Б.Тунгалаг: Миний зорилго Токиогийн Олимпийн наадамд оролцох

48 кг-ын жинд Монгол Улсын рекордыг 50 орчим удаа эвдээд байгаа хүндийн өргөлтийн тамирчин Б.Тунгалагтай ярилцлаа.

-Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3, 4-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Өөрийн тань хувьд 48 кг-д түрүүлсэн. Тэмцээний талаар ярьвал?

-Хүндийн өргөлтийн холбоо энэ оны хамгийн анхны тэмцээнээ зохион байгууллаа. Би энэ тэмцээний салхийг хагалсан. Ерөөс 48 кг-ынхан тэмцээнийг нээдэг юм. Тиймдээ ч би энэ оны анхны тэмцээнийг нээсэн. Бас хамгийн анхны медалийг авч, улсын рекордыг шинэчилсэндээ маш их баяртай байгаа. Тэмцээн их сайхан боллоо. Олон рекорд эвдэгдсэн. Найман тамирчин улсын дээд амжилтыг эвдсэн.

-Танай жинд хэчнээн тамирчин оролцсон бэ. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

-48 кг-ын жинд 5-6 тамирчин оролцсон. Харьцангуй цөөхөн л дөө. Нэг охин спортын дэд мастерын зэрэг хангасан. Өрсөлдөгчдийн хувьд үнэхээр мундаг байсан. Үргэлж л мундаг байдаг юм.  Би энэ удаагийн тэмцээнд нийлбэр дүнгээр 155 кг өргөсөн. Хоёрдугаар байрт шалгарч, спортын дэд мастерын болзол хангасан охин гэхэд огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр 105 кг өргөсөн.

-Одоогоор аль клубт харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа хийж байна?

-Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуульд суралцдаг. Одоо төгсөх ангийн сурагч.   Мөн “Аврагч” спорт хороонд харьяалагдаж бэлтгэлээ хийдэг. Сургуулиа төгсөөд Цагдаагийн академд орж суралцах бодолтой байгаа даа.

-Хүндийн өргөлтийн спортоор хэчнээн жил хичээллэж байна. Яагаад энэ спортыг сонгосон юм бэ?

-Дөрвөн жил хичээллэж байна. Анх наймдугаар ангид байхдаа л энэ спортоор тууштай хичээллэж эхэлсэн. Манай хамаатны ах, эгч нар маань спортын хүмүүс байдаг. Тэр жил хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотод болсон. Би тэр тэмцээнийг Багануураас ирж үзсэн юм. Тэгэхэд надад үнэхээр сонирхолтой санагдсан. Түүнээс хойш спортоор хичээллэе гэж бодоод л хүндийн өргөлтийг сонгосон. Надаас жаахан хүүхдүүд тэр тэмцээнд медаль авч байсан. Тэгээд би ч чадах юм байна, их сонирхолтой спорт юм шиг санагдаад л хичээллэж эхэлсэн дээ.

-Хүндийн өргөлт гэдэг тийм ч амар спорт биш шиг санагддаг. Тэр дундаа эмэгтэй хүүхэд энэ спортоор хичээллэхэд аав, ээж чинь яаж хүлээж авч байв?

-Эхэндээ нэг их дэмжээгүй. Ер нь хүн болгон л “Чи дэмий байх, чадахгүй байлгүй дээ” гэж хэлж байсан. Мөн “Чи өргөдөг юм уу” гэж хүн болгон асуудаг байлаа. Одоо бол “Чи тамирчин юм уу” гэж асуудаг. Анх хүндийн өргөлтөөр хичээллэж эхлэх үед туяхан, жижигхэн охин байсан болохоор хүмүүс “чи чадах юм уу” гэж асуудаг байсан байх л даа.

-Өмнө нь насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож байсан санагдах юм?

-48 кг бол насанд хүрэгчдийн хамгийн бага жин. Би ирэх наймдугаар сард 18 нас хүрнэ.  Өмнө нь хоёр удаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Хоёуланд нь мөнгөн медаль авч байлаа. Энэ жил анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч байна. Манай спорт нээлттэй. Насанд хүрээгүй ч гэсэн спортын цол зэрэгтэй байхад насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож, өрсөлдөж, өөрийгөө сорьж үзэх боломжтой байдаг.

-Анх хүндийг өргөлтөөр хичээллэж эхлэх үедээ хэдэн кг өргөдөг байв?

