Доналд Трамп: Хоосон ярьдаг цаг дуусч, хийж хэрэгжүүлэх цаг ирлээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп тангаргаа өргөлөө. “Америкийг дахин аугаа гүрэн болгоно” гэх уриаг дэвшүүлэн сонгуульд ялалт байгуулсан тэрбээр ийнхүү тус улсын түүхэн дэх хамгийн хөгшин, хамгийн баян, улс төрийн туршлагагүй Ерөнхийлөгч болж, бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байна. Доналд Трамп, АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөхдөө ашиглаж байсан библи дээр зүүн гараа тавьж, баруун гараа өргөн “Доналд Жон Трамп миний бие АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажиллахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай” гэж хэллээ.

Түүний тангараг өргөх ёслолыг АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс удирдсан юм. Үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр ёслолын үйл ажиллагаанаас өмнө нэн даруй Ерөнхийлөгчийн албандаа томилогдож, ажлаа эхлүүлэхийг хүсч буйгаа илэрхийлж байсан. Тэгвэл тангараг өргөснийхөө дараа Цагаан ордонд ирсэн Доналд Трамп хамгийн эхний шийдвэрүүдээ гаргаад амжлаа. Түүний анхны захирамж нь хоёр генералыг Батлан хамгаалах болон Дотоодын хамгаалахын тэргүүнд томилох шийдвэр байсан юм. Улмаар тэтгэвэрт гарсан “Галзуу нохой” хочит генерал Жэймс Мэттис  Пентагоны тэргүүн болж, генерал Жон Кэлли Дотоодын аюулаас хамгаалах байгууллагыг удирдахаар боллоо. Анхны захирамжид бас нэг тушаал багтсан нь “Obamacare төслийн хүндрэлийг бууруулах” гэсэн агуулгатай байсан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдээлжээ. Гэхдээ яг ямар утгатай шийдвэр болохыг дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 

Америкийн олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн энэхүү төслийг Ерөнхийлөгч асан Барак Обама санаачилсан бөгөөд түүний  нэрээр  буюу “Obamacare” гэж албан бусаар нэрлэдэг юм. Тэр ч утгаараа  Барак Обамагийн бүрэн эрхийнхээ хугацаанд  амжуулсан хамгийн гол ажлуудын нэг  нь энэ байсан. Гэвч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр эл төслийг  байнга шүүмжилж, Ерөнхийлөгч болсон анхны өдрөө хүчингүй болгохоо амлаж байсан юм.  Тэгвэл Трамп хэлсэн үгэндээ хүрч Обамагийн бахархал болсон нэг ажлыг үгүйсгэх шийдвэр гаргасан байж магадгүй байна. Түүнчлэн, энэ сарын 21-ний өдөр Д.Трамп бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснийхээ дараа хамгийн анх  Тагнуулын төв газарт зочилсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Тэрбээр 400 албан хаагчдын өмнө 15 орчим минут илтгэл тавьжээ. Харин чухам яагаад Ерөнхий­лөг­чийн албан ту­шаалд томи­логд­мог­цоо хам­гийн түрүүнд  ТТГ-т ирж буй шалт­гаанаа “Зарим хэвлэл намайг Тагнуулын төв газартай сөр­гөөн­тэй байгаа талаар мэдээлж байсан учраас” гэж тайлбарласан байх юм. Мөн “1000 хувь та нарын талд” хэмээж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Ямартай ч, улстөрд хүчин зүтгэсэн туршлагагүй анхны Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөсөн даруйдаа л ажилдаа орж, амлалтаа хэрэгжүүлж эхэллээ. Харин цаашид баримтлах бодлогынхоо талаар  Капитолын ордны өмнө тангараг өргөх үедээ тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 

“Бид томоор сэтгэж, илүү томоор мөрөөдөх хэрэгтэй”

 

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс, Ерөнхийлөгч асан Жимми Картер, Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама, нийт америкчууд, дэлхий нийтийн иргэд ээ. Баярлалаа та бүхэнд.

Америкчууд бид улсаа дахин аугаа гүрэн болгож, амласан амлалтаа биелүүлэх үндэсний хэмжээний хүчин чармайлтын төлөө нэгдээд байна. Бид хамтдаа цаашдын он удаан жил ямагт АНУ хийгээд дэлхийн чиг шугамыг тодорхойлогч байх болно.  Хүнд сорилтуудтай тулгарах нь гарцаагүй. Бэрхшээл ч гарч болно. Гэсэн ч бид зорьсон ажлаа нэр төртэй биелүүлэх ёстой. Бид дөрвөн жил тутамд Капитолын ордны өмнөх энэ шатан дээр эрх мэдлийг энх тайвнаар шилжүүлэх зорилгоор  хуран цуглардаг уламжлалтай. Энэ үйл ажиллагаанд эелдгээр тусалж дэмжсэн Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нартаа талархаж буйгаа илэрхийлье. Тэд гайхалтай байлаа. Баярлалаа.

