Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тус хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Ажлын хэсэг хуралдаанаараа тус хуулийн төслүүдийг хэлэлцээд, хуулийн зорилтыг “...эрхзүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршино...” гэж тодорхойлох,  төслийн нэр томьёоны тодорхойлолтын хэсэгт хамаарахгүй хэм хэмжээ тогтоосон зохицуулалтын “арбитрын ажиллагаа” гэснийг бие даасан зүйл болгон төсөлд тусгах болон зарим нэр томьёог тодорхой болгох, жигдлэх, хуулийн төслийн уялдаа холбоог сайжруулах, мөн НҮБ-ын загвар хууль болон 1958 оны Нью-Йоркын конвенцийн тавдугаар зүйлд нийцүүлэн төслийн зарим зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ажлын хэсэг тус төслийн талаарх зарчмын зөрүүтэй 56 санал, дагалдах хуулийн төслүүдийн 9 саналыг бэлтгэн томьёолсон талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулгадаа дурдсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлтийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар зарим зүйлийг тодруулав. Хуулийн төсөлд байнгын болон түр арбитр байхаар, байнгын арбитр нь дүрэмтэй байхаар тусгасан байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж тодотгоод байнгын арбитрын дүрмийг хэн батлах талаар асуусан юм. Бусад хууль тогтоомж болон олон улсын жишгийн дагуу байнгын арбитр нь дүрмээ өөрөө батлах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан бөгөөд талуудад арбитраа сонгох эрх нь хадгалагдаж байгаа учир эрсдэл үүсгэх магадлалтай гэж ойлгох нь буруу хэмээн Ажлын хэсгийн ахлагч хариулт өглөө. Арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар шинэлэг зохицуулалт хийгдэхээр төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тодруулав.
Талууд арбитрын шийдвэрийг сайн дураараа биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэх журамтай. Олон улсын жишиг болон загвар хуульд нийцүүлэн хуулийн төсөлд арбитрын шийдвэрийн биелэлтэй холбоотой бүлгийг тусгасан. Ингэснээр арбитрын шийдвэрийн биелэлтийг хангах эрх зүйн дэвшилтэт зохицуулалт болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын дэд хэсгийн гишүүн Г.Баясгалан хариулт өгсөн юм.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ochoo 2017-01-10 17:16:45
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...