“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.'
 

50 ортой Хүүхдийн шинэ тасаг нээлээ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамЦэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ.

Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн 8,10, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж эхлээд байгаа юм. 

Уг тасгийн нээж ажиллуулсантай холбогдон гарч буй зардлыг шийдвэрлэх, хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.

Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу  1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.  

Шинжлэх ухааны паркын захиргаа байгуулав

Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркын менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт :

-  Шинжлэх ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,

-  Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг нэмэгдүүлэх

-  Өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтуудыг биелүүлэхэд “Шинжлэх ухааны паркын захиргаа” чухал хувь нэмэр оруулах юм. Захиргаа нь эрдэм шинжилгээний болон бизенсийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренер төрүүлэх зэрэг ажил хийнэ.

Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа”-нд нэгтгэсэн учир төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, орон тоо нэмэгдэхгүй юм.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд Улсын комисс дахин ажиллана

Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих төсөл”-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хийсэн хяналт, шалгалтын дүнтэй танилцав.

Энэ дагуу:

-  Шаардлага хангаагүй нь тогтоогдсон ажлуудыг гэрээний дагуу бүрэн хийлгэж дуусгах,

-  Зураг төслийн дагуу хийгээгүй, дутуу болон чанаргүй 526, зураг төсөлд тусгагдаагүй боловч зайлшгүй хийх 114, ашиглалтын үед хийж хэрэгжүүлэх шаардлагатай 49, нийт 689 ажил дутуу байгааг гэрээний дагуу бүрэн гүйцэтгүүлсний  дараа Улсын комисс хүлээж авахыг үүрэг болгов.

Мөн холбогдох байгууллагаар хөндлөнгийн шалгалт хийлгэхийг Улсын комиссын дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд даалгав.

85 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 02-18-ны өдрүүдэд агаарын навигацийн үйлчилгээ, аэродром, авто замын байгууламж, хил хяналт, тусгай чиг үүрэг, барилгын хийц архитектур, эрүүл ахуй, цэвэр, бохир ус, эрчим хүчний хангамж, харилцаа холбоо, мэдээллийн технологи, механик, тусгай тоног төхөөрөмж, шатахуун хангамж, хөрөнгийн үнэлгээ чиглэлээр хяналт шалгалт хийсэн юм. 

Шалгалтад 30 гаруй барилга, 15 мянган метр инженерийн шугам сүлжээ, 825 автомашины зогсоол, гүүрэн гарц, шатахууны сумалгааны гидрант систем зэрэг барилга, байгууламж хамрагджээ.

Товчхон

-  Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Уг бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. 

-  Нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, олон тоогоор хорогдож байгаа тул яаралтай авах арга хэмжээний төсөв болох 447 287 250  /дөрвөн зуун дөчин долоон сая хоёр зуун наян долоон мянга хоёр зуун тавин /төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар  боллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хийх юм их байна 2017-01-19 04:33:24
    за болиорой. ухах сэндийлэх устгах юмаа урьдал болгоод байгаарай. хийх юм үүнээс их байна.
  • БББ 2017-01-18 15:54:44
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...