Гэхдээ өнөөдрийн ёслолын үйл ажиллагаа маш онцгой утга агуулгатай. Бид өнөөдөр дан ганц нэг засаглалаас нөгөө засаглал руу шилжих, эсвэл нэг улстөрийн намаас өөр нэгэн улс төрийн намд эрх мэдлийг шилжүүлэхээр энд ирээгүй. Вашингтон ДС-ээс эрх мэдлийг танд, иргэнд  буцаан өгөхөөр цуглараад байна. Дэндүү удаан хугацаанд улсын нийслэл дэх цөөн хэдэн бүлэглэлүүд  төр засгаас ашиг хүртэж, харин хүнд хүчрийг нь ард түмэн нуруундаа үүрч ирлээ. Вашингтон цэцэглэн хөгжсөн ч  тэр их баялгаас  ард түмэн  хүртсэнгүй.  Улстөрчид баяжсан. Гэхдээ маш олон үйлдвэрүүд хаалгаа барьж,  ажлын байр үгүй болсон. Эрх мэдэлтнүүд өөрсдийгөө хамгаалахаас бус ард иргэдээ энэрсэнгүй. Тэдний ялалт, та бүхний ялалт байсангүй. Тэд нийслэл хотод ялалтаа тэмдэглэн хундага тулгаж суухад, жирийн иргэдэд тэмдэглэх зүйл бараг байсангүй. Тэр бүх зүйл эндээс, яг энэ цаг мөчөөс эхлэн өөрчлөгдөх болно. Яагаад гэвэл энэ боломж та бүхний боломж учраас тэр. Энэ боломж та нарынх. Өнөөдөр энд цугласан хүмүүс,  цэнхэр дэлгэцээрээ учран золгож буй  нийт америкчууд та бүхнийх. Өнөөдөр та бүхний өдөр. Та бүхний тэмдэглэлт баяр. Энэ улс, Америкийн нэгдсэн улс бид  бүгдийн эх орон. Аль нэг нам засгийн эрхийг барьж буй эсэхээс үл хамааран ард түмэн төр засгаа удирдаж чадаж буй эсэх нь л хамгийн чухал. 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ард түмэн дахин улсынхаа удирдагч залуур нь  болсон өдөр болон тэмдэглэгдэн үлдэх болно. Мартагдсан хүмүүс  дахин мартагдахгүй. Бүх хүмүүс одоо та бүхний дуу хоолойг сонсч байгаа. Та нар хэдэн саяараа урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй түүхэн хөдөлгөөний  гэрч болохоор энд хүрэлцэн ирсэн. Энэ хөдөлгөөний гол хүчин зүйл нь итгэл үнэмшил юм. Төр засаг ард түмэнд үйлчлэхийн тулд оршдог гэх итгэл үнэмшил юм. Америкчууд хүүхдээ нэр хүндтэй сургуульд сургаж, харин гэр бүлээрээ аюулгүй орчинд амьдарч, сайн сайхан ажил төрөлтэй болохыг л хүсдэг. Энэ бол иргэд, ард түмний тавих ёстой зүй ёсны л шаардлага. Гэвч олон хүмүүс үүнээс огт өөр орчин нөхцөлд амьдарч байна. Хотын түм бужигнасан дүүрэгт ядруухан амьдрах эхчүүд хүүхдүүд, энд тэндгүй булшны чулуу шиг тархсан зэвэрч хуучирсан  үйлдвэрүүд, төлбөр нь өндөр атлаа залуу, чадварлаг оюутан сурагчдад хүссэн мэдлэгийг нь олгож чадахгүй боловсролын тогтолцоо, маш олон амьдралыг булааж, манай улсаас биелэгдэж амжаагүй боломжуудыг хулгайлсан гэмт хэрэг, бүлэглэлүүд, хар тамхи. Энэ мэт Америкийн хямрал бүгд энд дуусгавар болох болно. Бид нэг л үндэстэн. Тэдний зовнил ч бидний зовнил байх учиртай. Тэдний мөрөөдөл миний мөрөөдөл байх болно. Бас тэдний амжилт бидний амжилт байх юм. Бид нэг сэтгэл, нэг гэр бүл, бас нэг хувь тавилантай. Өнөөдрийн миний тангаргийн үг бүх америкчуудад үнэнч байх тангараг юм. Олон арван жилийн турш бид өөрсдийн аж үйлдвэрийн зардлаар гадаадын аж үйлдвэрийг санхүүжүүлж, цэргийнхнээ доройтуулж, бусад улсын цэргийнхэнд тусалж ирсэн. Өөрийн улсын хилээ хамгаалахаас татгалзсан атлаа, бусад улсын хилийг хамгаалж ирлээ. Америкийн дэд бүтэц муудаж, уналтын нөхцөл байдалд орчихоод байхад гадагшаа хэдэн их наяд ам.