Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Уг хуулийн төсөл нь нийт 14 бүлэг, 103 зүйлтэй агаад Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтуудыг төсөлд хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгажээ. Мөн 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль явуулахад гарсан бэрхшээлтэй, хэрэглэхэд төвөгтэй зарим заалтыг Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн хассаны зэрэгцээ ойлголтын зөрүүтэй зарим заалтуудыг тодруулж өөрчлөн найруулсан байна.
 

Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авдаг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

Улмаар гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 
Цахилгааны төлбөрийг тэглэлээ

2017 оны эхний өдрөөс гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ. Энэ шийдвэр гуравдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжинэ. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн, шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлтөд Засгийн газар 3,2 тэрбум төгрөгийн алдагдлыг үүрчээ. Энэ удаад Засгийн газар 25,8 тэрбумын алдагдал хүлээх урьдчилсан тооцоо гарчээ.
 
 
 
НӨАТ-ын 2016 оны баримтын бүртгэл дууслаа

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жил болж байна. Уг хуулиар иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнтэй баримтыг бүртгүүлж, сугалаанд оролцох эрхтэй болсон. Мөн худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон билээ.


Хамгийн анхны буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан олгохоор болсныг албаныхан дуулгаад байгаа. Тодруулбал энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төсөвт тусгаад байгаа. Харин 2017 оны Улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.Тэгвэл НӨАТ-ын 2016 оны баримтын бүртгэл энэ сарын 6-ны өдрөөр дуусгавар боллоо. 

2017 оны УАШТ-үүд эхлэв 
 
Шинэ оны эхний сард хуваарь ёсоор УАШТ-үүд зохион байгуулагддаг. Энэ сарын 3,4-ний өдрүүдэд 2017 оны хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ болов.  Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 48кг-д Биеийн тамир спортын дунд сургууль, "Аврагч"  спорт хорооны тамирчин Б.Тунгалаг алтан медаль хүртлээ. Тэрээр түлхэлттэй өргөлтөөр 90кг өргөж, Монгол Улсын залуучууд болон насанд хүрэгчдийн дээд амжилт тогтоов.



Харин өчигдөр чөлөөт бөхийн УАШТ эхэлж, медальтнууд тодорлоо. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.