Архи гэх буруутан...

Нэг дор тавын таван хүн алтан амиа алдсан аймшигт хэрэг өнгөрч буй долоо хоногийн дуулиан байлаа. Мэдээж хэрэг цаг бусаар амиа алдсан талийгаачдын гэр бүл, өнчирч хоцорсон үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй гарз.

Энэ хэргийг одоогийн байдлаар холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа хэмээж буй. Гэхдээ хэргийн газраас хоёр өөр төрлийн архины шил болон шил арчигч шингэний сав олдсон гэж байгаа. Тэдгээрээс болж архи, согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчилгээ үзүүлэхийг гурав хоногийн турш хориглох шийдвэр гаргасан. Энэ нь мэдээж шинжилгээний дүн гартал нэмж хүн хордохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

Харамсалтай хэдий ч энэхүү үйл явдал ажилдаа хариуцлагагүй, ар, өврийн хаалга ашиглагчид, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын булхайг ил болгох арга болж хувирав бололтой.

Учир нь талийгаачдыг уусан шингэнийхээ чухам алинаас нь болж хордсоныг гүйцэд тогтоогоогүй. Тиймээс дэргэдээс нь олдсон гэх 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэгдсэн “Мөнхжин-Од” ХХК-ийн “Найрсаг”, 2016 оны аравдугаар сарын 27-нд үйлдвэрлэн “Жэм интернэшнл” ХХК-ийн “Голд Чингис” архинуудын шил, шил арчигч “Гайхмаараа” шингэн зэргийг худалдаанаас татан, лацдаж байгаа. Уг нь анхнаасаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо шалгуураа өндөр тавьж, хуваарийн дагуу шалгалтаа хийдэг байсан бол үйлдвэрүүд технологи алдахгүй байх боломжтой байсан. Түүнчлэн нэгэнтээ шалгалтад бүдэрсэн бол асуудалд ажил хэрэгчээр, төрийн өмнөөс хариуцлага үүрч буй гэдгээ санан мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд нь хууль, дүрэм, журмынхаа дагуу ажиллаж ирсэн бол өдгөө олон хүн амиа алдаж, буруу, зөв шийдвэр хэмээн биесээ чичлэх шаардлагагүй л байлаа.

Аливаа асуудлыг авлигатай холбон ойлгохоос аргагүй байдал үүссэн гэдэгтэй санал нэгдэх хүн олон бий. Учир нь, иргэд хордсон байж болзошгүй хэмээн хардагдаж буй “Мөнхжин-Од” ХХК-ийн хувьд 2011 оноос хойш жил дарааллан татварын хуурамч акцтай, хуурамч архи үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүнээс нь иргэн хордож байсан гээд удаа дараагийн шалгалтад бүдэрсээр ирсэн ч үйл ажиллагаа нь үргэлжлээд л яваад байдаг аж ахуйн нэгж. Хэрвээ цаг тухайд нь анхаарлаа хандуулж байсан бол энэ удаагийн гашуун үйл явдал үүсэхгүй байх боломж хангалттай байсныг хэнбугай ч хэлэх биз.

Өөр нэг асуудал нь талийгаач нар тус байрны жижүүр, сантехникийн ажилтан байсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл ажлын байрандаа архи уусан гэх бурууг талийгаач нарт тохох нь. Үүнийг ч гэсэн эртхэн хууль, журмынхаа дагуу шийдвэрлэх боломж хангалттай байсан. Орон сууц, хотхоны аль ч хороололд СӨХ гэх байгууллага бий. Тэд иргэдээс хангалттай мөнгө хураамж, суутгаж авдаг. Эргээд хэнтэй ч үүрэг, хариуцлага тооцдоггүй. Түүний тод жишээ нь энэ удаагийн явдал. СӨХ-нд хамаардаг ажилчид ажлын цагаар архи ууж байгаа эсэх, эцэст нь амиа алдчихсан байгааг ч мэдэхгүй байгаа нь тэд ажлаа хэрхэн хийдгийг харуулж буй хэрэг. Эдгээр нь хэтэрхий хатуу гэж болохоор сургамжтай үйлээр илэрч байгаа нь даанч харамсалтай. Ердөө л хүн бүр хийх ёстой ажлаа, үүргийнхээ дагуу гүйцэтгэж байсан бол өнөөдөр таван халуун амь цаг бусаар одохгүй байх боломж байсан. Хатуу сургамж үлдээсэн энэ явцаас архинд буруу өгч чимээгүйхэн өнгөрөөчихгүй л байгаасай.

Б.Төгөлдөр
Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • П 2017-01-20 05:35:01
    "Мөнхжин-Од"-ын архины үйлдвэрийг л хаачихаач дээ? Монголд архи дутав гэж? Авилгал авчих санааатай л ???
  • delger 2017-01-20 01:26:43
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Зочин 2017-01-20 01:11:59
    Уухаа л боличооч дээ. Хүчээр ам руу чинь цутгаад байгаа биш. Одоогийн ямар ч архи тун найдваргүй дээ.
  • fd 2017-01-20 01:01:12
    df