Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 
Нийслэлд шилжин ирэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч даваа гарагт захирамж гаргаж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглосон талаар мэдэгдлээ.

Тэрбээр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай”  захирамжийнхаа талаар "Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ.Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байна" гэжээ.


Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар  хяналт тавина. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа билээ.
 
Ерөнхийлөгч утааны асуудлаар мэдээлэл хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гарагт төрийн ордонд утааны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ утааны талаар хэлсэн хэдэн үг олон нийтийн анхаарлыг татсан юм. Түүний хэлсэн эшлэлүүдийг хүргэж байна.
 
                                                                                                                            
- Утааны асуудал үргэлж миний сэтгэл, зүрхэнд байсан

- Би 2009 оноос утааны асуудлыг ярьж байгаа, сэтгүүлчид харин тухайн үед өөр юм бичдэг байсан

- Агаарын бохирдлын асуудалд хамгийн их анхаарал хандуулсан Ерөнхийлөгч гэж намайг Дэлхийн Байгаль орчны газраас шагнасан

- Гамшгийн бүсэд ардчилал ярихгүй байя

- Утааны эсрэгямар шийдвэр гаргана тэнд би зогсож л байх болно

- Эхийн хэвлийд эндсэн ургийг гамшиг, аюул гэхгүй юм бол юуг аюул гамшиг гэх юм бэ

- Улаанбаатараас өөр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх чинь нээлттэй

- Бүгдээрээ утаан дээр улс төржихгүй байя.
 
Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлана

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.


Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.  

Сонирхогчдын боксын УАШТ үргэлжлэв

Боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ  спортын төв ордонд тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэ удаагийн тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин  эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч сорин өрсөлдөж байгаа юм.
 

Энэ жилийн тэмцээний хувьд  сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д хүч үзэж, аваргалсан олимпийн наадмын тавдугаар байрт шалгарч байсан ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 60 кг-д өрсөлдөх болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байсан. Энэ жинд олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Д.Отгондалай байгаа. Энэ жингийн гол тулаан хоёр тамирчны дунд өрнөнө хэмээн спорт сонирхогчид таамаглаж байсан.Тэгвэл таамаг ёсоор МУГТ Д.Отгондалай ОУХМ Э.Цэндбаатар нар 60 кг-ын жингийн аваргын төлөө шалгарч үлдээд байгаа юм.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.