Хүнээ биш түүхий нүүрс хотод оруулахыг хориглоё

Агаарын бохирдол Улаанбаатарыг эзлээд нэлээд хэдэн жил боллоо. Утаагүй болох талаар бодлого боловсруулж, төсөл хэрэгжүүлдэг ч үр дүн гарсангүй. Жил ирэх тусам утаа улам нэмэгдэж, нийслэлчүүдийн халдашгүй дархан эрхэнд нөлөөлөх болов. Бид өнгөрсөн хугацаанд утаанд хэдэн зуун тэрбум төгрөг цацаад ч тусыг эс олсон.
 
Харин утааны эсрэг шийдлүүдээс хэрэгжих боломжтой хамгийн энгийн арга нь ердөө л түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглох юм. Энэ талаар ШУА-ын эрдэмтдийн баг судалгаа хийж, төр засгийн удирдлагуудад танилцуулдаг ч хэрэгжүүлэх тал дээр хойрго хандсаар иржээ. Хэрэв бид 2011 онд ҮАБЗ-өө хуралдуулж, “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ” хэмээн зарласныхаа дараагаас л түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглосон бол одоо байдал арай өөр байх байлаа.
 
Өнгөрсөн хугацаанд ашиг хайгчид утаагаар баяжиж, нэг хэсэг нь шоу хийн улс төрд гарч, нэр хүндийг ч оллоо. Харин эрүүл мэндээрээ хохирч, хулхидуулж хоцорсон нь нийслэлийн иргэд байв.
 
Гэхдээ одоо ч түүхий нүүрсийг хориглох асуудлыг ажил хэрэг болгоход оройтоогүй байна. Нийслэлийн төвлөрлийг багасгаж, хөдөөнөөс хүн хүлээн авахгүй хэмээн иргэдийнхээ эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байхаар түлшиндээ ач холбогдол өгч түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг одооноос хориглоё.
 
Нийслэлийн 157 байршилд 337 уурын зуух утааг үйлдвэрлэж байна. Мөн Улаанбаатарын хэмжээнд 1400 гаруй нам даралтын зуух байдаг талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх хорооны судалгаа бий. Эдгээр зуух нь Улаанбаатарын хорт утааны 30 хувийг ялгаруулдаг бол эхний ээлжинд эдгээр жижиг оврын уурын зуухыг угаасан нүүрсээр хангачихвал агаарын бохирдол 30 хувиар багасах боломжтой болно.
 
Түүний дараа гэр хорооллын 220 мянган яндантай бас л энэ хэлбэрээр тэмцэж болох юм. Тэгвэл Улаанбаатарын утаа 80 хувь багасах боломжтой болж байна. Нүүрсийг угаах технологи нь тийм ч өндөр өртөгтэй биш. Түүхий нүүрсийг боловсруулснаар илч чанарт нөлөөлөхгүйгээр хорт нэгдлүүдийг үгүй хийж байна гэсэн үг. Энэ төрлийн технологийн үйлдвэрийг хэд хэдийг бий болгосноор ажлын байр ч нэмэгдэх боломжтой.
 
Ийм нэгэн шийдлийг Төр засгийн удирдлагуудад уламжилж байна. Одоо элдэв төсөл хөтөлбөр боловсруулж, “мөнгө саах” хүсэлтэй нэгний гар хөл болохгүйгээр жинхэнэ утааны эсрэг ажиллах цаг болжээ.
 
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцор, хүнд металь нийслэлийн гэр хороололд Монгол Улсын стандартаас 15 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 35 дахин илүү байна.
 
Судлаачдын үзэж байгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотой байна. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарчээ. Ийнхүү гамшгийн хэмжээнд хүрч, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын нэгэн гарц нь түүхий нүүрсээ боловсруулах асуудал юм. Хүнээ биш түүхий нүүрсээ нийслэлд оруулахыг хориглоё.

 
Х.ЭНХЖАРГАЛ: НИЙСЛЭЛД ТҮҮХИЙ НҮҮРС ОРЖ ИРЖ БАЙГАА ЦАГТ УТАА ХЭЗЭЭ Ч АРИЛАХГҮЙ


 
Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал түүхий нүүрсийг боловсруулж агаарын бохирдолтой тэмцэх талаар судалгаа хийжээ. Түүнтэй ярилцлаа.
 
-Түүхий нүүрсийг боловсруулж хэрэглэх нь ач холбогдолтой юм. Боловсруулах үйлдвэр манайд хэд байдаг вэ?

 
-Би энэ талаар олон жил судалгаа хийсэн. Гэр хороололд жижиг халаагуур, зуух тавиад утааны асуудал шийдэгдэнэ гэдэг үлгэр. Мөн нийслэлд түүхий нүүрс орж ирж байгаа цагт хэзээ ч утаа арилахгүй. Энэ асуудлыг бодлогын чанартай хэрэгжүүлэх нь чухал байна. Нүүрсийг боловсруулна гэдэг нь хорт нэгдлүүдийг угаагаад салгачихаж байгаа юм. Манайд энэ төрлийн үйлдвэр уул уурхайн хувийн компаниудад бий. Бид Хятад руу ч зарим нүүрсээ боловсруулаад гаргаж байна. Тэгэхээр нийслэлийн нүүрсний хэрэгцээний тодорхой хувийг угаасан нүүрсээр хангахад асуудал байхгүй.
 
