Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн хуульд ямар өөрчлөлт орох вэ
Засгийн газраас төсвийн тодотгол хэлэлцэх үед цалин, тэтгэмжийг бууруулах багц хуулийн төсөлдөө “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулиуд олны анхаарлыг татаж, нэг хэсэг маргаан дагуулсан. 

Цэргийнхний хувьд тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд тун эмзэг хандаг. Учир нь цэргийн алба хаагч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан эдлэх эрхүүдээ хязгаарлуулсан байдаг. Үүнийг дагаад тэдний гэр бүлийн тогтвор суурьшилтай ажиллах, суралцах эрх нь ч давхар зөрчигддөг. Насны эцэст байнгын томилолтоор ажилласны хувьд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, орон гэргүй үлддэг. Түүнээс гадна цэргийн алба хаагчийн эзэмшсэн мэргэжил нь Зэвсэгт хүчинд л ажиллах боломжтой байдаг бөгөөд тэтгэвэрт гараад мэргэжлээрээ ажиллахад хүндрэл үүсдэг гэх мэт асуудлыг тэд хөнддөг.

Тэгвэл өнгөрсөн сард Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлэн парламент хэлэлцэж эхлэх нь.

  Төр өөртөө зүтгэсэн төрийн албан хаагчдаа тэтгэвэрт гарахад нь тэтгэмж олгож, халамжилдаг  жишиг бол дан ганц манай оронд үйлчилдэггүй бусад оронд яг ийм жишиг илүү боловсронгуй байдлаар хөгжсөөр ирсэн.

Цэргийн албан хаагч урд нь иргэний байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийн хугацааг зургаан сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг нь нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг 2010 онд холбогдох хуулинд тусгасан байдаг.

Ингэхдээ алба хаагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсний дараа энгийнээр ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаа цэргийн алба хааснаар тооцуулж, тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгохоор  ойлгогдож байсан юм. Энэ нь цэргийн алба хаагч болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын хооронд маргаан үүсгэж, хуулийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй, тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ өөрчлөн тогтоолгоход цаг хугацаа алдаж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа учир хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.

Эрэгтэй 25, эмэгтэй 20 жил алба хаасан бол цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд тэтгэврийг илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдүүлж байгаа. Харин илүү ажилласан сарын нэмэгдлийг ямар хувь хэмжээгээр тооцох талаар тодорхой зохицуулалт алга байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс … бодож тогтооно” гэсэн заалт орсон ч үүнд цэргийн тэтгэвэр авагч хамаарахгүй байгааг өөрчлөх шаардлагатай болсон байна.

Мөн цэргийн алба хаагч тухайн ажиллаж байсан байгууллагаасаа халагдсанаас хойш ажил эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдах, нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine