Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө. Хамгийн их анхаарал татсан сэдэв утаа байсан бөгөөд энэ асуудлаар салбар яам болон төр засгийн өндөрлөгүүд, ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч ч байр сууриа илэрхийлж, анхаарал хандуулж эхэллээ. Түүнчлэн ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө олон нийтэд танилцуулах зорилгоор “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Мөн өнөөдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон байдаг билээ. Үүнээс гадна Антарктид тивийн ноён оргил болох Винсон Массифын оройд гарч, дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзэлж, “Seven Summiter” хэмээх түүхэн амжилтын эзэн болсон ОУХМ, МУГТ Б.Гангаамаа эх орондоо хүрэлцэн ирсэн зэрэг олон үйл явдал өрнөсөн долоо хоног байлаа. 


Ц.ЭЛБЭГДОРЖ: АЮУЛТАЙ ОРЧИН БАЙГАА БОЛ ЭНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ 

/Монгол Улсын Ерөнхийлөгч/

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр “Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн.

Хуралдаанд төрийн өндөрлөгүүд, сайдууд, УИХ-ын гишүүд, хотын удирдлагууд оролцсон. Үндсэндээ 12 байгууллагын төлөөлөл оролцсон. Ер нь ийм хурал хийнэ гэж төлөвлөж байсан. Хамгийн гол нь маш олон төлөөллийг бүгдийг нь оруулж ирж, суулгаж ярилцсан нь ач холбогдолтой болсон.

Ерөөсөө энэ тавигдаж байгаа асуудал иргэдийн амь явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй холбогдож гарч байгаа учраас ач холбогдол өгч ажиллая гэж өргөтгөсөн хурлыг хийсэн. Би ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хурлаас ямар шийдвэр гарав, цаашид ямархуу үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм.

ҮАБЗ хуралдаад зөвлөмж гаргасан. Ерөөсөө Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн шийдвэр зөвлөмжийн хэлбэрээр л гарна гэж хуульд байгаа. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн, хүмүүс асуугаад байгаа. Улаанбаатар руу шилжиж ирэхийг хориглож байна, энэ Үндсэн хууль зөрчиж байгаа юу, та юу гэж бодож байна гэж.

Үндсэн хуульд байдаг хамгийн гол эрх бол “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн заалт. Мөн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Гэтэл Улаанбаатар хотын орчинд амьдарна гэдэг аюултай болчихож байгаа юм. Эрүүл биш аюултай орчин болчихлоо.

Аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй. Энэ бол Үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ” гэх зэргээр байр сууриа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хийсэн, санаачилсан ажлаа дурдахын зэрэгцээ ҮАБЗ- ийн хуралдаанаар гурван асуудлаар нэгдмэл байр суурьт хүрсэн гэдгийг дуулгасан юм.
 

Б.ЭНХБАЯР: “ДОЛООХОН ХОНОГ ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ЮМ” ГЭДЭГГҮЙ, ШОРОНД СУУСАН Л БОЛ СУУСАН

/Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд/

УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг төсөл нь УИХ-аас 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн (шинэчилсэн найруулга) төслөөс үзэл баримтлалын хувьд хэр өөрчлөгдсөн тухай Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь 2015 онд баталсан Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн гол үзэл баримтлалаа хадгалсан гэж хэлж болно.

Шинэ Эрүүгийн хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр байсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмууд гараагүй, сургалт зохион байгуулаагүй, цахим гавтай холбоотой асуудлыг шийдээгүй, нээлттэй, хаалттай хорих ангиуд байгуулахтай холбоотой хөрөнгийг төсөвт тусгаагүй зэрэг нь үйлчлэлийг нь хойшлуулахаас аргагүй нөхцөл үүсгэсэн. Мөн хуулийн 440 заалт нь 100 хувь шахам хорих ялтай.

Өөрөөр хэлбэл, 2002 онд баталсан Эрүүгийн хууль нь шоронжсон хууль учраас өөрчлөх шаардлагатай гэж үзээд шинээр Эрүүгийн хуулийг баталсан ч бодлогынхоо эсрэг нь гаргасан байсан. Дотор нь задлаад үзэхээр долоо хоногоос нь эхэлж хорих ялаар шийтгэх заалттай. Хорих гэдэг бол хүнд хамгийн хүнд ял ногдуулж байгаа хэлбэр.

