“Архигүй” өдрүүдэд гэмт хэргийн гаралт 61.9 хувиар буурчээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” болон “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай”, “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” гаргасан 3 захирамжийн талаарх танилцуулга, мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр танилцууллаа. Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай нийслэлийн Засаг даргын албан даалгаврыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд уншиж танилцуулав. Мөн өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн 2873 алба хаагч, олон нийтийн цагдаагийн 783 ажилтан ажиллаж, 18341 аж ахуйн нэгж байгууллага, 5731 иргэнийг шалгасан. Шалгалтаар 165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6025 мэдэгдэл өгч, 71 зөрчил илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд өмнөх 21 хоногтой харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13.4 хувиар буурсан. Тогтоол хэрэгжсэн 3 хоногийн мэдээг өмнөх оны мөн үе болон өмнөх 7 хоногтой нь харьцуулахад гэмт хэргийн гаралт, зөрчил, архидан согтуурч саатуулагдсан хүний тоо эрс багассан үзүүлэлттэй байна. Тухайлбал, гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 61.9, өмнөх 7 хоногтой харьцуулахад 21.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3283 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй1461 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг, гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил буурсан үзүүлэлттэй байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга А.Дашням “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус халианы нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан энэ сарын 12-ны өдөр нийслэл, дүүргийн Онцгой комиссын ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ундарч байгаа булгийн 2250 куб усыг соруулах, түр босгосон шороон даланд үүссэн мөс болон Амгалан дулааны станцын хойд хэсгийн далангийн 1688 куб мөсийг зөөвөрлөн Улиастайн гол руу тээвэрлэн зайлуулах ажлыг дүүргийн Гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүн зохион байгуулан ажилласны үр дүнд усанд автсан байшингийн хэсэг болон Амгалан дулааны станц руу усны халиа урсах эрсдэл багассан” гэв.

“Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоолыг хэрэгжилтийг хангуулахаар энэ сарын 17-20-ны өдрүүдэд нийт 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагч ажиллан, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 9672, нийтийн хоолны 3086 байгууллагад хяналт шалгалт хийж, ИТХТ-ийн тогтоолыг танилцуулан, архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нөхцөл байдалтай холбогдуулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар ажлын хэсэг болон холбогдох албаныхан сайн ажилласан гэдгийг дурьдаж хэлэх нь зүйтэй. Гэхдээ хяналт шалгалт энэ 3 өдрөөр дуусах биш хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажил цаашид үргэлжилнэ. Засаг даргын гаргасан ажлын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, мөн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”, "Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай" захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-23 08:30:36
    Элбэгээ АРДЧИЛАЛ хүний эрх гэж ярьсаар байгаад энэ ард түмнийг архинд живүүлж байгаа нөхөр дөө. Бензиний үйлдвэр барьдаггүй байж архины үйлдвэрээр яах юм билээ ...
  • Mongol zaluu 2017-01-23 07:31:02
    Arhiig ustgald oruulj Mongoliin gazar nutatg horih heregtei tegej baij Mongol joohon ch gesen ireedvite baina.