Агаарын бохирдлыг бууруулах “Технологийн үзэсгэлэн” маргааш үргэлжилнэ

БОАЖЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй агаарын бохирлдлыг бууруулах “Технологийн үзэсгэлэн” өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үзэсгэлэнгийн  үйл ажиллагаатай танилцав.  



БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлыг бууруулахад   иргэн бүрийн  оролцоо маш чухал үүрэгтэй юм. Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад 130 тэрбум төгрөг зарцуулсан ч эерэг үр дүнд хүрээгүй. Нийслэлийн хэмжээнд 196 мянган айл өрхийн 126 мянга нь хоёр тарифт тоолууртай. Шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор  үлдсэн айл өрхийг хоёр тарифт тоолууртай болгох  шаардлагатай. Ингэхийн тулд иргэдийг банктай холбож өгөх зэрэг шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.  Үзэсгэлэнд 51 аж ахуйн нэгж байгууллага  төрөл бүрийн цахилгаан, хийн болон  усан халаагуур, зуух, боловсруулсан шахмал түлш, агаар цэвэршүүлэгч, автомашинаас гарах утааг багасгагч шингэн, дулаан алдалт багатай нано технологийн  барилгын материал, утаанаас хамгаалах амны хаалт зэрэг бүтээгдэхүүнээ танилцууллаа.  Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс цахилгаан халаагуур, тэр дундаа шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдлийг илүү их сонирхож байв. Энэ төрлийн цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол жирийн халаагуурын үнэ халаах талбайн хэмжээ, цахилгаан зарцуулалтаас шалтгаалаад 49 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.   

Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур авч хэрэглэх сонирхолтой байгаа боловч галын аюулгүй байдлыг хангахуйц  шаардлага хангасан халаагуур сонгох, дээр нь үнэ тарифын хувьд янз бүр байгаа.Мөн хоёр тарифт тоолуурыг худалдаж авах боломжгүй айл өрхүүд ч бий. Тиймээс цахилгаан халаагуур болон хоёр тарифт тоолуурыг лизингээр худалдаж авах асуудлыг Монголын банкуудын холбоотой хамтран зохицуулахаар ажиллаж буйгаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярив.



Үзэсгэлэн үзэж сонирхсоныхоо дараа Ерөнхий сайд Д.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар Баянзүрх дүүргийн хоёр, 27 дугаар хорооны иргэн  А.Хосбаяр, 27 дугаар хорооны иргэн Ц.Донжив нарынд очсон юм. Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд иргэн Ц.Донживынд төслийн зуух,  А.Хосбаярынд  шалны халаалт суурилуулжээ.   Тэд агаарын бохирдолтой тэмцэх ажилд өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, утааны эсрэг хамтдаа тэмцэхийг бусдадаа уриаллаа. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Х. Билгүүнийх  өмнө нь нам даралтын зуухтай байжээ.  Тэр үед өдөрт 3 шуудай нүүрс түлдэг байж.  2011 онд шалнаасаа халаадаг төхөөрөмжийн төсөлд хамрагдаж, зургаан жилийн турш байрны айлаас дутахгүй тохилог амьдарч байгаа гэнэ.  Цахилгааны  төлбөрийн хувьд сард 100 мянга орчим төгрөг  гардаг гэнэ.   Хэрэгцээтэй үедээ халаагуураа ажиллуулаад, гэрт хүн байхгүй үед халаалтын төхөөрөмжөө унтраачихдаг учраас  цахилгааны хувьд ч хэмнэлттэй байдаг гэв. Одоо  цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн учраас энэ төхөөрөмжийг хэрэглэхэд боломжийн боллоо гэв.  МҮХАҮТ-д зохион байгуулж буй агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн өнөөдөр үргэлжилнэ  гэж  БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.