Шоронд сууна гэдэг долоо хоног байна уу, долоон сар байна уу тухайн хүний хувьд нэр төрөөс эхлээд дарамттай хүнд ял шийтгэл. “Долоохон хоног” ял эдэлж байсан юм аа гэдэггүй.

Шоронд ял эдэлж байсан гэдгээрээ ажилд ороход өнөөх нь хүнд зэм үүрүүлнэ, гэр бүл нь зовно, залуу хүний хувьд насаараа ял зэмтэй явах болдог. Тийм учраас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчим барьж, нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх заалтыг түлхүү суулгаж өгсөн. Нийт 68 зүйл ангиар нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэхээр заасан.

Шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд хоёрхон зүйл ангиар нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэхээр заасан байсныг 60 гаруй зүйл ангиар өргөтгөсөн юм. Өдөрт 4-өөс ихгүй цагаар ажил хөдөлмөр эрхлүүлэх хариуцлагын арга хэмжээ оруулж ирсэн. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг хэвээр хадгалсан байгаа. Нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх гэсэн зүйлчлэлд анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг хамаарна гэж ойлгох хэрэгтэй.

Эрүүгийн хууль бол төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо тодорхойлдог. Аль төрлийн гэмт хэрэгтэй чанга гараар үзэх вэ, алинтай нь арай зөөлөн аргаар үзэх вэ гэдгээ тодорхойлж байгаа юм. Тийм ч учраас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад туссан байсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бүлгийг бүхэлд нь татан авч өөрчилсөн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй эвлэршгүй байна, ялын бодлогоо чангална гэдэг бодлогоо Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөлд хатуу зааж өгсөн” хэмээсэн юм.
 

П.УЛААНХҮҮ: ҮНДСЭН ХУУЛЬ ХЭНД ГАЙ БОЛСОН ЮМ

/Улсын Бага хурлын гишүүн/

Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Бага хурлын гишүүн П.Улаанхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Одоогоос 25 жилийн өмнө, тухайн үед сум бүрээс нэг хүний төлөөлөгчөөс бүрдсэн 430 депутат шинэ Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэн баталж байсан түүхтэй.

Ардчилсан хувьсгал 1990 онд гарсны дараах Монголын өөрчлөлт шинэчлэлтийг бүх улс төрийн хүчнүүд тохиролцсон нэг үр дүн бол шинэ Үндсэн хууль байв. Өнөөдрийн бидний нийгмийн амьдралыг зохицуулж буй гол зүйл бол Үндсэн хууль. Үүнийг батлалцахад олон улс төрийн хүчний зөвшилцөл хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Хэцүү үе их байсан. Бид АИХ-ын танхимд үг хэлж, хуулиа тайлбарладаг байлаа. Тэгэхэд биднийг шоолж инээхээс эхлээд үг хэлж байхад хажуу талаас цохиж “суу” гэж хэлэх тохиолдол ч гарч байсан. Хэдийгээр тоглоом шоглоомоор ийм үйлдэл гаргадаг байсан ч, нэг талаараа тэр чинь дарамт шүү дээ.

Хуулийн зүйл заалтаа тайлбарлаж, ерөнхийдөө танин мэдэхүйн мэдээлэл их өгч байсан шүү. Үндсэн хуулийн зарим зүйл заалт буцаж, түүнийгээ дэмжүүлэхийн тулд дахин дахин тайлбарлаж, батлуулж байсан нь ч бий. 1990 онд Улсын Бага хурлыг хаяж гарч байсан. Энэ их утга учиртай зүйл. Бага хурлаар хамгийн анх Хөдөлмөрийн хуулийг хэлэлцсэн юм. Энэ хуульд тэмдэглэлт баярын өдрүүдийн асуудал багтсан байв.