-Хамгийн анх “Үнэн анд” гэдэг компанийн нэрэмжит тэмцээнд оролцож байсан юм. Тухайн үедээ 23 кг огцомдож, 33 түлхэж байсан. 35 кг-ыг захиалчихаад, цээжин дээрээ гаргаж ирчихээд түлхэж чадаагүй алдчихсан. Ингээд л мөнгөн медаль авч байлаа. Тэр үед наймдугаар ангид л байсан. 36 кг жинд оролцож байсан юм. Тэр үедээ жиндээ хүрэхгүй хувцастайгаа жин дээр зогсч байлаа шүү дээ. Уг нь бол жин дээр хувцсаа тайлаад зогсох ёстой байхгүй юу. Гэтэл миний жин хүрэхгүй байсан учраас өмч байсан хувцастай жин дээр гараад л зогсчихсон. Тэгээд арай гэж 36 кг жинд хүрээд, тэр тэмцээнд оролцож байлаа.

-Одоо жиндээ хангалттай хүрч байгаа биз дээ. Эсвэл жин хасч байна уу?

-Одоо шууд л жиндээ орчихдог. Жин хасаад сүйд болоод байдаггүй. Ерөнхийдөө 48 кг-ын жингээ барьж байгаа. Нэг удаа би 48 кг-ын жинд спортын мастер хийх гэтэл жин хүрдэггүй. 44 кг-аас илүү байж 48-д оролцох ёстой байдаг юм. Гэтэл би 44 кг хүрдэггүй. Тэгээд л баахан халуун цай, шингэн юм ууж байгаад орж байсан. Тэгээд спортын мастераа хийж байлаа. Хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр 115 өргөж байж спортын мастерын болзол хангадаг. Харин ОУХМ-ын болзол биелүүлэхэд 135 кг өргөх хэрэгтэй байдаг юм. Одоо бол би ОУХМ цолтой. Өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сард ОУХМ цолны болзлыг биелүүлсэн.

-Улсын рекордыг маш олон удаа шинэчлэн тогтоож байгаа гэдэг утгаараа Б.Тунгалаг олон хүний анхаарлыг татаад байгаа. Хэзээнээс эхлээд улсын рекорд амжилтыг хэчнээн удаа эвдчихээд байна вэ?

-Хамгийн анх хоёр жилийн өмнө өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүрэгт болоход огцом өргөлтөөр өсвөр үеийн рекордыг эвдэж байсан юм. Өмнөх амжилт нь 44 кг байсныг 48 болгож шинэчилж байлаа. Эхний оролтоороо 45 өргөөд, дараа нь 48 өргөсөн. Тэр үеэс эхлээд л улсын рекордыг бага багаар шинэчлээд яваад байсан. Гэтэл нэг мэдсэн чинь бараг 50 орчим удаа улсын рекордыг шинэчилчихэж.

-Энэ жил улсын рекордыг бас эвдсэн. Өөрийнхөө рекордыг ахиулсан байх нь уу?

-Би өнгөрсөн арванхоёрдугаар сард дөрвөн жил эвдэгдээгүй байсан рекордыг эвдсэн. Түлхэлттэй өргөлтөөр 77 өргөсөн дээд амжилт байсныг би 85 болгож шинэчилсэн. Харин сая улсын аварга шалгаруулах тэмцээнээр өөрийнхөө амжилтыг ахиулж, 90 кг өргөж чадсан.  

-Өөрийнхөө амжилтыг үе үе шинэчилж, ахиулж байгааг чинь юутай холбон тайлбарлаж болох вэ. Шургуу бэлтгэлийн үр дүн үү. Эсвэл жил ирэх тусам илүү техниктэй өргөж чадаад байн уу?

-Хүндийн өргөлтийн спортод бярнаас илүү техник чухал. Энэ их баяртай хүүхэд учраас хүндийн өргөлтөөр хичээлүүлье гэсэн юм байхгүй. Өргөлтийн техникүүдийг маш сайн сурч байж өөрийгөө бэртээхгүйгээр хүнд зүйлийг өргөж чадна. Би арванхоёрдугаар сард 85 кг өргөж байсан. Сая таван кг-аар ахиулсан болохоор хүмүүс ямар мундаг юм бэ гээд байгаа юм. Би арванхоёрдугаар сард ч 90 кг өргөх боломжтой байсан. Гэхдээ жаахан алдаа гаргаад алдчихсан. Бараг л өргөчихсөн байсан ч барьж чадаагүй алдсан. Тухайн үедээ 90 кг-ыг заавал түлхэнэ  гэж бодож байгаад сая санасандаа хүрлээ.

-Огцом өргөлтөөр ямархуу амжилт үзүүлж байна?

-Огцом өргөлтийн рекорд нь 60 кг байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард би 70 кг болгож шинэчилсэн. Сая улсын аваргаар огцом өргөлтөө жаахан муу хийсэн. 65 кг л өргөсөн. Уг нь 71 кг-ыг захиалсан ч алдчихсан. Гэхдээ дараагийн тэмцээн дээр би 71 кг өргөж, рекорд хийнэ ээ. Энэ удаад жаахан муу өргөчихлөө. Хэрвээ өргөж чадсан бол нийлбэр дүнгээр 160 гаруй кг-ыг өргөж болохоор байсан.

-Эхний оролтдоо 65 кг-ыг захиалчихаад, дараа нь шууд таван кг-аар нэмж болдог юм уу. Хүндийн өргөлтийн тамирчид чинь ганц хоёр кг-аар нэмээд байх шиг харагддаг шүү дээ?

-71 кг гэдэг чинь миний өргөж чадах жин байсан учраас захиалсан. Хааяа өмнөх өргөлтөөсөө 7-8 кг-аар нэмээд л орчихдог шүү дээ. Хэрвээ өргөж чадахаар байвал дараагийн өргөлтдөө хэчнээн кг-аар ч нэмж болно.

-Дараа дараачийн тэмцээний талаар яриач. Ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна?

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээр энэ жилийн тэмцээнүүд эхэлж байгаа юм. Ирэх гуравдугаар сард залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Би энэ жилээс өсвөрийн тэмцээнд оролцохоо больж байгаа шүү дээ. Нас хэтэрсэн. Тийм болохоор залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээндээ ороод явна. Залуучуудын аваргаар огцом өргөлтөөр өөрийнхөө амжилтыг шинэчлэхийг зорьж байна. 70-аас дээш кг-ыг өргөнө гээд хэлчихвэл өргөж чадахаа больчихдог юм болов уу, яадаг юм бол. Гэхдээ би хичээнэ ээ. Гуравдугаар сараас өмнө бэлтгэлээ сайн хийж чадвал 71-ээс дээшээ ч өргөж болно. Би долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ сайн хийвэл илүү амжилтад хүрэх боломж байгаа.

-Чиний хувьд 48 кг-ын жинд Монголдоо л босоо байгаа. Харин дэлхийн аваргаас медаль авах хэмжээнд өргөнө гэвэл хэдэн кг-ыг өргөж байж амжилтад хүрэх боломжтой юм бол?

-Хоёр өргөлтийн нийлбэр 170 болчихвол ямар нэг тэмцээнээс хүрэл медаль ч болов авах боломжтой болно. Одоо би өөрийнхөө үеийн хүүхэд, залуучуудтай өрсөлдөх юм бол Олон улсаас медаль авна гэж боддог. 80 хавьцаа огцомдоод, 100 кг түлхчихвэл тэгээд л ямар ч медаль авах боломж бий. Гэхдээ өргөх боломжтой, ойрхон сонсогдож байгаа ч гэсэн яг өргөхөд нэг хэл нэмэгдэхэд л хэцүү байдаг. Яг тэмцээний үед ганц хоёр хэл нэмэгдэхэд мэдрэгдэхгүй ч гэсэн ахих хугацаа нь удаан байдаг. Би 90 кг өргөдөг байлаа гэж бодоход түүнээсээ буурахгүй барих хугацаа хэрэгтэй болно. 90 кг-аа дандаа өргөдөг болъё гэвэл бэлтгэл сургуулиалтаа сайн хийх хэрэгтэй. Би сая нэг удаа ороод л 90 кг-ыг өргөчихөж байгаа байхгүй юу. Тэгвэл 90 кг-ын штангаа хэзээ ч өргөсөн өргөж чаддаг болчихвол цааш нь ахиулна шүү дээ. Гэхдээ энэ  жингээ барьдаг болохын тулд бэлтгэл сургуулилт хэрэгтэй л дээ.

-Тэмцээн дээр өргөх нэг өөр. Харин бэлтгэл дээр тамирчид тэмцээнээсээ хамаагүй илүүг өргөж байсан тохиолдол байдаг талаар ярьдаг. Чиний хувьд бэлтгэл дээр хамгийн дээд тал нь хэдэн кг өргөж байв?

-Би ерөнхийдөө л улсын аваргаар өргөсөн шигээ л өргөдөг. Сая түлхэлттэй өргөлтдөө өөрийнхөө хувьд сайн өргөсөн гэж бодоод байгаа. Харин огцом өргөлтдөө л жаахан муу орчихлоо. Үүнээс илүүг өргөж болохоор байсан юм.

-Олон улсын тэмцээнд оролцож, гадагшаа явж байв уу?

-Гадаад руу явж, олон улсын тэмцээнд оролцож байгаагүй. Харин Монголд өнгөрсөн жил “Тэмүүлэл” нэртэй олон улсын тэмцээн болсон. Тэр тэмцээнд оролцож жиндээ түрүүлсэн. Түүнээс өөрөөр гадагшаа явж тэмцээнд оролцоогүй л байна. Одоо надад тив, дэлхийн чанартай тэмцээнд оролцох боломж, бололцоо бүрэн бий. Хамгийн гол нь зардал мөнгөний асуудлаас болоод тэмцээнд явж чаддаггүй. Уг нь Олон улсын тэмцээний хуваарь гарчихсан байдаг. Би сайт руу нь ороод, 48 кг-ыг хардаг. Миний хувьд очиж оролцоод, медаль хүртчих боломжтой тэмцээнүүд байсан. Явдаг байж дээ гэж бодоод л өнгөрдөг. Энэ жилийн хувьд явах бодол их бий. Гэхдээ багш маань л аль тэмцээнд явахыг мэднэ. Дээрээс нь зардал мөнгөний асуудал шийдэгдэх үү, үгүй юу гээд асуудал их байна шүү дээ.

-Манай тамирчид аль нэг компанийн ивээн тэтгэлгээр гадагшаа тэмцээнд явах нь бий. Чамд тийм боломж байж болно шүү дээ?

-Уг нь тийм. Тамирчдыг дэмжээд л байгаа харагддаг. Харин намайг дэмждэг, тусалдаг газар гэж байхгүй. Аав, ээжээсээ л мөнгө аваад л тэмцээн, уралдаанд оролцдог. Би зүгээр суугаагүй ээ. Нэлээд хэдэн компани, аж ахуйн нэгжийн захиралуудтай уулзаж үзэж байсан. Дэмжиж, тусалъя гэдэг. Гэтэл яг тэмцээн уралдаанд явах дээрээ тулахад болохгүй байна, хямралтай байгаа болохоор боломж алга гээд дэмждэггүй. Олонх газар тэгдэг. Дээрээс нь манай хүндийн өргөлтийн спортыг дэмжих тал дээр муу. Чөлөөт, жүдогийн тамирчдыг бол сайн дэмжээд байх шиг байдаг. Гэхдээ сүүлийн үед арай гайгүй болоод байна. Сая М.Анхцэцэг эгч Олимпийн наадамд амжилттай оролцоод ирсэн. Түүний амжилтыг хараад дэмжиж болохоор юм байна гэж зарим нь харсан байх. Тэгээд хүндийн өргөлтийн тамирчдад хандах хандлага арай гайгүй л болоод байна.

-Токио-2020 Олимпийн наадмын цикл эхэллээ. Токиогийн олимпийн наадамд оролцох зорилготой байгаа байх?

-Ерөөсөө л миний зорилго Токиогийн Олимпийн наадамд оролцох. Тэгэхийн тулд өмнө нь олон тэмцээнд оролцож, эрх авах шаардлагатай болно. Тэр бүх тэмцээнд боломж л олдвол явна гэж төлөвлөж байгаа. Хүндийн өргөлтийн спортод дэлхийн аваргаас медаль авбал Олимпийн эрхээ шууд авдаг. Мөн Олимпийн эрх олгох тэмцээнүүд энд тэнд болно. Тэр тэмцээнүүдэд оролцож, эрхээ аваад, Токиогийн Олимпийн наадамд заавал оролцоно гэж бодож байгаа.

-Одоо бол чи нийлбэр дүнгээр 155 кг өргөж байна. Гэтэл дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд ядахдаа л 170-аас дээш, цаашлаад 200 руу дөхөж өргөх хэрэгтэй болох байх. Тэр амжилтад хүрэхэд юу дутаж байна?

-Надад бэлтгэл дутаад байгаа гэж хэлэхгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө хэмжээнд биеэ дайчлаад, өдөр болгон бэлтгэлээ хийж байгаа. Харин намайг ивээн тэтгээд, манай багийг харж хандах хүн л хэрэгтэй байна. Мөн уураг, витамины тал дээр дэмжиж өгөх хүн хэрэгтэй байгаа юм. Энэ бүхнийг шийдээд, олон тэмцээнд оролцвол амжилт өснө. Тэмцээнд оролцоно гэдэг, ялангуяа дэлхийн хэмжээний тамирчидтай өрсөлдөнө гэдэг чинь өөрийгөө улам зоригжуулж, эрч хүч авах талбар шүү дээ. Тийм учраас олон улсын тэмцээн болгонд л оролцмоор байна.

-Сүүлийн асуултыг өөрт чинь үлдээе?

-Танай сониноор дамжуулаад аав, ээждээ, багшдаа, хамт олондоо, надад үргэлж тусалж байдаг Багануур дүүргийн ах, эгч нар, төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль, “Аврагч” спорт хорооны бүх хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна. 

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.