-Таны судалгаагаар нийслэлд орж ирж буй нүүрсний хэдэн хувийг угаах боломжтой вэ?
 
-Томоохон цахилгаан станцад хэрэглэж буй нүүрсийг угаах хүчин чадал одоогоор бидэнд харагдахгүй байна. Дөрөвдүгээр цахилгаан станц гэхэд өдөрт хэдэн зуун воган нүүрс хэрэглэж байгаа. Харин жижиг уурын зуух, нам даралт, гэр хорооллын хэрэгцээг угаасан нүүрсээр хангах боломжтой. Хотын захдаа хэд хэдэн нүүрс угаах үйлдвэр бариад л энэ асуудлыг шийдэж болно. Ажлын байр ч нэмэгдэнэ.
 
Агаарын бохирдлын 10 хувийг том станцууд бий болгож байна. Үлдсэн 90 хувийг гэр хороолол, автомашины утаа эзэлж байна. Тэгэхээр боловсруулсан нүүрс хэрэглэснээр утаанаас 80 хувь гарах боломжтой.
 
-Нүүрс л түлж байгаа юм чинь адилхан л утаа гарах байх даа?

 
-Тийм ээ. Гэхдээ хорт бодисуудыг нь угааж ангилж авсан учраас хар хүрэн утаа гарахгүй. Мөн хүний биед нөлөөлөх хоргүй болно. Шингэн цэнхэр утаа бага хэмжээгээр гарна.
 
-Угааж ангилж үйлдвэрт боловсруулж байгаа учраас угаасан нүүрсний үнэ нэмэгдэж мэднэ?
 
-Тийм шүү. Үүнд л төр засгийн бодлого хэрэгтэй. Утааг бууруулахаар жилд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байна. Түүнийхээ тодорхой хувийг угаасан нүүрсний үнийг хөнгөлөхөд зориулж болно. Ер нь энэ байдлыг төр засгийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх цаг нь болсон. Тэгэхгүй хүн бүхэн янз янзын байдлаар ярьдаг. Халаалт, утаагүй түлш л гэх зэргээр хувь хүний бизнесийг дэмждэг улс төр байж болно. Эрдэмтдийнхээ үгийг сонсдог байх хэрэгтэй. Бидэнд ямар нэгэн улс төр, бизнесийн эрх ашиг байхгүй. Цэвэр шинжлэх ухаан онол судалгааны үндсэн дээр л энэ асуудлыг тавьж байна.
 
-Та цахилгаан станцын талаар бас нэгэн шийдлийг санал болгож байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
 
-Би Монголын нүүрсэнд тохирсон экологийн цэвэр дулааны цахилгаан станц бий болгох талаар судалгааны ажил хийсэн. Энэ талаар бүх шийдэл нь бэлэн болсон. Манай улсын газар нутгийн 70-80 хувь нь нүүрсний ордтой. Тэд бүгдээрээ эрчим хүчний зориулалттай нүүрс биш юм. Дулаан гаргах чадвар харьцангуй намдуу, чийглэг өндөртэй нүүрснүүд байдаг. Тиймээс тус нүүрсэнд тохирсон тусгай зориулалтын уурын зуухыг ОХУ-ын эрдэмтэнтэй хамтран бүтээгээд байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НАР САЛХИ 2017-01-19 15:29:48
    ТЭНЭГТЭВ ТУЙЛРАХЫН ТУЙЛ УЛС ЮМ АА НЭН ЭРГҮҮНД АТОМЫН ЦАХ СТАНЦБАРИХ НАРНЫЭРЧИМ САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧ ОНИГОО ӨӨРИЙН САЙНМУУ ТАЛТАЙ
  • chono 2017-01-19 06:21:43
    Utaa amarhan bna aa naizuudaa daan ch adhigtai bizness shuudeee ...... nuurs zataadl .. emneleg em taria zarsgdaaad l .. tender zulgaaagadl ... yahiin...
  • Батаа 2017-01-19 05:43:02
    Ёстой хуцхад учир бий түүхий нүүрс оруулахаа болиод нийслэл хөддөх үү эсвэл чоно махнаас гарахын үлгэр болох байхдаа
  • ХОРИГ ЗӨВ !!! 2017-01-19 04:53:11
    хүн машин 2 нь багтаж шингэхээ больчихоод байна шүү дээ, хүнээ ч хоригло, хуучин машин импортлохыг ч бас хоригло
  • Бодол 2017-01-19 03:26:11
    Нүүрс түлэхээ больчих. Хоолоо плитка дээр хийгээд, цахилгаан халаагуур хэрэглээд, дэд бүтцээ сайжруулчих. Утаа баяртай болно.
  • ЗОЧИН 2017-01-19 01:46:43
    УТААГҮЙ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ ЗАРЦУУЛСАН 17,0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АСУУДАЛ ЮУ БОЛСОН БЭ? УЛААН ХАЦАРТЫН АВСАН МӨНГӨ Ш ДЭЭ.
    • htw 2017-01-19 04:55:22
      хулгайч дарга нартай улс ч хэцүү юм дөөөөөөө лалар гэж :(