Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус хуулийн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналыг УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа СЕХ-оос бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй хэмээн танилцуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудлыг шийдвэрлэн, тус тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай талаарх хууль зүйн үндэслэл тайлбарыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аар хэлэлцэж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 18-ны өдөр хуралдаж, уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаарх мэдээллийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5 дахь заалтуудыг баримтлан дээрх хуулийн төслийг дараахь үндэслэлээр хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.

Үүнд, УИХ-ын болон  Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаарх зохицуулалтуудыг салган, дангаар нь хэлэлцэх явцад одоо мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтдаа хэрхэн хүчингүй болгох асуудлыг нарийвчлан тусгаагүй нь хуулийн төслийг батлахад хүндрэл үүсгэж байгаа аж. Иймд  Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг асуудлыг тус тусад нь зохицуулсан тухайлсан хуулиудын төслийг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэх нь хуулийн техник, хууль батлах үйл явцад нийлэмжтэй гэж үзсэн байна. 

Мөн МАН Сонгуулийн тухай хуулийг парламентын зөвшилцөл, Улсын Их Хурлын гишүүдийн нийтлэг ойлголцолд тулгуурлан батлах нь зүйд нийцнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын байр суурь, ард иргэдийн санал хүсэлт, хэвлэл мэдээллээр гарч буй шүүмжлэл, ялангуяа Улсын Их Хурлын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан нь уг асуудлаар парламентын түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй байгааг илтгэж байна хэмээн үзсэн байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад завсарлага авсан, зарчмын зөрүүтэй олон санал гарсан, одоо мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох үйл явц хүндрэлтэй зэргээр хуулийн төслийн хэлэлцүүлэг сунжирсан нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөн, цаашид хуулийн хугацааг өөрчлөх шаардлага үүсэхээр байгаа юм байна. Хуулийн төслийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй боллоо хэмээн үзжээ. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэх явцдаа УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг харгалзан зохих шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэн санал хүргүүлжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг байнгын хорооны гишүүдэд танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл батлагдсан ч хэрэгжих боломжгүй учраас хуулийн төслийг санаачлагчид нь буцаахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Иймээс уг хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.