Бага хурлаар арваннэгдүгээр сарын 7-нд Октябрийн баярыг тэмдэглэх тухай яригдахад би “Энэ баярыг тэмдэглэхгүй ээ, хүний баяр. Бид өөрсдийн баяраа тэмдэглэх хэрэгтэй. Тусгаар тогтнолыг тунхаглан зарласан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэж, амралтын өдөр болгоё” гэж саналаа хэлж байсан юм. Тэгтэл гишүүд эсэргүүцэж эхэлсэн л дээ. Тэгэхээр нь Ардчилсан нам хурал хаяж байлаа. Монголын парламентын түүхэнд анх удаа хурал хаясан үйл явдал болж байв.

Тухайн үед тэмцэж эсэргүүцэж байж арваннэгдүгээр сарын 26-ныг тэмдэглэлт өдөр болгож байхад сүүлд болиулсныг их эмзгээр хүлээж авсан шүү. Өөрсдөө оруулчихаад эцэст нь болиулж болохгүй л дээ. Харин өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Ийм тэнцвэргүй нөхцөлд одоогийн 76 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж л өөрчилнө.

Олон намын төлөөлөл санал солилцож, зөвшилцсөний эцэст эх хуульд өөрчлөлт оруулах болохоос биш нэг нам давамгай байх энэ үед хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хэлээд байгаа юм. Монголын нийгэм авлигад идэгдсэн муухай болчихсон. Ийм үед Үндсэн хуулиар огт тоглож болохгүй. Өөртөө тааруулаад Сонгуулийн хууль хийдэг шиг одоо Ерөнхийлөгчийн хуулийг хийх гээд л явж байна.

Үндсэн хууль хэнд гай болсон юм. Энэ бол ерөнхий хууль. Төрийг бүрдүүлж байгаа гол элемент чинь өөрөө нам юм. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, тогтолцоог нь сайжруулах шаардлагатай. Үндсэн хуульд гар хүрэхээс илүү Улс төрийн намуудын тухай хуулиа сайжруулах ёстой” гэжээ.
 

Б.ГАНГААМАА: ВИНСОН МАССИФ ДЭЭР ГАРАХ ҮЕД “ЗА БИ ИНГЭЭД “SUMMITER” БОЛЧИХЛОО” ГЭЖ БОДОГДСОН

/ОУХМ, МУГТ/ 

Антарктид тивийн ноён оргил болох Винсон Массифын оройд гарч, дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзэлж, “Seven Summiter” хэмээх түүхэн амжилтын эзэн болсон ОУХМ, МУГТ Б.Гангаамаа эх орондоо хүрэлцэн ирнийхээ дараа мэдээлэл хийж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн билээ.

Энэ үеэрээ тэрбээр “Би өнгөрсөн жил нэгдүгээр сарын дундуур Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад гарч байлаа. Тэгвэл 2016 онд би дөрвөн том ноён оргилд гарч, “Seven Summiter” хийж чадсан гайхалтай он байлаа. Хүмүүс дэлхийн таван оргил биш бил үү, долоо болчихсон юм уу гээд байдаг. Тэгвэл дэлхийд байгаа хуурай газрыг тооцвол долоон тив байдаг гэж үздэг.

Үндсэн таван том тивээс гадна Австрали буюу арлын орнуудыг нэг тив гэж үздэг. Долоо дахь нь цагаан тив. Үндсэндээ мөсөн тив л дээ. Монголоос гараад Антарктидтай хил залган оршдог Чилийн Пунта- Аренас хотод очиход 3,000 гаруй км зам туулж очсон. Үндсэндээ 4 цаг 50 минут нисч байж очсон. Оросын ИЛ-76 онгоцоор нисч очдог юм билээ.

Гадна талаас нь харахад, том бүргэд шиг ч юм шиг том онгоц байсан. Тийм онгоцоор нисч очсон. Тэгээд л цаашаа Антарктид тивийн Олон улсын том лагерт очлоо. Тэнд жижиг онгоцны буудал байсан. Тэр том лагераас гурван чиглэл рүү хүмүүс явдаг юм билээ. Би зэлүүд цагаан тив л байх юм байх гэж бодсон чинь маш том мэдээллийн бааз байсан.

