
Ж.Эрдэнэбатын “Мэргэжил”-ийн Засгийн газар байгуулагдахад Барилга, хот байгуулалтын сайдад Д.Өнөрболор нэр дэвшиж байв. Гэвч Д.Өнөрболор нь хувьдаа барилгын чиглэлээр олон компанитай учраас ашиг сонирхлын зөрчил үүсэж, “өвдөг шороодсон”.
Түүний хувьд “Чингис хаан” зочид буудлын ард байрлалтай “Рояль кэстл” Зайсан дахь тансаг хаусн барьсан тухайг нь олон хүн мэднэ. Төр түмэн нүдтэй учраас төрийн албаны зөөлөн сэнтийд Д.Өнөрболор гэгч бүсгүй тухалж чадсангүй. Уг нь тэр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улстөрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэжээ. Үнэхээр энэ долоо хоногт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл түүнд албан тушаал өгчихлөө. Намын томоохон хөрөнгө оруулагчийн нэг гэгдэж байгаа Д.Өнөрболорыг албан тушаалгүй үлдээхгүй нь намын дарга М.Энхболдод алдас болохоор зүйл байсан бололтой. М.Энхболд “үүцээ” задлахдаа Д.Өнөрболорт МАН-ын Нийгэм, эдийн засаг бодлогын газрын даргын албыг өгчээ. Учир нь тус албыг хашиж байсан А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны даргын албанд томилогдсон байна.
Тэгвэл МАН-ынхны Нийгэм, эдийн засаг бодлогын газрыг хариуцах Д.Өнөрболор гэж хэн бэ?
Товчхондоо тэр бол хоолны нэвтрүүлгийн орчуулагч байсан “Сөүл” группийн захирал. Эх хэвлэлүүдэд бичсэнээр Д.Өнөрболор нь бусдын нэрээр газар авах, бусдын нэр дээрх газрыг худалдан авах замаар тэр “Зайсан”-ийн амыг эзэгнэсэн нэгэн бололтой. Энэ ажилдаа нэлээд гаршсан гэх Д.Өнөрболор нь МУИС-ийн Олон улсын харилцааны солонгос хэлний ангийг дүүргэсэн юм байна.
Саяхан “Танайд хоноё” нэвтрүүлэгт орохдоо “Би орчуулагч хийгээд төсөөлшгүй их мөнгө олдог байсан” хэмээн дурссан. Ийнхүү Солонгос хэл сурсны ачаар МАН-ын хамгийн том хөрөнгө оруулагч болтлоо дэвшиж чадсан байгаа юм. Түүнийг бизнесийн хүрээнийхэн УИХ-ын 2016 оны сонгуулиар нэр дэвших хүмүүсийн тоонд оруулж байсан юм. Гэвч хийсэн ажил бүхэн нь хар мөр дагуулсан, нэг үгээр муу нэртэй түүнд МАН-ынхан итгэж тойрог өгсөнгүй.
Харин Нийгэм, эдийн засаг бодлогын газраа орчуулагч, хөрөнгө оруулагч бүсгүйд даатгаж байгааг нь хэр оновчтой шийдвэр эсэхийг цаг хугацаа харуулна биз.
П.ГОО
Оллоо.мн