Долоо хоногийн тойм
Өнгөрсөн баасан гарагт МУ-ын Засгийн газар ОУВС-ынхантай хэлэлцээр хийхээр болсон тухай мэдээлэл тараад байв. Гэвч энэхүү уулзалт ирэх долоо хоног хүртэл хойшилсон болохыг албаныхан мэдэгдлээ. Ийнхүү аравдугаар сараас хойш тодорхойгүй хугацаагаар уулзалт хэлэлцээр хойшилсоор, манай улсын эдийн засгийн байдал хүндэрсээр байна. Өнөөдрийн байдлаар манай улс эдийн засгийн энэхүү тогтворгүй байдлаас гарахын тулд ОУВС-ын тусламжийг авахаас өөр сонголтгүй болсон. Гэвч эрх баригчдын зүгээс шийдвэртэй алхам хийхгүй дуншсаар өнөөдрийг хүрлээ.  Ирэх гуравдугаар сараас Монгол Улс эхний ээлжийн бондын өрөө хийж эхэлнэ. Энэ мөнгийг хаанаас яаж төлөх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв энэ өрөө төлж чадахгүй бол МОНГОЛ дампуурлаа зарлах тухай эдийн засагчид бичиж, ОУ анхааруулсаар байна. Энэ үед эрх баригчид эрх баригчид дөнгөж 50 хувь шүргэсэн ирцтэйгээр чуулганаа хуралдуулж, хэрүүлийн алим шидэлцсээр сууна. 

Энэ мэт өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Нүүрсээ  71.5 ам.доллараар тооцож, борлуулахаар болов

Долоо хоногийн баасан гарагт “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад нүүрсний үнэ нэмсэн талаар танилцуулга хийлээ. Тус компани нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн дүнг  100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэхээр болсон байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани анх 2012 онд нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан юм.  Харин өнөөдөр  ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдахаар болжээ. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл борлуулалт хийх аж.  Одоогоор “Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдээд байгаа аж.

Сурагчдын амралтыг хойшлууллаа

Хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэссэнтэй холбогдуулан сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг салбарын сайд гаргалаа. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийг мягмар гарагт  БСШУС-ын сайд Ж. Батсуурь нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан холбогдох албаныхантай уулзаж, сурагчдын амралтыг сунгах асуудлаар хуралдаж, дээрхийг шийдвэрийг гаргасан байна. Салбарын сайдын шийдвэрийн дагуу сурагчид энэ сарын 30-ыг хүртэл үргэлжүүлэн амрахаар болсон юм.
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаалаа

УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хууль санаачлагчид нь буцаах саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Энэ дагуу пүрэв гарагт  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж  “Төслийг буцаах нь зүйтэй” гэсэн саналын томъёоллоор санал хураалган, гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд УИХ  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж,   сонгуулийн тухай хуулийн төслийг буцаахыг дэмжив.

Согтууруулах ундаа борлуулах хоригийг цуцаллаа

Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтээр тэднийг шингэн зүйлд хордож нас барсан болохыг тогтоож, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын  17-ны 18.00 цагаас энэ сарын 20-ныг өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон.

 Энэхүү шийдвэрийг өчигдөр өдрийн 00.00 цагт цуцаллаа. Иймд худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн байна.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.