Гурван чиглэл гэхээр, Өмнөд туйл руу нислэг хийдэг. Туйл руу явж байгаа судлаачид, жуулчид гээд бүх хүмүүст зориулж нислэг хийдэг юм байна. Нөгөө нэг нь Винсон Массиф уул руу чиглэсэн нислэг. Гурав дахь нь эх газар руу эргэж нисдэг нислэг үйлддэг юм билээ. Би эндээс явахын өмнө хэлж байсан даа, Оросын багтай хамтарч авиралтаа хийнэ гэж.

Манай багт Оросын “7 Summits” клубын зохион байгуулалт дор нэгдэж очсон туйлын болон уулчдын нэгдсэн 11 хүн багтсан. Манай Винсон Массиф ууланд авирах хүмүүс дөрвөн авирагч, нэг хөтөч, нэг туслахтайгаар зургуулаа явсан. Пунта-Аренасаас арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Антарктид тив рүү ниссэн.

Зургаан цаг нисч Антарктид тивд хүрсэн. 19-ний өндөр Винсон Массиф уул руу жижиг онгоцоор ниссэн. Улмаар 20-ны өдрөөс эхлээд л бага багаар авиралтаа эхлүүлсэн. Чилийн цагаар 25-ны өдрийн 12:00 цагийн үед оргил руу авиралтаа эхлүүлсэн. Оргил хүртэл 7 км зам туулах ёстой байсан.

Бид Чилийн цагаар 19:15 цагийн үед оргил дээр гарсан. Оргил дээр маш хүйтэн, салхи ихтэй байсан учраас ахлах хөтөч маань хурдан буухыг сануулсан. Ингээд л оргил дээр дөнгөж гараад л буусан даа. Антарктид тивийн уур амьсгал маш их хуурай. Тэнд ямар ч чийг байхгүй. Яагаад гэвэл тэнд ногоон ургамал гэж байхгүй. Мөн бороо орж байж, эсвэл цас хайлж гэмээнэ чийгтэй болно шүү дээ.

Гэтэл тэнд тийм нөхцөл байдал байхгүй. Цас орно, хайлна гэж байхгүй. Цас ороод л хөлдөөд, хунгарлаад, мөс болоод л байна. Дээрээс нь нар жаргахгүй. Байнга нар гарна. Тийм учраас дэглэм нь их өөр. Сая миний явсан үе бол Антарктид тивийн хамгийн дулаахан цаг. Манайхаар бол долдугаар сар гэсэн үг.

Өдөржин нар төөнөөд, шөнө дунд 03:00 цагаас хойш нар жаахан тонгойдог юм билээ. Би чинь гурван цагийн бүсийг дамжиж явсан. Монголоос Чилид, дараа нь Антарктидын бүсэд очсон. Сүүлдээ бүр учраа олохоо больсон. Нэлээд хэцүү байсан. Би эндээс явахынхаа өмнө “Винсон Массиф 4,800-тай юм чинь би ямар ч байсан гарах л юм байна” гэж бодож явсан.

Гэтэл үнэхээр чанга уул юм байна. Уул бол уул л юм байна гэж бодогдсон. Оргилын хяр дээр гарах үед маш их салхитай, хүйтэн байсан. Яг оргил дээр гарахад зураг авах боломж хэр байгаа бол гэж санаа зовж байлаа. Тэгээд яг оргил дээр нь гарахын өмнөхөн “За би “Summiter” болчихлоо шүү дээ гэж” бодогдсон шүү” хэмээсэн юм.

Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !! 2017-01-13 02:13:31
    Улаанхүү эрх биш хуучны хүн гэсэндээ арай өөр юм ярьсан байна шүү!!! Одоо ядаж ийм хэмжээнд сэтгэх хүн төрд байхгүй дээ!!!
  • зочин 2017-01-13 01:55:44
    энэ лаборант Улаанхүү ажилчин бхдаа амь хаана байв гэмээр яс арьс байсан юм.Ямар их идээ вээ.
  • зочин 2017-01-13 01:53:18
    Ардчилал,ардчилсан ерөнхийлөгчтөйн буяныг монголчууд идэх хоолгүй,амьсгалах агааргүй,хөгжих боломжгүй болтлоо эдлэж жаргажэ байна идаа.Хохь чинь үхрүүдээ