Металлын үнийн уналт ба Хятадын хүчин зүйл Монголын эдийн засгийг эрсдэлд хүргэсэн нь

АНУ-ын санхүү, эдийн засгийн нөлөө бүхий “Forbes” сэтгүүлд Р. Женнингс ингэж бичжээ.

Нэг үе Монголын уудам газар нутагт Австрали, Хятад, Орос, Хойд Америкийн уул уурхайн компаниуд алт, зэс олборлох гэж тэмүүлснээр ард иргэд нь ажилтай, мөнгөтэй байлаа. Харин 2014 онд эрдэс баялгийн үнийн глобал уналтыг даган тус улсад гадаадын хөрөнгө оруулалт буурч эхэлжээ. Монголын хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэр болж байсан Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал үүнд онцгой нөлөөлсөн юм.

Сүүлийн жилүүдийн адил 2017 он ч Монголд эдийн засгийн өсөлт авчралгүй, ард иргэдийг ядууруулан үндэсний илүү бат бөх эдийн засгийн загварын эрэлд түлхэх төлөвтэй.

Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн томоохон нэгэн компанийн захирал Л.Кашел л хэлэхдээ, “Монголын бүтцийн хүндрэлтэй асуудлыг шийдэж, дэлхийн анхаарлыг татаж байсан үсрэнгүй хөгжлийн он жилүүдийг эргүүлэн авчрах бараг боломжгүй. Хэрэв тус улс эрдэс баялгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээгээс ашиг олохыг хүсвэл глобал зах зээлд гарч эхэлсэн эерэг төлөв байдлыг ухаалгаар ашиглах шаардлагатай” гэжээ.

ОУВС Монголын эдийн засгийг энэ жил нэг хувиар өснө гэж урьдчилан тооцоолсон нь 2016 оноос хоёр дахин бага, тус улсын хамаардаг бүс нутгийн долоон орноос хамгийн муу үзүүлэлт болж байна. Тэгвэл Францын хөрөнгө оруулалтын “Natixis” банкны шинжээчид 12 тэрбум ам.долларын хэмжээтэй Монголын эдийн засаг өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын бууралтаас үүдэн энэ жил огт өсөхгүй гэжээ.

Тус банкны энэ сарын 6-нд гаргасан дүн шинжилгээнд, “ Хятадын эдийн засгийн өсөлт, эрдэс баялгийн глобал эрэлт хэрэгцээний өсөлтийн ачаар Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил хурдтай өссөн. Гэвч энэ үйл явц 2014 онд гэнэт зогссон нь тус улсыг зогсонги байдал, санхүүгийн тогтворгүй байдал руу түлхсэн” гэжээ.

Хэт их нийлүүлэлт, Хятадын багасах болсон эрэлт хэрэгцээ, эрчим хүчний үнийн уналтаас үүдэн дэлхий даяар эрдэс баялгийн борлуулалт багасахад хүрсэн билээ.

Гэхдээ Л.Кашеллийн тэмдэглэснээр, Хятад нүүрсний хэт их үйлдвэрлэлээ танан агаарын бохирдолтоо багасгах шинэчлэл нүүрсний үнийг нэмэгдүүлсэн нь Монголын эдийн засгийн төлөв байдалд таатай нөлөөлөх хүчин зүйл болж эхэлжээ. Түүний үзэж буйгаар, аварга том Тавантолгойн нүүрсний уурхайн өр зээлийн бүтцийг өөрчилснөөр Монголын Засгийн газар нэмэлт хоёр тэрбум ам.доллар олох боломжтой аж.


Зууны мэдээ
Б.Барс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.