан. Нийслэлийн Засаг даргын зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Жишээлбэл,
 

  • Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий химийн бодисын агууламж орсон, импортын болон ахуйн гоо сайхны бүтээгдэхүүнийг их эрсдэлтэй бүтээгдэхүүний ангилалд оруулан, лабораторийн шинжилгээнд оруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулдаг болох
  • Архидан согтуурахтай тэмцэх хуульд “Гар дээрээс согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглох” гэдэг заалт нэмж оруулах
  • Архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй байх талаар Засгийн газарт хүсэлт тавьж шийдвэрлүүлэх
  • Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй архи, согтууруулах ундааны спиртийн агууламжийг бууруулах, стандартад өөрчлөлт оруулах санал Засгийн газарт хүргүүлэх
  • Архи, согтууруулах ундаа борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, баар, ресторан, кафе зэргийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт НИТХ-ын тэргүүлэгчдэд хүргэж, шийдвэрлүүлэх
  • Солонгос улсаас шалгалтад оруулж ирдэг шалгалтаар илрүүлсэн автомашины шил арчигч “Гайхмаараа” шингэнийг хориглох саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх зэрэг саналыг гаргаж байгаа юм.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үйл ажиллагаа, Хэв журмын урамшилт эргүүл, “School police” үйл ажиллагаа зэрэг найман асуудлыг хэлэлцлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.