долларыг цацаж ирлээ. Бид бусад улс орныг л баяжууллаа. Харин эсрэгээр  эх орны эд баялаг, хүч чадал, итгэл үнэмшлээ  үрэн таран хийлээ.  Үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барин Америкийг орхин гарахад тэдний ард хэдэн зуун мянган америк ажилчнууд үлдэн хоцорч буйг төсөөлж ч байсангүй. Дунд давхаргынхан эд баялгаа гэрээсээ гаргаж, дэлхий даяар цацсан. Гэхдээ энэ бол өнгөрсөн асуудал. Бид одоо зөвхөн ирээдүй рүүгээ л харах болно. Өнөөдөр энд цугларсан бид аливаа хот, аливаа гадаад улсын нийслэл, эрх мэдэл бүхий байгууллагад нөлөөлөх шинэ дүрмийг танилцуулна. Өнөөдрөөс шинэ алсын хараагаар улсаа удирдаж, өнөөдрөөс Америк улсыг дахин аугаа гүрэн болгоно. Америк бол аугаа гүрэн. Худалдаа, татвар, цагаачлал, дипломат бодлоготой холбоотой бүхий л шийдвэрийг  АНУ-ын хөдөлмөрчид, ард түмэнд ашиг авчрах байдлаар гаргах болно.  Манай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, манай үйлдвэрийг булааж, манай ажлын байрыг үгүй хийж буй бусад улсын сүйтгэх ажиллагаанаас улсынхаа хилийг хамгаалах хэрэгтэй. Хамгаалалт  аугаа хөгжил цэцэглэлт хүч чадалд хүргэх нь дамжиггүй. Би бусдын төлөө тэмцэж, харин өөрөө ямар нэг хэлбэрээр сэтгэл дундуур байж чадахгүй. АНУ дахин ялна. Ингэхдээ аль нэг үетэй харьцуулшгүй байдлаар. Бид ажлын байраа буцаан авна. Улсынхаа хилийг буцаан авна. Бид баялгаа эргүүлэн авна. Тэгээд эцэст нь мөрөөдлөө эргүүлэн авах болно. Шинэ автозам, хурдны зам, гүүр, нисэх онгоцны буудал, туннель, төмөр замыг гайхамшигт эх орныхоо хөндлөн гулд босгоно. Ард түмнээ нийгмийн халамжаас чөлөөлж, ажлын байрыг нь эргүүлэн өгснөөр америкчууд өөрсдийн хөдөлмөрөөр улсаа дахин хүчирхэгжүүлэх болно. Бид  хоёр л дүрэм баримтална. Америк бүтээгдэхүүнээ худалдан авч, америкчуудыг ажилд авах.  Дэлхийн бусад улс оронтой эв эеээ эрхэмлэх зорилго тавьж байгаа ч, бүх улс оронд өөрсдийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавих эрх ашиг бий гэх ойлголтыг баримтлах болно. Бид өөрсдийн амьдралын хэв маягийг бусдад тулгахгүй,  харин бусад улс орон  үлгэрлэн дагах загвар болон гэрэлтэх болно. Бид гэрэлтэнэ. Бид хуучин эвслээ хүчирхэгжүүлж, шинэ эвслийг байгуулж, лалын хэт даврагч террорист бүлэглэлийн эсрэг соёлт хүн төрөлхтнийг нэгтгэн, тэднийг газрын хөрснөөс арчих болно. Бидний улстөрийн үндсэн тулгуур нь АНУ-ын төлөө гэсэн чин үнэнч сэтгэл. Эх орныхоо төлөө гэсэн үнэнч сэтгэлээр дамжуулан нэг нэгнийхээ төлөө гэх итгэлийг  эргүүлэн авах учиртай. Эх оронч үзэл төлөвшсөнөөр ялгаварлан гадуурхалд орших орон зай үл үлдэнэ. Библид “Бурхны үр сад хамтдаа амьдрах нь юугаар ч сольшгүй аз жаргал, баяр баясал” гэж бичсэн байдаг. Бид өөрсдийн үзэл бодлоо илэн далангүй илэрхийлж, санал зөрөх тохиолдолд шударгаар  хамтдаа хэлэлцэж, үргэлж эв нэгдлийг баримтлах хэрэгтэй. Америк орон нэгдмэл байгаа цагт хэзээ ч зогсохгүй.

