Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцов.

Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулав. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2,3 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан, 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байна. Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна гэдгийг онцлов.

2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 000 тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг 3 дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.
 

Хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа

Түүнчлэн Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм байна. 

Иймд тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагатай нийцүүлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хог хаягдлын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн гэж салбарын дэд сайд илтгэлдээ дурдав.

Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харицааг зохицуулах аж. Хуулийн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгажээ. Мөн иргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэн, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үзэж байна. Түүнчлэн Аюултай хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөлд аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой болох юм. Олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь хуулийн төсөлд орж байгаа зохицуулалтыг хийвэл хэр үр дүнтэй эсэх, хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр болон аюултай хог хаягдлын үйлдвэрийг хэзээ байгуулах, гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхийг хэрхэн зохицуулах, хог хаягдлын тухай иргэдийн боловсролыг дээшлүүлэх талаар ямар бодлого барьж, зохицулалт хийх талаар илүүтэй тодруулж байлаа.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг тодорхой зохицуулаагүй, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах шаардлага тодорхой бус, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулалт хангалтгүй, иргэдэд хог хаягдлын боловсрол олгох талаар огт тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх харицлага сул, зөрчлийг илрүүлсэн иргэнийг урамшуулах зохицуулалт байхгүй зэрэг дутагдалтай талууд байсныг шинэчилсэн найруулгын төслөөр зохицуулж өгсөн. Мөн аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг Засгийн газраар батлуулсан. Иймд Төв аймаг, нийслэлийн Налайх, Цагаан даваа гэсэн гурван газар аюултай хог хаягдлын байгууламж барих гэж байна. Энэ асуудалд олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллах санал ирүүлээд байгаа. Хуулийн төсөлд аж ахуйн нэгж шинээр нүхэн жорлон байгуулахыг хориглосон заалт оруулсан. Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлыг боловсруулах 23 аж ахуй нэгж байдаг ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа учир төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Манай яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн хичээлийн хөтөлбөрт хог хаягдлын талаар анхан шатны мэдлэг, боловсрол олгуулахаар төлөвлөсөн гэж хариулав.


Ингээд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж 
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сундуйжав 2017-01-07 08:41:20
    Иргэдээс дахин боловсруулах хог хаягдлыг тусгай уутанд ялгуулж хийлгэдэг, тусгай хуваарийн дагуу авдаг Англи орны туршлагыг хэрэглэвэл зүгээр.
    59.153.115.16
    Мэдэгдсэн Хариулах
  • gomo 2017-01-07 06:25:50
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
    66.181.191.79
    Мэдэгдсэн Хариулах