Оны эхний саруудад эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг

Цагдаагийн ерөнхий газраас 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, 2017 онд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагын судалгаанаас харахад, шинэ он гарснаар буюу 1, 2, 3 дугаар саруудад эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг байна. Учир нь уламжлалт “Цагаан сар”-ыг баярыг угтан иргэд баярын бэлтгэлээ базаадаг, гэр орноо эзэнгүй орхидог зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан хулгай, булаалт, дээрэм, залилангийн гэмт хэрэг олноор үйлдэгддэг байна.

Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар /2012-2016 оны 1, 2, 3 дугаар саруудад/ нийт 35624 гэмт хэрэг үйлдэгджээ. Хулгайлах гэмт хэрэг 11322 /2012-2016 оны 1 дүгээр сард 4098, 2 дугаар сард 3487, 3 дугаар сард 3737/ буюу нийт гэмт хэргийн 31.7 хувийг эзэлж байна. Үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг 743, өмчийн хулгай 8041, мал хулгайлах гэмт хэрэг 1997 бүртгэгджээ.

Булаалтын гэмт хэрэг 308 үйлдэгдсэн нь нийт гэмт хэргийн 0.8 хувь /2012-2016 оны нэгдүгээр сард 111, хоёрдугаар сард 87, гуравдугаар сард 111/, Дээрмийн гэмт хэрэг 1357 гарсан нь нийт гэмт хэргийн 2.5 хувь /2012-2016 оны нэгдүгээр сарл 311, хоёрдугаар сард 237, гуравдугаар сард 319/, Залилангийн гэмт хэрэг 2282 үйлдэгдсэн нь нийт гэмт хэргийн 6.4 хувь /2012-2016 оны нэгдүгээр сард 804, хоёрдугаар сард 717, гуравдугаар сард 761/-ийг эзэлж байна.

Ялангуяа гэр, орон сууцанд болон бэлчээр дэх малын хулгай, гудамж талбайд үйлдэгдэх хулгайн гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлдэг аж. Хулгайн гэмт хэрэг нь нийслэлд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутагт Төв, Дорнод, Хөвсгөл аймагт ихээр үйлдэгддэг нь гэмт хэргийн статистик судалгаа гардаг. Статистик судалгаагаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн хоёр хүн тутмын нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, гурван хүн тутмын нэг нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, 11 хүн тутмын нэг нь урьд өмнө шүүхээр ял шийтгэгдсэн байгаагаас харахад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх арга, хэлбэр нь улам нарийсаж, хулгайчид илүү “мэргэшиж” байгаа нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаа нь үүнийг дагасан нийгэмд сөрөг үзэгдлүүд үүсэх нэг нөхцөл байдал байсаар байна.
 

“САР ШИНЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ


Иймд Цагдаагийн байгууллага жил бүр сар шинийн баяр амралтын өдрүүдээр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ болон хэсэгчилсэн бусад арга хэмжээг тасралтгүйгээр үргэлжлүүлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цэргийн баярын арга хэмжээнүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх үед гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг зохион байгуулж ирсэн.

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг иргэдийн аюулгүй байдал, амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, алба хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 2-26-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулдаг. Өнгөрсөн онуудад зохион байгуулсан “Сар шинэ” арга хэмжээгээр эрэн сурвалжлагдаж байсан 37 сэжигтэн яллагдагчийг, гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан 69 этгээдийг олж тогтоон, бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй 266 хэрэг, түдгэлзүүлсэн 139 хэрэг, урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 116 хэргийг тус тус илрүүлсэн байна.
 

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ШАЛТГААН, НӨХЦӨЛҮҮД

 

Нийгмийн сөрөг үзэгдэлд иргэдийг дасгаж буй мэдээллийн олон эх сурвалж, Гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийн аргачлал, хариуцлагаас зайлсхийх хувилбарыг үзүүлсэн кино, бичлэгүүд түүнд тавих хяналт, Иргэдийн ухамсар, нийгмийн сөрөг үзэгдэлд хандаж буй хандлага, Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд ашиглаж буй техник технологийн хоцрогдол, Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага, Гэмт хэрэгтэй тэмцэж буй байгууллагын хүн хүчний хүрэлцээ зэрэг нь гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд голчлон нөлөөлж байна.
 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ


Байр орцоороо хамтран давхар хаалга, кодтой цоожтой болох, орчны гэрэлтүүлгээ сайжруулах, бэлэн мөнгө, үнэ цэнтэй эд хөрөнгөөрөө гэртээ хадгалахгүй байх,

Хаалга, цонхондоо найдвартай бэхэлгээ хийж, дохиоллын систем, камер тавиулах, хөрш айлуудтайгаа холбоо тогтоон хөршийн холбоогоо сайжруулан харилцан туслалцаж байх, удаан хугацаагаар гэр, орон байраа эзэнгүй орхиж явахгүй байх,

Борлуулалтын үнээс хямд үнэтэй, гар дээрээс худалдан борлуулж буй баталгаагүй, ахуйн хүрээнд үйлдвэрлэгдсэн согтууруулах ундаа болон хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.