Биднийг  хамгаалж, цаашдаа ч үргэлж хамгаалуулах учраас айх аюул байхгүй. Цэрэг арми, хууль хэрэгжүүлэгч байгууллагын хүчирхэг залуус хамгаалах болно. Тэдгээрээс  хамгийн чухал нь бурхан биднийг хамгаална.  

Эцэст нь хэлэхэд, бид томоор сэтгэж, илүү томоор мөрөөдөх хэрэгтэй. Тухайн улс орон  хэр их  хүчин чармайлт гаргана, тэр  хэрээр урт удаан хугацаанд оршино тогтнодог гэх ойлголт АНУ-д бий. Ам нь түрүүлж хөдөлдөг, байнга л ярих атлаа юу ч хийдэггүй улстөрчийг үүнээс цааш хүлээж авахгүй. Хоосон ярьдаг  цаг үүгээр дуусгавар болж байна. Одоо хийж хэ­рэгжүүлэх цаг ирлээ. Боломж­гүй, бүтэхгүй гэж хэн ч хэлж болохгүй. АНУ-ын төлөө гэсэн  чин сэтгэл, итгэл үнэм­шил­тэй эн зэрэгцэх бэрх­шээл байх учиргүй. Бид ялаг­дах­гүй. Бид улсаа дахин хөг­жин цэцэглүүлж, хүчир­хэг­жүүлэх болно.

Бид шинэ эриний эхлэлийн гэрч болж, сансар огторгуйн нууцыг тайлж, дэлхий ертөнцийг өвчин зовлонгоос ангижруулж, маргаашийн эрчим хүч, аж үйлдвэр, техник технологийг давуу талаа болгоход бэлэн байна. Шинэ улсын алдар гавьяа бидний урам зоригийг сэргээж, бидний өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулан  хуваагдлыг эдгээх нь дамжиггүй. Одоо хэзээ ч мартаж боломгүй армийнхны “Арьсны өнгө хар, хүрэн, шар байлаа ч, эх орныхоо төлөө бүгд л адилхан улаан цусаа урсгадаг” гэх  хуучны мэргэн зүйр үгнээс  суралцах  цаг болжээ.  Бид бүгдээрээ эрх тэгшээр  эрх чөлөөг эдэлж, адилхан АНУ-ын далбааг хүндэтгэн ёсолдог.

Детройт хотын захад мэн­дэл­сэн хүүхэд ч, Небраскагийн салхи татуулсан хээр талд төрсөн хүүхэд ч, нэг л шөнийн тэнгэрийг харж, нэг л мөрөөдлийг сэтгэлдээ тээж, бүхнийг чадагч их эзэнд амь насаа даатгадаг. Бид бүгдээрээ л америкчууд. Миний үгийг ойр, хол, жижиг, том ямар ч гудамжинд, уулнаас уул руу, далайгаас далай руу сонсгоосой гэж хүсч байна.  Та бүхэн дахин хэзээ ч үл ойшоогдохгүй. Та бүхний дуу хоолой, хүсэл мөрөөдөл Америкийн хувь тавиланг шийдвэрлэх болно. Та бүхний эр зориг, хайр энэрэл, сайхан сэтгэл бидний явах замыг тасралтгүй удирдан залах болно. Хүчээ нэгтгэн улсаа дахин хүчирхэгжүүлье. Америкийг дахин баян болгоё. Улсаа дахин бахархам улс болгоё. Америкийг дахиад аюулгүй болгоё. Тиймээ бид хамтдаа АНУ-ыг дахин аугаа гүрэн болгох болно.

Баярлалаа, бид бүгдийг бурхан ивээх болтугай. Америк улсыг бурхан ивээг. Баярлалаа.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dr macpherson 2017-06-02 22:04:13
    Та бөөрний худалдан авах хүсэлтэй байна уу эсвэл та зарах хүсэж байгаа бөөрний? Чи юу Мөнгөний төлөө өөрийн бөөр худалдах боломжийг хайж доош нь санхүүги...
  • IrgenN 2017-01-23 03:30:38
    Aguu orni udirdagch aguu helj yaridiim bn daa.